Tuesday, October 30, 2012

ИХ ХҮРЭЭНИЙ 30 АЙМАГ БА ХОШУУДЫН ХАРИЛЦАА

Судлаач  П. Лхам
lkhamuna@yahoo.com

“Бурханы шашин аливаа соёлыг өөрчилж, мөн тэдгээр соёлоор өөрөө ч өөрчлөгдөж байдаг учраас бид Энэтхэгийн бурханы шашин, Хятадын бурханы шашин, Японы, Төвдийн, Монголын бурханы шашин гэж ярьдаг.”[1] Гэтэл Английн Христийн шашин, Францын Христийн шашин, эсвэл Германы, Америкийн Христийн шашин хэмээн томъёолдоггүй. Үндсэн хоёр том урсгалаар нь ялгахаас бус Исламын шашны хувьд мөн соёлын ялгааг тусгасан нэр томъёо хэрэглэдэггүй. Энэ нь бурханы шашин өөрийн хатуу тогтсон зохион байгуулалт, дэг журмыг тулгадаггүй харин тухайн соёлд тохирч өөрлөгдөж, өөрчилж байдаг гэж гэсэн үг юм. Тийм ч учраас XIX зууны II хагасаас XX зууны дунд хүртэл бурханы шашны судлалд идэвхитэй хэрэглэгдэж байсан “ламын шашин” буюу “ламайзм” (lamaism) хэмээх нэр томъёог хэрэглэхээс бид татгалздаг юм. Учир нь энэ нь Монголын бурханы шашин нь бурханы шашин биш гэсэн ойлголтыг тээж байдаг тул шүүмжлэлтэй хандах шаардлагатай юм.[2]
            Шинжлэх ухааны мэдлэг хүчтэй түрж эхэлсэн 19 дүгээр зууны сүүл, 20 зууны эхэн үеэр дэлхий нийтээрээ шашны байгуулалт, үйл ажиллагаа, зарим үзэл номлолд шүүмжлэлтэй хандаж эхэлснээр дэлхийн шашнууд орчин үеийн шинэ нөхцөлд дасан зохицсон шинэчлэлтүүдийг хийж эхэлсэн. Жишээлбэл Мэйжийн (Meiji) хувьсгалаар гарч ирсэн шинэ засгийн газар бурханы шашнаас илүү язгуурын Шинто шашны дэмжих бодлого барьснаар Японы бурханы шашны сүм хийдийнхэн шахалтанд орж гарц, арга зам хайхаар Өрнийн Кэмбриж (Cambridge), Оксфорд (Oxford), Хумболдт (Humboldt) зэрэг их сургуулиудад очиж суралцан хэрхэн Христийн сүм хийд орчин үед шинэчлэгдэн өөрчлөгдсөнийг судалсан байдаг.[3] Үүний үр дүнд бурханы шашны сүм хийд байгууллагууд нь иргэний нийгэмд хандсан тэр дундаа боловсролын салбарт томоохон хувь нэмрээ оруулах зэрэг шийдлүүдэд хүрсэн ба өнөөдөр Отани, Буккео (Otani, Bukkyo) зэрэг бурханы шашны сүм хийдийн байгуулсан их сургууль, томоохон судалгааны хүрээлэнгүүд ажиллаж байна. Социалист орчин үежилтийн замаар замнасан орнуудад энэхүү шинэ нөхцөлд дасан зохицох хариулт нь шашныг нийгмээс бүрмөсөн алга болгох гэсэн эрс арга замаар явагдсан. Уламжлал тасарч, хориотой дарагдмал байсан нөхцлөөс өнөөдөр дахин сэргэж буй энэ үед бид Монголын бурханы шашны хөгжил, Монголын нийгэмд хэрхэн ажиллаж, ямар зохион байгуулалт, соёлыг бий болгосон цаашид ямар байр суурьтай байх, ямар шинэчлэлтийг хийх шаардлагатай байгааг олон талаас нь маш нарийвчлан судлах шаардлагатай байгаа билээ.  
Сүүлийн жилүүдэд Монголд хөгжиж буй нийгэм-соёлын хүн судлалд шашны хүн судлал хэмээх салбар ухаан байдаг. Энэ ухаан нь аливаа ард түмэн, соёл хэрхэн зохион байгуулалтанд орж ямар бүтэц, хэлхээ холбоо үүсгэж, тэдгээр нь хэрхэн өвлөгдөн дамжиж, оршин тогтнодогийг судалдаг.[4] Илүү соёлын дотоод, далд бүтэц, зохион байгуулалт, утга санаанд анхаарал хандуулдагаараа нийгмийн бусад шинжлэх ухаануудаас ялгаатай. Энэхүү нийгэм соёлын хүн судлалын үүднээс Монголын бурханы шашныг судлахад эш онолоос илүүтэй тэдгээр нь жирийн олонд хэрхэн яаж үйлчилж тусдаг, ямар зохион байгуулалт, дэг журмыг бий болгодгийг тодруулахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл судар ном, эш онолоос илүүтэй зан үйл, зохион байгуулалтыг нь судалдаг. Бурханы шашны хөгжлийн эхэн үеэс л хүн бүр хувраг байх боломжгүй ба тэд ямагт цөөнх байхыг хүлээн зөвшөөрч, гэргийтэн, жирийн сүсэгтнүүд хэрхэн бурханы шашинтны арга замаар амьдрах тухай зэрэгцүүлэн номлосон байдаг. Тиймээс энэхүү зан үйл, зохион байгуулалт, дэг журмаараа бурханы шашны соёлууд ялгардаг байна. Өнөөдөр Монголын бурханы шашин Төвдийнхөөс юугаараа ялгаатай тухай асуултанд хариулахдаа ихэнхи судлаач, эрдэмтэн хувраг нар мөн л зан үйлээрээ ялгаатай гэдгийг гол үндэс болгож хэлж, ярьж буй билээ.
Энэхүү илтгэлд Монголын нийгэмд бурханы шашны ямар зохион байгуулалтыг бий болгож, хэрхэн ажиллаж, олон түмний дунд ямар дэг журам бий болгож байсан гэсэн асуудлын хүрээнд Их хүрээний 30 аймгийн зохион байгуулалтын онцлог шинж чанарын тухай авч үзэх юм. Их хүрээний 30 аймгийн үүсэл, эв, товхантай хошуудын талаар судлаач эрдэмтэд нэлээдгүй судалсан. Ялангуяа 30 аймаг, тэдгээрийн товхан, эвтэй отог, хошуудын талаар Ө. Сэрээтэр нарийвчлан судалж тодруулсан.[5] Их хүрээ нь Монголын нүүдлийн нийгэмд сүүлийн 300 жил тогтвортой оршиж байсан цорын ганц томоохон суурьшил гэдгээрээ онцлог. Эрт, дундад үеийн нүүдэлчин Монголчууд олон хот үүсгэн байгуулсан боловч улс төр хүч, газар нутаг бэлчээрийн харилцааны өөрчлөлтөөс шалтгаалан хаягдаж устаж ирсэн. Гэтэл Их хүрээ 300 гаруй жил  тогтвортой оршин тогтнож чадсан ба тэнд суурьшил, зохион байгуулалт үүссэн түүх нь энэхүү 30 аймгийн зохион байгуулалттай салшгүй холбоотой гэж үзэж болохоор байна.
Чин гүрний Халх Монголд тогтоосон засаг захиргааны зохион байгуулалт нь эзэн харьяатын ёсны дагуу Чингисийн алтан ургийн ноёд угсаа залгамжлан хамжлага, сум ардыг харьяалан захирах зарчим дээр суурилж байсан. Хошууны засаг ноёдын угсаа залгамжлалыг Гадаад Монголын төрийг засах явдлын яам буюу Манжийн хаан шийддэг. Өөрөөр хэлбэл хошууд тус бүрдээ шууд дээд байгууллагад захирагдаж байв. Энэ тогтолцоо нийт хошуудын хоорондын харилцааг хязгаарлаж байсан ба Халх Монголчууд хошуугаараа овоглож, харьяаллаа бий болгодог болсон байсан. Энэ нөхцөлд хошууд ба бүс нутгийн хоорондын харилцааг хангахад бурханы шашны сүм хийд, хутагт хувилгаадын үйл ажиллагаа, Их хүрээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Хошууд, бүс нутаг, Их хүрээний сүм хийдүүдийн хурал ном, зан үйлийн үйл ажиллагаа сүсэгтэн олны эргэл мөргөл, даншиг наадам зэрэг нь XVII-XX зууны эхэн үеийн Монголын соёлын нийтлэг, ижилсэл бий болоход чухал нөхцөл болсон.
            Хошуудын “хошуу нийгэм” хэмээн нэрлэгдэх хүртлээ хөгжсөн энэхүү тогтолцоо нь Их хүрээний дотоод зохион байгуулалтад тусгалаа олжээ. Их хүрээнд суурьшигчид тэнд ирсэн хойноо биш харин  аль хошуунаас ирснээрээ зохион байгуулалтанд орж байсан байна. Өөрөөр хэлбэл Их хүрээнд ирэхээс өмнөх хошуудын харьяалал нь Их хүрээнд зохион байгуулагдах үндэс болж байсан нь нэн сонирхолтой юм. Тухайн хот, суурьшлаас гаднах харьяалал нь зөөгдөн ирж үйлчилж байсан гэсэн үг бөгөөд нөгөө талаар хошуудын төлөөлөл Их хүрээний дотоод зохион байгуулалтан дотор оршиж байсан байна.                
Энэ зохион байгуулалт нь юуны өмнө “өглөгийн эзэн”, “тахилын орон” хэмээх Монголын бурханы шашны ойлголт, харилцааг илэрхийлсэн гэж үзэх боломжтой. Их хүрээнийн оршин суугчдын дийлэнхи нь бурханы шашны лам хувраг нар тул тэдэнд өгөх өглөг, хандивын эзэд нь тухайн хэсэг хошууныхан болж үүний нөгөө талд хошуудаас Их хүрээний дацан, хийдэд шавилан сууж суралцагчид тогтсон харилцаатай нэг нутаг усныхан дундаа ирэх боломжтой байжээ. Их хүрээнд буюу шинэ газар шавилан суухаар ирж буй боловч аль хэдийн нэг нутаг усныхан нэг дор цугларсан эрсдэлгүй орчин хүлээж байдаг гэсэн үг юм. Өнөөдөр сумдаас олон олон залуучууд хотод орж ирж суурьшихдаа танил биш, “харь” өөр соёлын өөрчлөлтөнд орж дасан зохицтолоо олон шилжилт, өөрчлөлтийг хийж ихээхэн бэрхшээлийг даван туулдаг. 30 аймаг нь энэ мэт эрсдэл, танил бус орчны ялгааг харьцангуй багасгасан зохион байгуулалт байсан байна.     
Ө. Сэрээтэр “хөдөө нутагт хийд хүрээ элбэгшээгүй байсан дээр үед хаа нэг газрын жижиг хийд сүмийг олж хөвүүн, дүү нараа лам болгох гэдэг тийм ч амар завшаан байсангүй. Тэр тусмаа хутагт богдын Их хүрээнд шавилан суух байнгын эрхийг олох гэдэг үнэхээр эрхэм чухаг зүйлийн нэг байжээ” хэмээн хошуудаас их хүрээний дацан хийдүүдэд шавилах сонирхол их байсан нь хошуудаас аймгуудтай харилцаа тогтоохын эхлэл болсон гэж үзсэн. 
Их хүрээний 30 аймаг үүсэн байгуулагдсан түүхийг үндсэн 3 үед хуваан авч үзэж болох юм.
1.      1651-1654 он.
Өндөр гэгээний намтарт өгүүлснээр “1651 онд Сангийн, Зоогойн, Жасын, Дархан эмчийн, Андуу нарын, Хүүхэн ноёны, Өрлөгүүдийн хэмээх тогтмол хурал мөргөлийн 7 хэсгийг байгуулж “Долоон аймаг” хэмээн нэрлэсэн байх бөгөөд 2 жилийн дараа 1654 онд “Цогчин” хэмээх нэгдсэн төв хурлын газрыг байгуулснаар хүрээний анхны цогцолбор бий болжээ”[7]. Өндөр гэгээний үед нийтдээ 14 аймаг байгуулагдсан ба тэднийг “анхны долоо”, “сүүлийн долоо” хэмээн нэрлэдэг байсан байна. Хожим анхны долоон аймгийг бусдаас нь ялгаж аймгийн гол дуганы бүрээс дээвэр, туурга хоёрын завсарт хөх даавуу шамба-цацаг хүндэтгэл болгон оёдог байснаас “Долоон хөх шамбат” гэж нэрлэгддэг ч байсан байна. Шүтээний, Жадарын, Цэцэнтойны, Эрхэмтойны, Бандидын, Баргын, Дугарын долоон аймаг нь “сүүлийн долоо”-н аймаг юм.
Зах зээл, худалдаа зэрэг нь ялгаран хөгжөөгүй байснаас сүрэг малтайгаа хамт хүрээлж байсан тул олон удаа нутаг бууц сэлгэж нүүдлийн хэлбэрээр оршин байсаар 1720-иод оны үеэс тогтвортой суурьшил бий болсон байна. Бизъяагийн аймгийн цорж Лувсандондовын зохиосон Өндөр гэгээний намтарт анхны аймгууд байгуулагдсан тухай “Өндөр гэгээний шавдан бат байлгахын тухайд Түвдээс гүрэм заслын ном буулгасны дагуу Алтан гэрэл судрыг маш олон уншуулсан аж. Тэр үед гэгээний гүрэм заслын зүйлийг гэгээний сангаас гаргаж байсан бөгөөд тэр санг хариуцагч албат лам нарыг Сангай аймаг хэмээн нэрлэх болжээ. Мөн идээ хоол зоогоор гэгээнтний лагшин биеийг засаж тордож байсан лам нарыг Зоогой аймаг...мөн дархан эмч Лувсанноровын шавь нар гэгээнтнийг сувилж байсан бөгөөд тэдгээр лам нарыг Дархан эмчийн аймаг гэж нэрлэжээ. ...Түвдийн Бэрэйвэн хийдийг байгуулсан Жамъян цорж нь Бэрэйвэн хийдийг байгуулаад долоон дацантай болгосон адилаар Өндөр гэгээн нь Жамъян цоржийн тэр журамтай нийцүүлж, Сангай, Зоогой, Ноёны, Дархан эмч, Өрлүүд, Амдуу нар, Жасын гэсэн долоон аймгийг байгуулсан гэдэг.[8] хэмээн тэмдэглэсэн. Жамъяан цорж нь Өндөр гэгээний дээд үеийн нэг дүр учраас түүний залгамжлагч хувилгаан дүр болохын хувьд Өндөр гэгээн урд дүрийнхээ журмын дагуу 7 аймаг байгуулсан гэж үздэг санал бас бий.
Эдгээр анхны аймгууд нь хүрээ хийд барьж байгуулах, бурхан урлал хийх, тэдгээрийн хэрэглэл зүйлсийг хангахтай холбогдон байгуулагдсан нь дундад эртний Европын хотууд төмөрчин, модчин гэх зэрэг төрөл бүрийн гар урчуудын холбоо нэгдлүүд дээр суурилан хөгжсөнтэй ижил төстэй юм.  
Хожмын аймгуудын үүслийн талаар тодорхой баримт үгүй боловч зарим түүх сурвалжид тэмдэглэгдсэн аман түүхүүд сонирхолтой мэдээтэй байдаг. Тухайлбал Бандидын аймаг нь Өндөр гэгээний зам тогооч Энэтхэгийн Азар (Acharya) бандида-аас үүссэн, Шүтээний аймагт “Далай ээжийнх” гэдэг тусгай модон гэр өргөөтэй байсан бөгөөд энд Өндөр гэгээний хүүхэд ахуй цагийнх нь түүх дурсгалын зүйлүүдийг хадгалж байсан[9], Далай ээж гэдэг нь Өндөр гэгээнийг хөхүүлж өсгөсөн эмэгтэйн өргөмж нэр[10] зэрэг мэдээнүүд тэмдэглэгдсэн. Мөн Өндөр гэгээний үед амьдарч байсан нэгэн уран үйлчин эмэгтэйг “хүүхэн ноён” өргөмжилж түүний нэрээр аймаг байгуулагдсан тухай түүх байна. Их хүрээний Их Майдар эргэх ёслолд “хүүхэн ноёны цордон” хэмээгддэг 1 метр урттай хос зэс бүрээг хоёр хүн дамнаж явдаг нь хүүхэн ноёны бүтээсэн анхны хэлбэрийг нь хадгалсан хүндэтгэл байсан гэж үздэг байна.[11] Мөн түүнчлэн Дугарын аймгийн дугар нь Дүг-гар “Цагаан шүхэрт” Сэдэд шүтээнтэй байсан байж болох юм гэж Д. Дамдинсүрэн үзсэн.
2.      II үе буюу 1730-1798 онуудад Эрхэм тойны, Мэргэн номын ханы, Вангийн, Номчийн, Мэргэн хамбын, Эрдэнэ хувилгааны, Жиддорын, Лам нарын, Бизъяагийн, Дугарын, Дүйнхорын зэрэг 12 аймаг байгуулагдсан.
3.      III үе нь: 1813-1903 оны хооронд Махамаягийн, Дондовлингийн, Тойсомлингийн, Намдоллингийн, Жамъяансүнгийн, Чойнхорлингийн, Дашдандарлингийн, Эх дагины зэрэг 8 аймаг нэмэгдэж бүгд 30 аймаг болсон.
Аймгууд тус бүр тэргүүн ширээний лам, 4-6 умзад, 2 човомбо, 3-4 гэсгүйтэй байсан ба зарим аймгууд нь бичээч, нярав, да лам нар 4-6 хүн байжээ.
Их хүрээний лам нарыг овог, аймаг, хошуу, эцгийн нэрээр нь биш аймгийн нэрээр нь тодотгон дууддаг байсан байна. Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн 1868 оны шүүлэг авсан дансан дээр дацангийн лам хуврагуудын нэрийн дээр харьяалах аймгийн нэрийг бичжээ. Мөн цанто хэмээх цанид, жүд дацангийн тэргүүний шавь нарын нэрсийн жагсаалтанд мөн аймгийн харьяаллыг нь дээр нь тавьсан байна. Эдгээр нь аймгийн харьяалал нь тухайн хуврагийн тухай олон зүйлийг хэлж чадах гол түлхүүр мэдээлэл болж байсныг харуулж байна.
1263 онд байгуулагдсан Английн анхны их сургуулиудын нэг Оксфордын их сургууль нь мөн их хүрээний 30 аймагтай адил зохион байгуулалттай байжээ. Өнөөдөр Оксфордын их сургууль нь нийтдээ 34 коллежээс бүрдэх бөгөөд эдгээр нь мөн аймагтай адил оюутны “биеийг” нь хамаардаг, харин Оксфордын их сургууль хэмээх тусдаа байгууллага нь эдгээр коллежуудын оюутнуудыг сургадаг байна. Оксфордынхон коллежууд оюутнуудын биеийг, их сургууль тархийг нь хамаардаг гэж ярилцдаг юм. Өөрөөр хэлбэл дацан ба аймгууд гэдэгтэй адил их сургууль ба коллежууд гэсэн зохион байгуулалт байсан нь өнөөдөр ч хүртэл хадгалагджээ. Эдгээр оюутны биеийг хамаардаг коллежууд нь аймгуудын адил нэмэн байгуулагдсаар байсан ба энэ нь тухайн коллежэд сурах оюутнуудын байр, хоолны зардлыг даах өглөгийн эзэн бий болсноор шинэ коллеж үүсдэг байжээ. Тиймээс өнөөдөр Оксфордод өглөгийн эзнийхээ нэрээр нэрлэгдсэн коллежууд нь олон байдаг. Оксфордын их сургуулийн үүсэл нь мөн л Христийн шашны сүм, сургуультай холбоотой байсан ба хөгжлийн явцад орчин цагийн шинжлэх ухааны их сургууль болж өргөжсөн ба өнөөдөр шашин судлалын дэлхийн томоохон төвүүдийн нэг болсон билээ. Үүнээс үзэхэд Их Хүрээний аймаг ба дацангийн зохион байгуулалт нь сургалтын нөхцлийг хангасан тогтолцоо байсан нь харагдаж буй бөгөөд ингэснээрээ Монголын бурханы шашны сургалт, зан үйлийн төв болж хөгжих нөхцөл бүрджээ.
Их хүрээний аймгийн зохион байгуулалт ба түүний үүрэг, ач холбогдлыг харуулах сонирхолтой баримтууд нь Их хүрээнд ёслон өнгөрүүлдэг байсан зан үйлүүдэд аймаг тус бүр тогтсон оролцоо, үүрэгтэй байсан тухай юм.
Шинэ, цагаан сараар Их хүрээний лам нар эхлээд аймаг тус бүр дээрээ цугларч “нар мандах үед дайриг (дайллага) өргөж ёслон шинэлцгээдэг байсан ба шинийн хоёронд Гандангийн гурван цанид “цагаалга” гэж цугларч ёслоод түүний дараа анги, зиндаа, арванаараа тус тус хэсэж”[14] тэмдэглэдэг байжээ. 
Хаврын тэргүүн сарын 14-нд Өндөр гэгээний таалал төгссөн өдөр Их Хүрээний цогчин хурлын Бат цагаан дуганд 3x2 хавтгай дөрвөлжин метр Өндөр гэгээний том торгон наамал дүр зургийг дэлгэж мөн 3x25, 3x50 хавтгай дөрвөлжин метр “Чимраа тахил” гэгч хоёр урт торгон наамал зургийг дэлгэж олны мөргөл, ихийн “Оройн ерөөлийг” хүрээний 30 аймаг, дацангууд нийлж өргөн дэлгэр хурдаг байжээ.
Мөн бүх аймгууд оролцдог нэгэн сонирхолтой зан үйл бол зүүн хүрээний гадуур эргэдэг “Их Майдар” ёслол юм. Дүг-шүхэр, Жанцан, Бадан, Тахил, Эрдэнэ зэрэг олон торгон чимэг хэрэгслийг олон том, жижиг тэрэгнүүд дээр байрлуулж бэлтгэхийг гучин аймаг тус бүрд хувиарлан хариуцуулдаг байжээ. “Майдарын том тэрэгний орой дээр гол шүхрүүдийг Андуунар, Сангай, Зоогой гэх мэт аймгууд хариуцдагаас гадна Дүг-Шүхэр чимэг маш олон байсан учир аймгуудад 1-4 буюу 5-8 шүхэр, чимэгнүүд тус тус оногддог байжээ. Аймгууд чимэгнүүдээ жижигхэн 4-н дугуйтай модон тэргэн дээр авч явдаг бөгөөд үүнд "чимэг тулгуулах" гэж шүхэр чимгэндээ хор халгүй зөвхөн модон тэрэгнүүдээ хүчтэй тулгаж мөргөлүүлдэг байжээ. Тийм учраас их хүрээний залуу лам нар өөрсдөө мөнгө төгрөгөө хуралдуулж энэхүү тэмцээн тулалдаанд зориулсан бөх бат хамгаалалт бүхий чимэгтэй тэрэгнүүдийг хоёр эгнэн урт оосроор чирч явахдаа өмнөө явсан нөгөө аймгуудын тэрэгнүүдтэй мөргөлдүүлэн тулгаж баяр хөөр болдог [15] байсан байна.
Тэнгэрийн тэтгэсний 29 (1740) онд II Богд Жибзундамба хутагтын лүндэнгээр Их хүрээний 24 аймгийг анх удаа Түвэд бичгийн нэг үсэг сийлсэн гуулин тэмдэгтэй болгож[16] шинэ аймаг нэмэгдэх бүрд, ижил бус үсгийн тэмдэг олгосоор иржээ. 
Монгол улсын үед аймгуудын нэрийг бичсэн тэмдгээр сольж, гадагш харилцах бичиг баримт, аймгийн жасуудын эд хөрөнгө, мал сүргийн данс өр авлагын бүртгэл зэрэгт дарж батламжилдаг болсон байна.
1917 онд Их хүрээний олон аймаг дацангуудын хурал номын ажлыг явуулахад эв товхан бүхий газрууд заавал туслаж байх тухай Богд хааны зарлиг гарснаар сайн дурын үндсэн дээр байсан харилцааг хууль ёсны болгосон нь сонирхолтой юм.




[1] Donald S. Lopez.Fr. Tibetan Buddhism, 2002, pp 22-32
[2] “Lamaism” and the Disappearance of Tibet, pp 19-46. In Constructing Tibetan Culture: Contemporary Perspectives. World Heritage Press, Inc. 1997.
[3] Shunzo Onoda, The Meiji Suppression of Buddhism and its Impact on the Spirit of Exploration and Academism of Buddhist Monks. 225-242.  In Images of Tibet in the 19th and 20th Centuries, Paris EFEO, 2008.
[4] Melford E. Spiro. Buddhism and Society: A Great Tradition and Its Burmese Vicissitudes, University of California Press, Berkeley, 1982. Pp 9-14.
[5] Ө. Сэрээтэр, Монголын Их Хүрээ, Гандан хийдийн түүхэн бүтэцийн товч (1651-1938), УБ. 1999.
[7] Ө. Сэрээтэр, Монголын Их Хүрээ, Гандан хийдийн түүхэн бүтэцийн товчоо, УБ, 1999 он, 9-р тал.
[8] П. Лхам, Ж. Ерөөлт, Монголын Бурханы шашны аман түүх, УБ, 2010, 88-р тал. 
[9] Д. Дамдинсүрэн, Их Хүрээний нэрт урчууд, УБ, 1995, 41-р тал
[10] Зава Дамдин, Сүмбүм 1 дүгээр боть, тал 30, Далай ээжийн жасын үүсэл.
[11] Д. Дамдинсүрэн, 40-р тал
[14] Д. Дамдинсүрэн, “Их Хүрээний нэрт урчууд”, УБ, 1995, 15 тал.
[15] Д. Дамдинсүрэн, 16 тал
[16] Ө. Сэрээтэр, 12 тал

Saturday, October 13, 2012

Зандан Зуугийн домог



Зандан зуугийн домог, эргэх хэмжээ, ач тус лугаа сэлт 

товчлон хураасан эрдэнэ эрих нэрт оршив

Шагимунийн өрш бэлгэ билгийн найрагийн илбэ хувилал тороор илт босч, тэнгэр сэлт амьтны дор жавхлантай яа үзүүлэгч чадагчийн эрхэт шагилагын эрхэнээ мөргөж бүрүн итгэл тэрхүү цөвийн цагийн амьтнаа нигүүлсэхүйн гэрлийг ялангуяа үлэмж сацруулсаны мөн чанар, илт адистидын цогц болон бадарсан үзэсгэлэн биет ямагт мөргөн тахин өргөн хүндлэх ёсыг товчийн төдий өгүүлсүгэй.түүнд энд тэнгэр сэлт хамаг амьтаны сацлалгүй удирдагч Шодхаданигийн хөвгүүн тэрхүү бус сайвээр одогсод номхотгон эс чадсан энэ орон дахь цөвийн цагийн номхотгогдхуун нугууддаа, их нигүүлсэхүйн хүчин өмгийг үлэмжид үүсгэж, замбутивийн орны төв, Магадагийн дээд хувилгаан биеийн зохиолыг үзүүлэн, бие зарлиг сэтгэлийн сэтгэшгүй элдэв хувилгаанаар бүх  төрөлхтөн нүгүүддээ илт өндөр хийгээд магад сайны мөрийг тодруулан зохиогоод, бодит биеийн номхотгогдхууныг төгсгөсний хойно ч үзсэн сонссон дурдсан хүрэлцсэн тоо томшгүй амьтанд нирваан хийгээд хамгийг мэдэгчийн хөрөнгийг үүсгэхийн тулд, сэтгэлийн шүтээн найман хувийн суварган хийгээд гэгээн язгуурын шарил ба зарлигийн шүтээн номын биеийн шарил билгийн чанад хүрсэн тэргүүтэн судрын аймаг хийгээд ялангуяат олон тогтоол тарни, биеийн шүтээн бодит биеэр адистидласан хийгээд зарлигаар зөвшөөн соёрхож байгуулсан бие хөрөг ба номын төвд ажирахуй ёсыг үзүүлсэн хойно ч төгс хувьтан нугууд бие зарлиг сэтгэлийн шүтээнийг байгуулах хийгээд түүнээ тахих тэргүүтнийг үйлдвээс л бодит биеийг өргөн хүндэлсэн лүгээ адил буяны чуулганыг хураах хэмээн вивингрид үзүүлэн зохиосны тулд эдүгээ бие зарлиг сэтгэлийн шүтээнийг байгуулахуун нугууд ч заяан хувь төгссөн номхотгогдхууны сэтгэлийг ялж төгс нгөчсөн адистидласан дор шүтэж болсон бүхийн тулд бэлгэ билиг номын биеийн үйл хэмээн магадлалыг олохуй их хэрэгт болой. тэндээс биеийн шүтээнийг байгуулсаны эн тэргүүн нь мөнхүү ялгуусаны гэгээн суугаа цагт Удияанагийн хаан үлшгүй үнэт биндэр эрдэнийн нэгэн хуягийг бэлэг илгээсний хариуд Бимбисара хаан бурхан багшид соёрхол өчиж, төвд бурханы гэгээн бие, дээр нь хичээн үйлдээд гаран үйлдтүгэй хэмээх тэргүүтэн шүлэг, доор нь шүтэн барилдахуйн эерэг сөрөг нүгүүдийг зарлигаас соёрхсоны ёсоор зурж илгээлээ хэмээн судраас номлосон нь зурмал биеийг байгуулсаны тэргүүн хийгээд ялж төгс нөгчсөн гучин гурваны тэнгэр нэрийн тахилын орон болоор ажирсан үед Удияана хаан бурхан багшийн биеийг урлан гоширша занданаар биеийн гэгээнийг байгуулсан зандан жовуу хэмээн алдаршсан нь шуумал биеийг байгуулсаны тэргүүн бөлгөө хэмээн олон дээдэс бээр номловой. энд учир дор хүрсэн зандан жовуугийн домог бурхан багшийн мэндэлсэн жил тэргүүтнээ энэтхэг хятад төвдийн олон мэргэдийн таалалын ёс адилгүй олон болсны эрхээр тэнгэрийн орноо өөд болсон жилийн тоо ч үл нийлэлдэх хийгээд төвд газар дахь винай эш ба ач хариулсан судар тэргүүтнээ энэ гэгээн биеийн хөргийг байгуулсан ёс товчийн төдий гарсан боловч хятадын домгоос гарсан нугууд түүнээс дэлгэрэнгүйхэн болоод уг ч сайн бүхүйн тулд түүний ёсоор номловоос бурхан багш гучин найман насандаа, урьд өөрийн эх Махамаяа замбутивээс егүүтгэж гучин гурваны тэнгэрт төрсөн түүний тусыг зохиохуй хийгээд бус бас гучин гурван дэхь төгс хувьтан тэнгэр нарыг даган барихын тулд тэнгэрийн орноо ажираад, тэнд гурван сар бэхжин суун, өөрийн эх хийгээд тэнгэрийн олон номхотгогдхууныг үнэнд зохиох тэргүүтэн тусыг зохиожээ. Тэр цагт Варанасийн хаан Удирана, бурхан багшийн гэгээнээ эс уулзаж үүр удсанаар мөрөөдөж, бодит бие лүгээ адил бие хөргийг байгуулсугай хэмээн сэтгээд, Модгалванид дуртгаснаар тэр ч гучин хоёр урдыг (урчийг) авч риди хувилгаанаар тэнгэрийн оронд одоод, бурхан багшийн бодит биеийг анхааран үзүүлвээс, Ялж төгс нөгчсөний хязгаалшгүй гэрэл цог жавхлангийн сүрээр урдууд, биеийн лагшинуудыг ямар бүхүй ёсоор сэтгэлдээ тогтоон эс чадсанд, бурхан багш мөрөн хөвөөнд өөд болж босоо оршсоны биеийн дүрс хөрөг усны дотор ургасныг гурвантаа анхааран үзэж сайн лагшины ялгалуудыг сэтгэлдээ тогтоосон ёсоор Гооширша занданаар биеийн гэгээнийг байгуулсан бөгөөд тэр цагт хувцадыг бээр усны хуниараар хөдөлсний дүрт агсанаа үлгэрлэж усан артайгаар бүтээжээ. Түүнийг ч бурханы адистидаар нэгэн өдөр бүтээгээд, Удияана хааны тахилын орон болгон оршуулав. Тэндээс бурхан багш жич хүний оронд өөд болж ирэх цагт, эрдэнийн гурван шат хувилгаад, баруунаа их Эсүрва алтан эшт цагаан шүхэр барьж, дүрстийн орны тэнгэр нар лүгээ сэлт ба, зүүнээ Хурмаст чандмань эшт цагаан ширвүүр барьж амармагийн орны тэнгэр нар лүгээ сэлт хийгээд дээрээс ариун орны язгуурт тэнгэрийн олон хөвгүүд, охид элдэв зүйл тахилын эдийг барьж тахин, өмнөөс дөрвөн Махаранзагийн язгуурт тэнгэр нар сайн үнэрт хүжсийг барин одомжилж, бурхан багш өөрөө дундад шатаар лагшин найргийн гэрэл машид бадарснаар нарны мандал мэт гилбэлэн туналан гийсээр зарим үед риди хувилгаанаар, зарим үед өлмийгөөрөө зэргээр өөд болж ирэв. Тэр цагт аягха тахимлигийн хуврагууд хийгээд хаан, түшмэл бярман ба гэрийн эзэн эр эмүүд өөр өөрийн ямарваа олдсон элдэв тахилын эдийг барьж угтсаны үед, энэхүү хөрөг бие огторгуйд дэгдэж зургаан алхам угтаад, мөнхүү бурхан лугаа уулзсан үед тэргүүнээ гурвантаа бөхийж амарыг асуухын дүр зохиожээ. Бурхан багш бээр энэ хөрөг биеийн оройд баруун мутараа сунган тавьж бодит бурхан дугаа адил хэмээн сайшаалыг зохион, би нирваан болсны хойно, мянган тоотон жил нөгчвөөс, дорно зүгийн Зинагийн орноо чи хү шашин амьтны тусын тулд одно хэмээн вивангрид үзүүлээд Удиряана хаанд сайн хэмээн зарлиг болж, хөрөг биеийн эн тэргүүнээ байгуулсан энэхүү миний лагшинд тус үйлдсэн бөгөөд хувь төгссөн олон ардын буяны дээд тариалан болсон ба бус бас цаглашгүй амьтны буяны үндэсийг үүсгэх шүтээн, хилэнц түйтгэрийг арилгах дээргүй арга, сайвээр одсоны хөрөг биеийг байгуулах журамыг шинэ гаргасан чам лугаа адил үгүй болой хэмээн зарлиг болсон хийгээд тэнгэрийн эрхэт Хурмаст бээр, “Аяа, их хаан аа, сайн сайн, баясан үйлдэгтүн, олзыг сайтар олов” хэмээн даган баясалцахуйгаар өрнүүлэн магтав. Тэндээс барьж нэг мянга хоёр зуун наян таван он хүртэл Энэтхэг орноо бүх төрөлхтөн нүгүүдийн дээд тахилын орон болн оршив. Тэндээс Чү Зий хэмээх Ли улст жаран найман жил оршжээ. Тэр үед Хятадын хан төрийг Тан улсын ялгал, Зин улс эзэлсний үе бөгөөд түүний Шицү хаан Пү шин Лияо Күн нэрт цэргийн ноёныг Энэтхэгт зарснаар Энэтхэгийн нэгэн хэдэн өчүүхэн улсыг эрхэндээ оруулаад, Жовугийн энэ хөрөг бие хийгээд бурхан багшийн үржих их шарил, Гүмүра шри бандид нугуудыг залж, харьж ирэхүй замд бандида зөн билиг хийгээд шидийн бэлгэ олныг үзүүлснээр цэргийн ноён нэн ихэд сүсэглэн зэргээр Сичүнд хүрч ирвээс урьд хаан нь нөгчөөд цаг их самуун болсон лугаа учирснаар бандидын заан сургасан ёсоор Лияанжуу хотод шүтээнүүдийг залав. Энэ цэргийн ноён Хятадын олон улс нугууддаа эрх орчуулжээ. Хойно Жо У Зингийн хөвгүүн Жо У Ен хаан, Жовугийн бие хийгээд үржих шарил, бандид лугаа хамтаарыг Цинжин хотод залаад Бухар хийдийг шинэ байгуулах ба ялгуусны сайн зарлигийг олон орчуулах хийгээд мянган тоотон хуврагийн номлох бүтээхийн хийдийг олон байгуулахуй тэргүүтэн шашинд өргөн хүндлэлийг ахуй ихэд өргөв. Тэр мэт энэхүү хөрөг биеийг их Тан улс тэргүүтний цагт Сичуан, Хунияан, Жиняан тэргүүтэн олон орноо хаадууд залж, хязгааргүй амьтны буян тариалан болгон тахин үйлджээ. Тэндээс Зорчид дайчины цагт эдүгээ дэхь Бээжин хэмээн алдаршсан их орд харшид залж, Мин Юн Ши хэмээх сүмд оршуулан ахуй их өргөн хүндлэл тахилыг үйлдсэн бөгөөд Дай ен дэх хойд хаад ноёд ч мөн орд харшийн дотор өөр өөрийн сүмд залж тахин үйлдэв. Тэндээс Дай ноён хэмээх их Монголын цагт Шин Эн Ши хэмээх сүмд тахиад,ялангуяа Сэцэн хааны цагт эдүгээдийн Цагаан суварга байгуулсан орон суурин үүнд их бухар хийд шинэ байгуулан хуврагийн аймгийг байгуулж мөн энэ шүтээнд дээргүй тахилыг үйлдэв. Монгол хойдох хаадууд хийгээд их Мин улсын цагт ч мөн энэхүү орд харш дахь сүм нүгүүдээ оршуулснаас ба бүрний их Чин улсын цагт, Энх Амгалангийн дөрөвдүгээр он, Манзүшири эзэн шинцү өршөөлт номын хаан, Шар хотын дотор дотоод орд харшийн ойр орноо умар этгээдэд Их Өршөөлт хэмээх сүмийг шинэ байгуулан энэхүү Жову эрдэнийг тэнд залж шүтээний эрхин болгон оршуулаад бидний Рибо Гэнданбагийн ёсыг баригч хуврагийн аймгийг цуглуулан, Жамлин хамба Санжаажалцан эмчийг лам болгон тушааж, шүтээнүүддээ элдэв эрдэнийн чимэг хийгээд сэтгэшгүй тахилын бодисоор тавиглан тахив. Хуврагийн аймагт үргэлжидийн өргөл хүндлэлийн залгамжлалыг тогтоох тэргүүтэн Чадагчийн шашинд дээргүй өргөл хүндлэлийг зохиолоо. Тэндээс эдүгээ дэхь энэ Манзүшири номын хаан хүртэл эцэг өвгийн сайн хүнд журамыг тэгшид нэмүүлэн зохиов. Тэр мэт бөгөөс буран багшийн мэндэлсэн жилд, дээр номлосон мэт Энэтхэг Түвдийн тааллын ёс адилгүй олон болвоос бээр энэ шүтээний домог, хятадын Бээжинд агснаас номлосон ёсоор болвоос, бурхан багш Жу улын цагт модон бар жилд мэндэлсэнээс тоолж эдүгээ дэх их Чин улсын Тэнгэрийг тэтгэсний гучин тавдугаар оны энэ төмөр барс жил, хоёр мянга долоон зуун ерэн долдугаар мөн бөгөөд энэхүү хөрөг биеийг бурхан багшийн гучин найман насны төмөр туулай жилд байгуулав хэмээн номложээ. Тэр мэт энэ хөрөг бие нь Гооширша занданаар бүтээсэн, оройн үснир илт үл үзэгдэх тэргүүтэн лагшин найргууд тодорхой, амьтадыг орчлонгоос удирдахыг бэлгэдэрүүн нүднээ өчүүхэн дээш харсан, баруун аврал өгөх мутараар хамаг бүх төрөлхтөнийг сансар нирвааны аюулаас аврах хийгээд зүүн дээдийг өгөх мутараар амьтан нугуудыг илт өндөр ба магад сайны амгаланд зохиохыг бэлгэдсэн, хоёр хөлөө тэгш байдлаар боссоноор амьтны тусад хэв хэзээгээр уйдах алжаахгүйг бэлгэдсэн, зүрхний тус морины хялгасны төдий илч үргэлжид буй аху хийгээд хөлийн ул лугаа дэвсгэрийн хоор завсар утас багтахын төдий завсартай нь бус ордууд ав адил  бие байгуулсугай хэмээн хэрхэж хичээвч биеийн байдлыг ямар ёсоор авах бэрх тэргүүтэн олон ялангуяа лугаа төгссөн бөгөөд дээд богд лам нар, хаан, түшмэл, өглөгийн эзэд, сүсэгтэн илт мөргөхүй үед биеэс гэрэл гарах тэргүүтэн үзэгдэл болсон хийгээд хатуу өвчин зовлонгоор хөнөөгдөгсөд гагц сэтгэлээр залбирваас үзэгдэл ба зүүдэнд бодит биеийн гэгээнийг үзүүлж амуулан зохиосон тэргүүтэн бие ихийн эрдэм сэтгэшгүй нь эдүгээ хүртэл ч бүгд адил бүтсэн тийм болой. Тэр мэт Ялгуусан өөрөө хү илт адистидлаад вивангрид өгсөн энэ дээд шүтээнийг үзэх, сонсохын төдийхний хувьтан ард ч эрт хураасан хэтэрхий болсон бян төгссөн л бөгөөс нэгэн үзүүрт  сүсэг бишрэлээр мөргөн тахин өргөн хүндлэгчийг дахь юун өгүүлэх. Тиймийн тулд мөнхүү Ялгуусан лугаа ялгалгүй энэ мэт дээд биед уулзахыг олохуйяа машид олохуй яа бэрх хэмээн мэдэн үйлдэж, өөрийг сайжруулахыг хүсэгчид нэгэн үзүүрт сүсэг бишрэлийг илт болгож, юу олдсон тахилыг өргөх хийгээд биеэр мөргөл эргэл үйлдэх ба хэлээр магтан залбирах тэргүүтэнд чадал хэдүй буйгаар хичээгдэх бөгөөд түүнийг ч магад гарахуй хийгээд бодь сэтгэлээр эзлүүлэх ба машид ариун ерөөлөөр жолоодоход хичээх хэрэгт болой. Бас эргэх тоонд мөнхүү биеийн гэгээнээ хэмжсэн эргэлийн хэмжээ нь дотуур эргэвээс хоёр мянган найман зуун далаад, суварган лугаа хамт эргэвээс хоёр мянган дөрвөн зуун наяад, хойд сүм лүгээ хэмт гадуур эргэвээс нэгэн мянган таван зуун гучаад эргэвээс бумти эргэл илүү лүгээ сэлт бүрдэх амуй. Тэр мэт мөргөх тахих эргэх тэргүүтнийг үйлдсний ач тус нь” Богдсын ном цагаан лянхуа”-гаас: “Түүнчлэн ирсэн нүгүүдийн шарил ба шавар бие хийгээд суварга нугууддаа ба дэх хэрмийн хажууд зурсан хийгээд тоосон цогцолсон суварганаа, тэдэнд цэцэг, хүжсийг өргөн залбирваас ба түүнээ хэн маш яруу жандиү хийгээд лавай, их хэнгэрэг хөг дууныг үйлдүүлэгчин ба маш дээд бодичидыг тахихын тулд хэн нэгэн хэнгэрэгийг сайтар дэлдээд, биба өчүүхэн цан, их хүрэл хэнгэрэг, хосмолжин хэнгэрэг нэгэн чавхадаст ба сэтгэлд зохист бишгүүр, үүр энд машид яруу дуун гаргагчин тэдгээр бүгд бодь хутгийг олох болно хэмээн номлосон бөгөөд ялангуяа эргэн үйлдсний ач тус нь “Хутагт Нүдээр үзэгчийн судар”-аас: “Хамаг амьтанд туслахын тулд бодичид сэтгэлийг үүсгэж ертөнцийн итгэлийн суваргыг хэн зэ эргэн үйлдэгчин хамаг төрөл тутам нугууддаа бодь явдалаар явах цагт дурдахуй төгсөөд оюун төгсөн буян төгсөөд аюулгүй болно. Суварганыг эргэн үйлдвээс л хамаг төрөл тутамд тэнгэр, лус, ягша хийгээд рагшаа нугууддаа тахигдах болъюу. Миний алимад үзүүлсэн найман чөлөөгүй тэднийг тэвчээд ямагт чөлөөт болон Маш үзэсгэлэн ээ, ирсэн бурхадыг баясган үйлдэюү. Өнгө төгөлдөр дүрс хотол төгсөөд лагшинаар сайтар чимсэн ба хүчин аугаа төгс болоод тэр залихайт үл болмой. Тэрхүү баялаг их эд таваарт болон буян төгсөөд чадагдахгүй ертөнцийн зулыг баясгаж бас бас тавиглан тахина. Би үгүй хоосны ном сонсовоос тэр мунхарахуй үл болон түргэнээ сүсгийг олоод номын утга ямар ёсоор хү мэргэн болюу. Сартвахийн гэр хийгээд дэлгэр баялаг нугууддаа төрөөд баатар өглөгийн эзэн болон өглөгч болоод харамгүй болно. Замбутивд алимадаар бүх ялангуяат үзэсгэлэн язгуур хэмээн үзүүлсэн түүнээ төрөх бөгөөд доордос нугуудыг машид тэвчмүй. Суварганыг эргэн үйлдвээс л хамаг төрөл бүхэнд бээр их эрхтэй еэ алдаршсан гэрийн эзэн хийгээд цог сүр жавхлан төгөлдөр болюу. Их сала модон мэт бярман хийгээд шагшаабад төгсөн олон сонсохуй ба их Сала мэт хан язгуур хийгээд баялаг их эд агуурст болно. Уулаар хүрээлсэн далайгаас нааших дэлхий бүхэнд аль хүссэн дөрвөн тивийн эрхэт эзэн, ном төгссөн хаан болно. Долоон эрдэнэ төгөлдөр их риди хувилгаант Загарварди хаан болоод ханы төрд оршиж бас бас хү бурхадыг тавиглан тахин үйлдэюү. Эндээс үхэн егүүтгэж өндөр язгуур дор одоод бурханы шашинд сүслэн сүмирийн үзүүрийн эрхэт тэнгэрийн эрхэт Хурмаст болюу. Тэнгэрийн эрхэт Сү Яам хийгээд түүнчлэн Түшида ба тэнгэрийн эрхэт Су Ирманарат хийгээд аюулгүй Вашаварда болно. Суварганыг эргэн үйлдвээс л тэрхүү Эсүрваагийн ертөнцөд мэргэн Эсүрвагийн эрхэт болоод голти тэнгэр нарт тахигдаюу. Ертөнцийн итгэлийн суварганыг алимад эргэн үйлдэгч хүний сайшаалыг голти галавт ч өгүүлж үл дуусна. хэн нэгэн бодичид сэтгэл үүсгэж бурхан багшийн ссуварганд мөргөгч тэрхүү голти галав боловч хэзээ бээр сохор доголон үл болюу. Ертөнцийн итгэлийн суварганыг илт эргэн үйлдэгчид рисиар мэт хөхөвтөр үзэсгэлэнт маш арилсан нүдийг олно. Суваргыг эргэн үйлдвээс л тэрхүү магад насад бээр зохилдох тус бүхнийг олоод тус бусдыг тэвчих болно. Суварганыг эргэн үйлдвээс л хүчин аугаатөгөлдөр болоод тэрхүү залихайгүй болон насад сэрэмжит болно. Суварганыг эргэн үйлдвээс л чин хичээнгүйт бэх хүчит, бат болоод машид дарахуй бат ба тэрхүү түргэнээ мэргэн болно. Тэр хэзээ бээр гал хор хийгээд машид үхэх үл болоод заяаны насаан бүрнээ төгсгөж мэдсээр цагтаа үхнэ. Суварганыг эргэн үйлдвээс л орд храшийн орчин хийгээд орон хүрээн ба балгад нугуудад эд агуурс хийгээд дүрсээр ялангуяа үлэмж болюу. Бодь явдлаар явах цагт тэрхүү хүслийг үл шүтэн биеэр арилаад ариун хувцаст болж ариун номд орших болюу” хэмээн номлосоны тулд түүнчлэн ирсний зарлиг омтогоогүйд итгэмжлэх хатуу хүчит сүсгээр эргэвээс л тэдгээр ач тус магад болох бөгөөд эргэх тарни нь “Ум наму вага вади, радна гэдүраза, арахади самнег сам будда яа, дадяата, ум раднэ, раднэ, маха раднэ, радна визияа суухаа”, эсвэл “Наму даса дигдри гала сарва радна дараяа яа, намаа, врадагша сувра дагша, сарва бавам ви шодхани суухаа” хэмээх хоёрын аль нэгнийг уншсаараа эргэвээс ихэд үржих хэмээн номложээ. Тэр бус боловч Агшобийн тогтоол хийгээд мани тэргүүтэн өөрийн алимад ядам бурханы тарни ба дахь залбирал тэргүүтнийг өгүүлж эргэвээс судараас номлосон тэдгээр ач тус хийгээд ахуй үед бээр өвчин ад тэргүүтэн их аюул нугуудаас тонилох ба язгуур үндэс нас буян цог учрал эш онолын эрдэм дэлгэрэх хийгээд муу үйлийн хилэнц түйтгэр арилсны бат бэлгэ болох тэргүүтэн хязгааргүй ач тус бүгдийн илт бүтсэний тулд бэрх үгүй еэ чөлөөт шүтээнд зүрхнийг авах ялангуяат арга тэр мэтэд хичээн үйлдэх хэрэгт болой. Тэр мэт бодит ялгуусан лугаа ялгалгүй хөрөг бие үзсэн сонссон дурдсан хүрэлцсэн амьтан бүгдэд энэ хойдын хамаг сайн жаргаланг сэтгэлийн ёсоор соёрхогч адистидын их цогцыг Зандан жову хэмээн алдаршсан шүтээний домог, эргэхүй хэмжээ, ач тус лугаа хамт товчлон хураасан эрдэнэ эрих нэрт үүнийг бээр судар тарни огоот бүрдсэн шашиныг гийгүүлэгч их шарзэ хамба номын хан Агваанцүлтим дуртгаснаар хэрэгт болгохын тулд ордыг бидэгч аймаг савыг баригч Жанжаа Лалидабазар зохиосны бичээч нь ухааны орны далайн эрихийг барихуй шинжлэл төгөлдөр гүүш Агваандампил бичсэн сайн буян болтугай. Зандан жовугийн цадиг эргэх хэмжээ, ач тусыг товчлон хураасан эрдэнийн эрих хэмээгдэхийн хэв үүнийг харчин ину дагдан ага бээр хагацалгүй сүсгээр шалтгаан барилдлагаар хэвд бүтээсэн буянаар тус амгалан гарахын орон ялгуусан шашин тэлэн дэлгэрээд өнөд орших болтугай. 

                            Сайн өлзий. Мангалам                             
                           

Friday, September 28, 2012

Монголын бурханы шашны номын мэргэд


Их Хүрээний цорж Занын Агваанбалдан

Монголын бурханы шашны номын олон мэргэдийн нэгэн болох Занын Агваанбалдан нь XIII жарны 51-р жил болох гал хонин жил (1797)-ийн өвлийн тэргүүн сарын 24-ний өдрийн үдийн хойно ард Занын хүү болон мэндэлжээ. Төрсөн нутаг нь Халхын Сэцэн хан аймгийн Хардал засгийн (Бишрэлт засаг) нутаг бөгөөд эдүгээгийн Монгол улсын Хэнтий аймгийн Галшар сум билээ. Эцэг Зана нь төрөлхөөс сэтгэл зөөлөн, сүсэг ихтэй, Их Хүрээний уншлага магтаалын номыг бүрэн цээжээр мэддэг, мөргөл хийж, мандал өргөдөг бөгөөд “Жамбалцанжид”, “Гурван гүрэм” “Маналын хураангуй уншлага”, “Сайн явдлын ерөөл” зэргийг үргэлж уншиж явдаг, хожим жаран насны босго давсан үедээ тойн болж, сахил хүртсэн гэдэг. Эх Сэвжид нь шударга аядуу зантай, сүсэг бишрэл ихтэй, Банчэн Балдан-Иш лам болон Жанжаа Ролбийдорж ламаас мутрын адис хүртэж, номын барилдлага тогтоосон бөгөөд “Очироор огтлогч” судар, таван ерөөлийн уншлага зэргийг үргэлж уншдаг байжээ. Мөн үдшийн мөргөлийн хамтаар “Жившиг” хэмээх наминчлалын номыг тасралтгүй уншдаг байжээ. Хожим тэрбээр нүд нь юм харахаа больсон үед ч “Очироор огтлогч” судрын ихэнх үгийг цээжээр уншиж байсан гэдэг. Мөн эцэг Зана нь жил бүрийн зулын хорин тавны дүйчин өдөр хийд сүмд очиж, бурханд зул өргөх, эргэл мөргөл хийдэг бөгөөд хүнтэй ярьж хөөрөхдөө элгэмсэг найрсуу, аливаа хэрэгт уужим тэнүүн сэтгэлээр ханддаг нэгэн байжээ. Агваанбалдангийн авга ах Гончиг равжамба хэмээх хүн урьд Түвдийн Брайбүн хийдийн Гоман дацанд сууж байсан бөгөөд тухайн үедээ ухаан сайтай, хичээл сургуульд шамдалтай нэгэн хэмээн алдаршиж байсан түүний хойд дүр хэмээн Агваанбалданг нутгийн хүмүүс үздэг байжээ. Энэ тухайд өөрөө хэлэхдээ “Намайг тэр авгын сүнс эргэж ирсэн гэж хэлдэг байсан боловч тэгэж хэлэхийн үндэс шалтгаан нь үнэмшил муутай, худал юм шиг санагддаг. Би тэр хүний хойд төрөл байлаа гээд надад нэг их хэрэг ач ч байхгүй. Манай тэр авга ухаан сайтай, хичээл сургуульд шамдалтай хүн байсан гэснээс цааш нэг их онцгой чадвартай хүн байсан гэж сонсдоогүй” хэмээдэг байжээ. Зургаа, долоон насны үед эцэг Зана нь үсэг бичиг зааж өгсөн бөгөөд найман нас хүрсэн жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Итгэл одуулахуй” хэмээх номыг анх цээжилж эхэлжээ. Тэр үед юмуу хожимхон юмуу нэгэн шөнө “Сар гарлаа хэмээн бодож зүүн зүг харваас тэр зүгт, тэнгэрт, Бурхан багш Шагимүни, Авид бурхантай адилавтар дүр бүхий хоёр гурван бурхан огторгуйд зурсан мэт үзэгдэв” хэмээн нэгэн сайхан зүүд зүүдэлсэн ажээ. Энэ тухайгаа хожим тэрээр ярихдаа “Зүүдний элдэв эндүү андуу зүйл байсан биз ээ. Зүүдэндээ бурхан харна гэж юу байхав дээ” хэмээн хэлж байв. Арван хоёр нас хүрсэн үедээ Түвдийн Брайбүн хийдийн Гоман дацанд таван ботийг гүйцэд судалсан их гэвш равжамба Галсандондов хэмээх лам Модон гэдэг газар хайланд хурж байхад нь хүрч очин тэр ламаас гэнин сахил хүртжээ. Тийн сахил хүртэх үед сахилын номын үгсийг даган хэлэх, өглөөний нар мандах, хайлангийн хурлын уриа Ганди цохих гурав зэрэгцсэн учир бэлэгшээж, эцэг эхээс хайрласан Ванпил хэмээх нэрийг нь сольж, Балдан-ням хэмээн шинэ нэр өгчээ. Тэр багшийнхаа дэргэд хэдэн өдөр байж ном судар уншиж заалгав. Арван гурван нас хүрсэн жил, Ажаа гэгээн Лувсанжамъянжамц хэмээх лам, дөрөвдүгээр дүрийн Жавзандамба хутагт ламд “Очир эрих бурханы авшиг” хүртээхээр Долоннуураас Их Хүрээ тийш  явах зам зуур Далантүрүү хэмээх газар үдлэн буудаллахад очиж мөргөөд, мутрын адис авчээ. Мөн тэр жилээс багш лам Галсандаш, Лувсандаваа хэмээх хоёроор “Ямандага бурханы уншлага чого”, сахиусуудын хангал уншлага зэрэг зан үйл чогын номуудыг  заалган, шамдан цээжилж эхэлжээ. Арван дөрвөн насанд, Мянаг хувилгаан Цүлтэмдамбий-ням хэмээх ламыг Орлой мэргэн лам нутагтаа залан авчирсанд хүрч очоод мөргөсөн бөгөөд Гүнрэг, Минтүг, Жанрайсэг бурханы авшиг хүртэж, тарнийн хөлгөний үүдээр оржээ. Мөн тэр Мянаг хувилгаан ламаас “Ганданлхавжаа” тэргүүтэй их бага олон номын лүн эш хүртсэн байна. Тэр жил дөрөвдүгээр богд гэгээн Утай руу явах замд нь мөргөж, адис авсан бөгөөд “Ганданлхавжаа” номын аман эшийг ч сонсчээ. Арван таван нас хүрсэн үед Ажаа гэгээнтэн Долоннуураас Их Хүрээ тийш явах замд нь уулзаад, мөргөж, “Арван гурван бурхант ямандагын бүтээл аргын хайрцаг лугаа хавсарсан”-ы эш лүнг сонсов. Тэр жил Энэтхэг ёсны Сандуй, Мижид гучин хоёр бурханы уншлага номыг цээжилжээ.  

            Арван зургаан нас хүрсэн үед Галсандаш багшаасаа “Итгэлийн хөтөлбөр” хэмээх хэдэн жижиг ном заалгав. 

              /Үргэлжлэл бий/