Saturday, September 22, 2012

Энэтхэгийн бурхан шашны номын мэргэд

Хутагт Асанга


Эрт цагт Гонда Пэлжид хэмээх хааны үед нэгэн гэлэн өөр нэг гэлэнг “Энэ эхнэр хүний ухаантай” хэмээн хэлсний гэмээр олон төрөлдөө эхнэр хүний төрөл авсаар хожим Буддхадака хэмээх хааны үед ч Пракамашила (Маш гэгээн жам ёст) хэмээх нэрт бирман эмэгтэй болон төржээ. Тэр үед бурханы шашинд гурван үе дайсан гарч шашин нийт хийгээд ялангуяа Авидармын ном ихээр буурсанд тэр эмэгтэй сэтгэл нь тэсвэрлэлгүй байсан бөгөөд хаан язгуурт нэгэн хүүтэй болсон түүнийг бурханы шашныг дэлгэрүүлэхийн тулд бурханы шашинд оруулжээ. Хүү зургаан жил болтол хичээн суралцаад номонд мэргэн болж архад багшаас илбэ хувилгааны торын авшиг авах цагт шидсэн цэцэг нь Майдар бурханы хөрөг дээр унасан тул Гүрвапарвата буюу Шувуун хөлт хэмээн алдаршсан уулын нэгэн хонгилд Майдар бурханыг арван хоёр жил болтол бүтээвч нүүрийг нь бодитой үзсэнгүй  тул уйдаад гадагш гарч, өөр нутаг руу явж байтал, Ацинта хэмээх хотын ойролцоо бөгсөн бие нь өтөөр дүүрсэн цээж бие нь зүгээр бөгөөд хүн рүү хуцагч тийм нэгэн өлөгчин нохойг үзээд нигүүлсэх сэтгэлээр өөрийн гуяны махаас хутгаар огтолж авч, түүндээ нохойн өтийг хийе хэмээн бодоод нүдээ аньж хэлээр өтийг авахаар нохойг гараар тэмтэрвээс нохой баригдсангүйд нүдээ нээж харвал өлөгчин нохой алга болж оронд нь Майдар бурхан заларч байхыг үзэв. Тэгэхэд Асанга Майдар бурханд “Би төдий чинээ их хичээж таныг бясалган атал та дөнгөж сая нүүрээ үзүүлэх тань юун бэ” хэмээн айлтгасанд Майдар бурхан “Тэр бол чиний өөрийн сэтгэлийн түйтгэр бузраас болсон юм. Одоо нигүүлсэхүй сэтгэлийнхээ хүчээр намайг үзсэн юм” хэмээн айлдав. Тэгээд Асанга багш Майдар бурханыг мөрөн дээрээ үүрч хот руу явбаас Майдар бурханыг хэн ч үл үзсэнд сая итгэв. Тэгээд Майдар бурхан Асангааг номт дээлээсээ бариулж нисээд Түшита (Гандан тэнгэрийн орон) оронд хүрээд тэнд Майдар бурханаас номыг сонсоод эргэж Замбутивд бууж ирээд Магадагийн Велүванагийн ойд Дхарманкурану (Номын ногоо) хэмээх хийдэд олон хуврагуудыг хурааж олон номыг айлдан зохиож, сэтгэл төдийтний (Читтамита) журмыг нээв. Бодисадвын гуравдугаар газрыг олж, лагшин найргийн зохилдох чимгээр ч чимжээ. Энэтхэгийн олон газраар аялан ном айлдаж, насныхаа сүүл үед Наландара хийдэд арван хоёр жил орчим сууж, тэрсүүдийн олон хүнийг бурханы шашинд оруулжээ. Их хөлгөний шашныг ихээр дэлгэрүүлсэн гэх бөгөөд Ражгир хотод нирваан болжээ.


2 comments:

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...

урьд нэг хүн өтсөн амьтныг нигүүлсэж, хэлээрээ өтийг нь салгахаар оролдтол тэр амьтан нь хувилсан бурхан байж тэр хутагт гэгээрсэн юм гэнэ билээ л гэж сонссоноос үнэн түүхийг ингэж уншиж үзсэнгүй. Их сайхан ном сонслоо. Баярлалаа. Олон хүнд итгэл бишрэлийг төрүүлэх болтугай.

Post a Comment