Wednesday, June 27, 2012

Жамбалцанжод уншсаны ач тусаар

Жамбалцанжод хэмээх номыг Түвдийн их хэлмэрч Ринченсамбуу санскрит хэлээр 100 000, түвд хэлээр 100 000 өөрөө уншсан бөгөөд бусдад барьц үнэ өгч 100 000 уншуулсан агаад энэ номонд түшиглэн дээд шидийг олсон гэдэг. Богд Зонхава гэгээнтэн ч өдөр бүр үүрээр гурван удаа уншдаг байсан тул бид энэхүү дандарын номыг унших зэргээр аль чадахаар өөртөө авъяас суулгах хэрэгтэй. Энэхүү дандарыг уншсаны ач тусыг дандарын тарнийн бүлэгт тодорхой бичсэн буй бөгөөд мөн Жанжаа хутагтын зохиосон номоос мэдэж болно.  Өөрийн сонссон зарим нэгхэн түүхийг бичвэл, эрт цагт нэгэн хүн далайн эргээр явж байтал нэгэн хар хүүхэн хөөжээ. Тэрээр зугатсаар цуцаж аргаа бараад байтал  хүний эрүүний яс замд нь таарсаныг автал нөгөө хүүхэн муухай орилоод буцаад зугатав. Наад хүн түүнийг хариу элдтэл тэрээр нэгэн агуйд орж явчихав. Тэр агуйд нь орвол таван зуун зулзагын хамт нэгэн эм мангас сууж байсан бөгөөд тэд “Та бидний амийг өршөө” гэцгээв. “Та нар юунаас айгаад байгаа юм бэ” гэхэд “Таны барьж яваа ясанд сэлэм барьсан олон догшин бурхад сууж байна” хэмээхэд тэр хүн “Та нар үүнээс хойш хүний амь  бүү хороо” хэмээн ам тангараг тавиулаад буцав. Тэгээд нөгөө эрүүг нэгэн үзмэрч аршид үзүүлж “Энэ ямар учиртай яс байна вэ” гэхэд тэр арш “Энэ эрүүний яс болвоос Жамбалцанжод номыг уншиж  байсан хүнийх байна. Үүнийг суварга шүтээн болгож, Жамбалцанжод унш. Шид хүч олох болно” хэмээн хэлсэн дагуу тэр хүн Жамбалцанжод уншсаар хожим шид олжээ.  

Мөн бас нэгэн хүний нутаглаж байсан газар долоон махчин хүүхэн байжээ. Тэдний нэг нь нэгэн өдөр нөгөө хүний гэрт ирээд “Эдүгээ чамайг идэх ээлж болсон тул бид маргааш шөнө ирж иднэ” гэж хэлээд явав. Тэр хүн тэр өдөртөө зугатаад нэгэн агуй таарахад нуугдая хэмээн санаж ортол тэр агуйд шүдтэйгээ гавлын яс байсныг өвөр дээрээ тавиад сууж байлаа. Махчид араас нь мөрдөж хөөсөөр ирээд гавлыг хармагц уруу түрүүлгээ харцгаан ундуй сундуй муужирч унацгаав. Удалгүй босоод ум хумгүй зугатахад нь нөгөөх хүн хойноос нь хөөтөл тэд “Танд юу хэрэгтэй вэ. Бид өгье” гэв. “Та нар юунаас зугатаав” гэхэд “Наад гавлын чинь шүдний хооронд нүүрээ атируулсан олон догшин тэнгэрүүд сууж байна. Бид одоогоос таны үйл ажлыг бүтээж явцгаах болно” гэж тангараг өчиг өгчээ. Тэр хүн уг ясыг нэгэн үзмэрчид үзүүлж учрыг асуувал “Энэ гавал бол Жамбалцанжод уншиж, Манзушири бурханыг бясалгаж байсаар бурханы хутгийг олсон хүний гавал байна. Чи ч гэсэн энэ хүн шиг бясалгавал Манзушири бурхантай уулзана” хэмээн хэлжээ.

Мөн бас Жамбалцанжид уншдаг нэгэн лам байжээ. Тэрээр өглөө хуралдаа суухаар гарахдаа Жамбалцанжодоо эхэлж уншсаар дуганы үүдэнд ирэх үед төгсгөдөг тийм дадалтай болсон байжээ. Нэгэн удаа түүнд хүн  хараал хийжээ. Мань лам зүүдэндээ босож хувцсаа өмсөөд хуралдаа явж байна хэмээн зүүдлэн явжээ. Хэдий зүүдлэж байгаа боловч “Жамбалцанжод” хэмээх номоо дадал хэвшлээрээ уншсаар явжээ. Явсаар дуганы үүдэнд иртэл ном нь төгсөөгүй байжээ. Лам үүнд гайхаж “Яагаад ном маань төгсөөгүй байдаг билээ. Энэ нэг учиртай юм боллоо” гэж бодоод дуганы босгыг хөлөөрөө тулж байгаад “Тасга” авч алгаа таштал нойроос сэрсэн бөгөөд харвал эгц халил гангын ирмэг дээр зогсож байжээ. Хэрэв Жамбалцанжод уншиж дадаагүй бол хараалаар халил уруу унаж үхэх байжээ. “Тасга” гэдэг нь чойрын номт лам нар ном хаялцахын эхэнд үйлддэг нэгэн заншил ёс бөгөөд энэ нь Манзушири бурханыг бэлгэддэг зан үйл юм.

(Энэ түүхийг Бичээч цорж Агваандоржийн (XIX зуун) зохиосон  “Жамбалцанжод унших арга” хэмээх номоос орчуулж орууллаа.)

Энэ дашрамд дурдахад анхдугаар богд Өндөр гэгээн Г.Занабазар гурван настайдаа өдөр бүр “Жамбалцанжод” гурван удаа цээжээр уншдаг байсан тухай түүний намтарт бий. Жамбалцанжод хэмээх ном болвоос бурхан багшийн айлдсан дандарын номын хамаг утгыг хураасан ном гэдэг бөгөөд монголоор “Хутагт Зөөлөн цогтын алдарыг үнэхээр сайтар өгүүлэхүй” хэмээн орчуулагддаг. Санскритаар “Аръяа Манзушири нама сам гати” гэх бөгөөд монгол лам нар “Нам сангад” гэж хэлж заншчээ. Түвдээр “Пагба Жамбалжи цан яндагбар жодба” гэдэг. Гаанжуурын доторхи дандарын аймгийн номууд “Жамбал цанжод”-оор эхэлдэг. Мөн Сундуй хэмээх номын тарнийн номуудыг багтаасан боть буюу эхний боть нь “Жамбал цанжод” номоор эхэлдэг билээ.  
   

0 comments:

Post a Comment