Friday, June 29, 2012

Гунгаачойлингийн До-дүдба хэмээх уншлагын тухай

Их Хүрээний Гунгаачойлин дацанг Халхын дөрөвдүгээр богд байгуулсан юм. Дөрөвдүгээр богд шинэ дацанг байгуулагдсаны дараахан Хятадын Утайд заларч яваад тэндээ таалал төгсчээ. Шарилыг нь Их Хүрээнд авчирсан бөгөөд тэр үед Их Хүрээний дацан, аймагууд тус тусдаа богдын хойдын буянд зориулж гонзог /таалал төгссөний/ ерөөлийг хуржээ. Энэ үед шинэ чойр дацан болох Гунгаачойлин нь До-дүдба хэмээх номыг богдын таалал төгссөнд зориулсан ерөөл уншлаганд оруулж хорин нэгэн хоногийн турш уншсан аж. Тэр ямар учиртай гэхээр дөрөвдүгээр богд нь бага наснаасаа До-дүдба номыг үргэлж уншдаг, амны уншлагаа болгосон байсан бөгөөд тэр номыг биедээ үргэлж авч явдаг байжээ. Тийнхүү үргэлж авч явдаг байсны шалтгаанаар богдыг хувцасаа сольж өмсөхөд төвд А үсэг мөрнөөс нь гарч хоёр гарт нь ээлжлэн баригдаад хувцасаа өмсөх үед нь мөрөнд нь буцаж шингэдэг байсан гэнэ. Тиймээс богдын амны уншлага болсон энэ До-дүдбааг Гунгаачойлин дацангийн хуралын уншлаганд оруулж унших болсноор энэ чойрын дацанд тотгор цөв их гардаггүй байсан бөгөөд чойрын таван ботийн хичээл сургалт ая зөнгөөрөө арвижин дэлгэрсэн гэдэг. Үүнээс нэлээд хойно Төвдийн Бэрээвэн Гоман дацангийн их гэвш лхарамба Лхамсүрэн хэмээх лам Их Хүрээнд иржээ. Тэрээр Их Хүрээнд ирсний үдэш, түүний буусан газрын ойролцоо гэнэт ном унших их дуу гарсанд цочин гайхаж, “Энэ юун дуу вэ” гэж асуухад “Баруун чойр /Гунгаачойлин дацанг баруун чойр гэдэг/ парчин домоо хурж, До-дүдба уншиж байна” гэв. Лхамсүрэн лхарамба “Тэд нар чинь цээжээрээ уншиж байна уу, судраасаа харж уншиж байна уу, үзээд ир” гэснээр дөхөж очоод үзтэл цөм цээжээр уншиж байжээ. Түүнийг сонсож мэдээд тэр ламтан унтаж нойрсохыг завдаж байсныгаа болиод босож, зул хүж асааж, “Ийм газар ирээд над адил нь унтаж хэвтвэл үхэр болж төрөхөөс гарцаагүй. До-дүдба гэдэг чинь урьд Төвдийн их Чойруудын уншлаганд оруулах гээд их тотгор гараад бүтээгүй гэж ярьдаг. Халхын Жавзандамба хутагтын үйлс пэрэнлэй /үйлс гэдэг түвд үг/ нь үнэхээр санаанд багтахгүй гайхамшигтай юм даа. Энэ чойр удахгүй өөрөө сайжран цойлох болно доо” хэмээсэн гэдэг.  



0 comments:

Post a Comment