Wednesday, August 1, 2012

Мила богдын намтар

Гуравдугаар бүлэг

Өшөөт дайснаа гэсгээсэн нь

Райчүнва дахин асуув. “Багш минь, Та анх эхлээд нүгэлт хар үйлийг хийсэн хэмээн айлдсан тэр чухам юуг хийсэн юм бэ” хэмээн асуухад “Хараал хийж, мөндөр хяруу оруулж хилэнц нүгэл хураасан юм” гэв. “Багш аа, хараал хийж, мөндөр оруулж сурах гол шалтаг нөхцөл нь юу байсан бэ” хэмээн айлтгахад “Би тийнхүү Митодгадхаад үсэг бичиг заалгаж сурч байх үед, Жа-Азагийн адагт нутаглагч нэгэн айл архи айргийг бялхуулсан их баяр хурим хийж, найрын тэргүүнд миний багшийг залж аваачив. Би багшид бараа болж хамт очлоо. Тэр найран дээр архи нь нэн элбэг байсан болон багш мөн өөрийнхөө хишгийг ч надад уулгаснаар би согтож хөлчирсөн байлаа. Багш, тэр айлын өгсөн бэлэг сэлтийг надад өгч “Харьж бай” гээд урьдаар явуулсан учир би багшийн гэрийн зүг явав. Миний архинд согтсон, тэр өдрийн найрны дуучдад сэтгэл татагдсан хоёр нийлэлдэж, дуу дуулмаар санагдаад, угийн эвлэг хоолойтой учир, дуу аялаж, төрсөн гэрийнхээ өмнүүр өнгөрдөг замаар алхсаар байшингийнхаа харалдаа ирэх үед ч дуулсаар явж байлаа.

Ээж маань гэртээ арвай хуураад суун атал хүн дуулахыг сонсоод “Юу билээ, энэ чинь миний хүүгийн дуутай яасан адилхан дуутай хүн бэ. Бид эх үрсийн зовлон нь газар даашгүй байтал миний хүү юу гэж дуулаа аж” хэмээн итгэлгүй харвал, намайг мөн байхыг мэдээд босон харайж, хусуураа зүүн тийш нь,  хутгуураа баруун тийш нь шидээд, тогоон дахь арвайгаа тэр чигт нь түлж орхиод, баруун гартаа шүүр барьж, зүүн гартаа үнс атгасаар, шатаар буухдаа, гишгих газарт нь гишгиж, харайх газарт нь харайсаар гарч, гүйж ирээд, гар дахь үнсээ нүүрэнд цацаж, шүүрээр хэдэнтээ толгой руу цохиод, “Мила Шаравжанцан чамд ийм л хүү төрсөн байна. Чи аль эрт үхэж одоод, бид эх үрст үйл лайгаа орхиод явснаа харж байна уу” гээд ээж минь түрхэн зуур багтран муужирч суун тусав. Дүү маань ч гарч ирээд “Ах минь танд ухаан бодол гэж байна уу, ээжийг та хар л даа” хэмээн уйлсаар суухад, “Чиний хэлдэг үнэн” гээд би ч өөрөө ихэд уйллаа. Бид ах дүү хоёр уйлсаар ээжийн гараас сэгсчин дуудаж байтал удалгүй ухаан орж босоод, нулимс дүүрэн нүдээр над тийш хэсэг зуур харц тогтоон ширтээд “Хүү минь, бидний зовлонд газар цөмөрмөөр атал, чи харин дуулж байна гэж үү. Би, муу хөгшин эх чинь, ухаан санаагаа алдаж, уймарч гүйцээд, уйлахаас өөр чадалгүй болоод байна” гээд гаслан орилоход дүү бид хоёр ч уйлж, гурвуул хэсэг уйлалдлаа. Тэгээд би ээждээ “Ээж минь таны хэлдэг бүгд зөв. Ийм зовлон өөр хаана ч байхгүй. Одоо би ээж таны юу хий гэсэн болгоныг хийе” гэвэл ээж минь “Хүү минь, миний хүсэл бол чи минь бат сайн хуягийг өмсөж, аргамаг сайн морийг унаад, эмээл дээрээ дөрөө жийн давхиж, атаат эдгээр дайсныг шилдэн хөөж ирвээс бах ханах байна. Гэвч тэр одоо бүтэхгүй биз. Тэгэхээр муу арга мэхээр л үзэхээс өөр гарцгүй болсон тул хараал хийх, зүхлэг тавих, мөндөр зуд буулгах энэ гурван аргыг чинээ хэмжээнд нь тултал сураад авга ах, авга эгч тэргүүтэй, эх үрс бидэнд зовлонг өгөгч, энэхүү нутаг орны хүмүүсийг есөн үеэр нь удмыг нь таслах нэгнийг бүтээхийг чамаас горьдож харж сууя даа” гэж хэлэхэд би “Тэгье. Харуулая. Ээж та багшид өгөх бэлэг, миний хэрэглэх хүнс хэрэгслийг аль боломж байгаагаараа бэлдэж өгөөч” гэлээ. Ээж минь хараал сургахаар явуулахын хэрэгцээнд Брэбэданчүн тариалангийнхаа хагасыг зарж, үнэд нь гэрэл цацарсан их одот оюу нэг ширхэг, хазааргүй арслан нэрт цагаан зүсмийн нэгэн морь, хоёр уут будаг, хоёр шуудай тариа авч, хоёр шуудай гурилаар замын хүнс хоолыг бэлдэв. Би Гүнтан нутгийн Лхүндүв донхан хэмээх буурчийн газар хэд хоног байж, замын хань нөхөр сураглаж байтал, Аарий-Дол нутгийн таван хээнцэр хүвгүүн хүрч ирээд, Үйзан руу хараал сурахаар явцгааж байна гэхийг сонсмогц, би тэдэнд “Би ч бас хараал сурахаар явах гэж буй тул та нартай зам нийлье” гэвээс “Болно оо, тэгье” гэж хэлцгээв. Гүнтангийн адагт орших гэртээ дагуулж ирээд хэд хоног тэднийг амраав. Тэгэх зуур ээж минь миний ардуур тэдэнд “Манай энэ хүүд зүрх зориг гэж юу ч үгүй. Та нар шахаж шамдуулан хичээлгэж хараалд маш сайн мэргэшүүлж сургаарай. Энд буцаж ирэхэд чинь би та нарыг шагнана шүү” хэмээн хэлж байв. Тэгээд мориндоо хоёр уут будгаа тэгнэж, оюугаа өвөртөө хийгээд, бид замдаа гарахад ээж минь үдэж, өнө хол газар хамт явсаар, үдлэгийн архийг уухаар бууцгаахад, ээж минь нөхдөд ам захиасыг олонтоо хэлж байв. Ялангуяа намайг зайдуу аваачиж, ээж хүү хоёр салж төвдөхгүй, ээж миний гараас бариад атгалан атгалан, нүдэндээ нулимс мэлтэрүүлж, уйлагнасан дуугаар “Хүү минь, бид эх үрсийн хувь заяа ямар буйг хар. Тэдний хараал бидний хараалтай адилгүй шүү. Тэд хээнцэр энхэрхэн хүүхдүүдийн хараал бол гайхуулж, эд барьц олох гэсэн л төдий байна. Бид эх үрсийн хараал бол зовлонгийн тартагт тулагсдын хараал тул чи зүрх зоригоо гаргадаг юм шүү. Хэрэв зээ, хүү минь чи, нутаг орондоо хараалын шинж гаргалгүй харьж ирвэл, би муу хөгшин эх чинь нүдэн дээр чинь амиа хорлож үхнэ шүү” гэж хэлэв. Ээждээ амлалт тангараг өгөөд бид эх үрс салан явцгаахад, би ээждээ сэтгэл хоргодох нь дэндүү болж, байн байн эргэн харсаар, уйлж явлаа. Ээж минь ч ганц хүүдээ сэтгэл хоргодон, бидний бараа сүүдрийг тасран тасартал ширтэн харж, уйлан суусаар байсан бөгөөд би ээжрүүгээ эргэж очоод хоромхон зуур уулзаад ирэх үү, яахав хэмээх бодол төрж ээждээ маш их сэтгэл хоргодож байсан минь бид эх үрс дахин хэзээ ч уулзахгүйгээ мэдэрсэн сэтгэлийн зөн байжээ. Биднийг бараа тасрахад ээж минь уйлсаар гэр лүүгээ буцжээ. Хэд хоногийн дараагаас “Нянца Гаржангийн хүү хараал сурахаар явсан гэнэ” хэмээх яриа нутаг оронд ихэд тархжээ.

Бид Үйзангийн замд орж явсаар, Занрон нутгийн Ягдэ хэмээх газар хүрч, тэр нутгийн нэгэн их баян хүнд морь, будгаа зарж, үнэд нь алт авч өвөртлөөд, Занбо мөрнийг арласаар Үйд хүрч очоод Тонлүгра-ха хэмээх газар Үйгийн олон хуврага, бандь нартай уулзаж, тэднээс “Үйд хараал, шившилгэ, мөндөр гуравт мэргэжсэн хэн гэдэг лам байна” хэмээн асуувал нэг бандь хэлсэн нь “Ярлүнжорбо сууринд Няг Юндонтожал хэмээх лам сууж буй. Тэр л хараал шившилгэ зэрэг хатуу тарнид шид олсон хүн дээ” гэсэн бөгөөд тэр бандь өөрөө түүний шавь нь ажээ. Тэгээд бид Юндонтожал ламыг зорьж, Ярлүнжорбо сууринд хүрлээ. Лам лугаа уулзахдаа, тэдгээр нөхөд гарын бэлэг ойр зуурхан төдийгөөс илүү юм барьсангүй. Би алт, оюу бүхнээ өргөөд, үүнээс гадна бие, хэл, сэтгэл гурваа ч өргөе. Миний нутагт жаргалыг минь булаасан хэдэн өрх айл буй тул нутаг оронд шинж тэмдэг гаргах туйлын сайн хараалыг сургахыг зөвшөөрнө үү. Тэр хүртэл хоол хувцасыг ч та болгооно уу” хэмээхэд лам инээмсэглээд “Чиний хэлснийг тунгааж бодоё” гэв. Тэндээс бидэнд туйлд хүрсэн хараалыг заагаагүй. Тэнгэр газрын савсалга нийлэх нь үү гэлтэй санагдахаар цасан шамарга оруулах төдийн муу тарни нэгэн хэдхэн ба мөн бас тустай увдис тарни гарын авлагын хамт нэгээхэн хэдхэн төдийг зааж өгөөд нэг жил орчим болов. Манай нөхөд цөмөөр буцахыг завдаж суусанд, багш лам маань, Үйгийн цэмбээр нэг нэг сайн дээл оёулж тэдэнд өгч байв. Би сэтгэл дундуур болж, эдгээр хараалаар нутагт ямарваа шинж гаргана гэдэг бэрх, хараалын шинж гаргалгүй нутагтаа эргэж очвол ээж амиа хорлож үхэхээс өөр юм болохгүй хэмээн буцах бэлтгэл хийхгүй сууж асанд нөхөд маань “Тойвгоо ч явахгүй бололтой” гэцгээв. “Би явахаар хараал сурсангүй шүү дээ”  гэхэд тэд “Бид нямба тоог нь гүйцээж чадвал энэ бүх гүн увдис бидэндээ болно. Лам багш өөрт нь ч үүнээс илүү юм үлдээгүй биз” гэлцэн байсан бөгөөд “Бидний хувьд хараалын талаар илүү дутуу гэх сэжиг таамаг алга. Багшид илүү юм үлдсэн эсэхийг чи өөрөө харж үз дээ” гэв. Тэд багшид гялайсан баярласнаа хэлцгээж, бэлэг өгөөд, мордоцгооход, би ч багшийн өгсөн дээлийг өмсөөд тэднийг замдаа ортол дагаж үдэв. Эрүүл энхийг ерөөгөөд тэд нутагтаа буцаж одов. Би Ламын хажууд ирэх зам зуур адууны хомоол, үхрийн аргал, нохойн баас гурвыг түүгээд хүрч ирээд, түүсэн хормой дүүрэн тэдгээрийг багшийн өмч тариалан нэгэн буй, түүний захад нүх ухаад булав. Багш өргөөнийхөө дээвэр дээр сууж аснаас намайг харж, хэдэн шавь нартаа “Надад өмнө нь өчнөөн л шавь нар байсан ч үүн шиг халамжтай нь гараагүй. Одоо хойшид ч гарахгүй. Тэр өнөө өглөө надад мэнд сайн суухын ерөөл айлтгахаар ирээгүй тэр нь ч буцаж ирэхийн тэмдэг байж. Тэр анх манайд ирэхдээ “Миний нутагт жаргалыг минь булаасан хэдэн өрх айл буй тул хараал соёрхоно уу, бие хэл сэтгэл гурваа өргөе гэж хэлсэн. Хэлсэн нь үнэн бололтой. Түүний ярьсан тэдгээр зүйл үнэн болох атал хараал зааж өгөхгүй бол хөөрхий болно” гэж хэлснийг нэгэн хуврага надад хэлсэнд лавтайяа ахицтай нэгэн тусгай хараалыг заах нь хэмээн баярлаад багшийн дэргэд очвол багш “Тойвгоо, чи яагаад явсангүй вэ” гэв. Тэгэхэд би лам багшийн өгсөн дээлийг өөрт нь эргүүлэн бэлэг болгож өргөөд, өлмийд нь толгой тулган, “Багш минь, бид эх үрс гурвуул билээ. Авга ах, авга эгч тэргүүтэй нутгийн хэдэн айл өрх дайсагнаж, тун зохисгүй явдал элдвээр биднийг зовоосон юм. Тэдний уршгийг өөрөөр хариулах хүч алга тул ээж минь намайг хараал сургахаар илгээсэн билээ. Би хараалын шинж тэмдэг нутагтаа гартал хийж чадалгүй буцаж харьвал миний нүдэн дээр ээж амиа хорлож үхнэ гэсэн буй тул би явсангүй. Тэгэхээр хэмжээ чинээнд нь тулсан нэгэн хараалыг зааж өгнө үү” хэмээн гуйгаад уйлсанд “Чамайг нутгийнхан чинь яаж зовоосон юм бэ” гэв. Би эцэг Мила Шаравжанцан нас нөгчсөнөөс эхлээд авга ах, авга эгч нарын зовоосон ёсыг уйлагнасан дуугаар дэлгэрэнгүй хэлсэнд лам багш өөрөө ч мэлмэртэл уйлаад, тэр хэрэв үнэн бол арай л зохихгүй юм хийсэн байх тул хараалыг би ч хийсэн болох байна. Тоомсоргүй орхиж болшгүй нь. Ер нь миний энэ хараалын төлөө, дээд Аарий гурван аймгаас алт, оюуг олон зуу, мянгаар нь өргөдөг. Доод Амдо Хамын гурван шилээс сэвсгэр цай, хувцас торгыг олон зуугаар нь өргөдөг, завсар Үйзангийн дөрвөн хошуунаас цэмбэ, нэхий, тос, арвайг хэдэн мянгаар нь л өргөж байдаг. Жар, Дүг, Гон гурван нутгаас сарлаг, адуу, үхэр, хонийг хэдэн зуугаар нь өргөл болгодог байтал бие, хэл, сэтгэл гурваа өргөе гэсэн хүн чамаас өөр гарсангүй учир чиний тэр үгийг түргэн шинжиж лавлая” гэв. Тэр үед багшид мориноос хурдан, заанаас ч хүчтэй нэгэн шавь хуврага байсан агаад түүнийг миний нутаг руу харуулахаар илгээсэнд тэрээр хурдан буцаж ирээд “Багш минь, Тойвгоогийн хэлсэн үнэн байна. Хараалыг маш сайн өгөх хэрэгтэй болжээ” хэмээснээр багш надад хандан “Анх хам хумхан зааж өгсөн хараал бол чиний хэлсэнд эргэлзэж байснаас болсон юм. Одоо чиний хэлсэн үнэн гэдгийг мэдсэн учир хараалын увдис өгөх, хараал сургах өөр нэгэн хүн рүү явах хэрэгтэй боллоо. Надад улаан хар нүүрт гаригын хараал гэх Хум гэвэл үхдэг, Пад гэвэл муужирдаг нэгэн хараал бий. Түүнийгээ Занронгийн Нүвхүлүн хэмээх газрын Хүлүнба Ёндонжамц хэмээх, эм эмнэлгийн зүйлийг ч мэдэх, мөнхүү тарнийг ч мэдэх нэгэн лам буй түүнд зааж өгсөн юм. Түүнд мөндөрийг хуруугаар хөтлөж оруулдаг нэгэн хараал буй түүнийгээ надад зааж өгсөн юм. Бид хоёр  найз нөхөд болж, надаас хараал сурахаар ирэгч бүгдийг түүнлүү илгээх, түүнээс мөндөр оруулахыг сурахаар ирэгчдийг надад илгээдэг буй. Тиймийн тулд чи ч түүний дэргэд миний энэ хүүгийн хамт очих хэрэгтэй” хэмээн хэллээ.                               


Орчуулсан Ж.Ерөөлт

Өмнөх бүлгүүдийг эндээс уншина уу!

2 comments:

astrea said...

Tsaash urgeljluuleh uu?

Unknown said...

Дараагийн бүлгүүдийн нийтлээрээ. Эсвэл Монгол хэл дээр ном байдаг бол хэлж өгөөч

Post a Comment