Saturday, July 21, 2012

Аман хууч

1.    Марзан Шаравт өгсөн наймдугаар богдын бэлэг

Их Хүрээний “Бизъяагийн аймгийн” зураач Б. Шарав, наймдугаар богдын зургийг олонтоо зурсан хүн юм. Шарав гуай Богд хааныг гамин цэрэгт баривчлагдаад шоронд хоригдож байсан 1920 оны өвөл Богд хаанд шанагийн малгай өмсүүлж, Их Хүрээний цамын гол чамбоны /цамын бүжгийг дэглэн бүжиглэгч/ адилаар зуржээ. Богд хаанаас сүүлд Марзан Шаравтаа өгөөрэй гэж дүүрэн шар тамхитай, арван хоёр жилийн зураг дүрстэй шаазан хөөрөг, хятад маягийн хийцтэй зузаан цаасан ултай, дан сарьстай хар хилэн гутал, хорин таван лангийн мөнгөн ембүү, ийм гурван зүйлийг дархан цорж Лувсандондовт өгсөн гэдэг. Тэр үед Шарав байгаагүй учир гэртээ хадгалж байгаад Шаравыг нэг ирэхээр нь дуудаж “Богд хаан чамд өгсөн юм. Үүнийг ав” гэсэнд Шарав эхлээд хөөрөгтэй тамхийг авч татсан, дараа нь гутлыг өмсөж, сүүлд нь мөнгийг өвөртөлсөн тул Дархан цорж болон цуг байсан хүмүүс бэлгэдэн магтаж, “Манай Шарав урт удаан наслах нь бололтой. Одоо ч гадуур их тэнэж явахгүй байх. Ер нь мөнгөөр тасрахгүй явах бололтой” гэх зэргээр шинжлэн ерөөсөн гэдэг.

2.  Дуу хөгжмийн хийморь дэлгэрвэл ном сургалтын хийморь доройтдог

Монголын алдартай гавж Зава Дамдин бол Гунгаачойлин дацангийн шавь байсан билээ. Тэрээр бага залуудаа Гунгаачойлинд шинэхэн шавилж сууж байх нэгэн үед цагаан сарын шинийн хоёрны сахиус хурдаг өдөр үеийн нөхдийн хамт дарвиж, хэнгэрэг тулдаг модыг багананд дээсээр чанга хүлж үзүүрийг унжуулаад бусад хөгжмөөс хэнгэрэгийн дууг өндөр гаргахгүйг хичээж, түүндээ үеийн тэд хүүхдүүд баясан сууж байтал, тэдний өмнө талд сууж байсан өвгөн настай нэгэн гирган / насаар ах эрдэмтэй хуврагийг гирган гэж хүндлэн нэрлэдэг/ лам “Хүүхдүүд ээ, цанидын дацанд хэнгэрэгийг багананд чанга хүлдэг нь муу ёр. Дуу хөгжмийн хийморь дэлгэрвэл ном хэлцээний хийморь доройтдог гэдэг юм гэж урьдын гиргачууд айлддаг байсан шүү” хэмээн тэднийг зэмлэжээ. Хожим 1930-аад онд сүм хийдийн үйл ажиллагаа хоригдож хавчигдаж ирэх тэр үед Зава лам гуай “Тэр цагт тэр үгийг сайн ухаарахгүй явсан, одоо бодоход их учиртай үг байж шүү” хэмээж байжээ.

3.    Лам нарт халтай засаг

Нэгэн мянга есөн зуун хорин нэгэн оны зун Ардын журамт цэрэг Их Хүрээнд орж иржээ. Ирэхдээ тэд одоогийн Баянхошууны замаар орж ирсэн байна. Тэр өдөр нь зуны тэргүүн сарын 29-ний өдөр байсан бөгөөд Их Хүрээний Дашчойнпэл дацангийн лам нар Тасганы овоог тахиад бууж байжээ. Тэд лам нарыг бууж ирж байхад араас нь журамт цэргүүд орж ирсэн юм байна. Тиймээс Хүрээний лам нар тэр үед “Лам нарын араас хөөсөн маягтай орж ирлээ, энэ цэргүүд. Энэ ардын засаг лам нарт жаахан халтай засаг болох нь дээ” хэмээн ярилцаж байжээ.  

4.    Утай Гүмбүм явах уу

Нэгэн мянга есөн зуун гучаад оны хэлмэгдлийн үеэр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нэгэн лам нутгийн нэг лам өвгөн дээр морьтой давхиж ирэв. Тэгээд тэр өвгөнөөс нөгөө лам “Чи хө, Утай Гүмбүм явах уу” гэж асуужээ. Нөгөө өвгөн гайхаж, энэ чинь ухаан санаа нь зүгээр байгаа даа гэж бодоод “Явахгүй ээ” гэжээ. Нөгөө лам цааш яваад өөр нэг лам дээр очоод нөгөө асуултаа асуужээ. Тэгсэн тэр лам “Би явна аа” гэжээ. Нөгөө лам “За, тэгвэл маргааш үд дунд явна шүү, бэлтгэлтэй байгаарай” гэж хэлээд давхиад явжээ. Маргааш өдрийн үд дунд “Явна” гэж хэлсэн лам санаж бодсон ч юмгүй, зун болж байсан үе учир гэрээ нимгэлж, дээвэр туургаа буулгаж байв. Тэгтэл үд дунд болж байх үед тэр лам дээврээ буулгаж байснаа шууд харуулдаж ойчоод амьсгаа хураажээ. Энэ үед нөгөө морьтой очсон лам ч таалал төгссөн байжээ. Энэ биеэрээ Утай Гүмбүм орох биш, сүнсээрээ тэнд очиж төрөхийг хэлсэн хэрэг байжээ. Сүүлд “Явахгүй” гэж хэлээд үлдсэн лам амаа барьж “Даанч ингэнэ гэж мэдсэнгүй. Үүнийг нь мэдсэн бол явъя л гэдэг байж” хэмээн шогширч суужээ.  
     
5.    Их Хүрээнд болсон зодоон

1909 оны үед Их Хүрээний Дашчойнпэл дацангийн хэсэг лам монголчуудаа өмөөрч хятад наймаачидтай зодоон хийжээ. Тэр хэрэг нь маш их дуулиан тарьж, олон хүнийг хэрэг ялд оруулах тийм байдалтай болж иржээ. Тэр үед наймдугаар богд Хүрээний хийд сүмүүдэд зарлиг буулгасан нь “Хүрээ даяар Цагаан шүхэрт номыг нэгэн бум тоотой уншиж гүйцээх хэрэгтэй. Тэгвэл энэ зодооны хэрэг намжина” хэмээжээ. Тэр дагуу Хүрээ даяар хэдхэн хоногт цагаан шүхэрт номыг зуун мянга уншсанаар тэр хэрэг амархан дарагджээ.

6.  Уншлагынхаа ачаар бөөгийн хараалаас аврагдсан нь

Нэгэн лам өглөө хуралдаа явах бүртээ “Жамбалцанжод” хэмээх номыг уншдаг бөгөөд уг номыг гэрээс гарахдаа уншиж эхлээд, дуганыхаа үүдэнд ирэхэд төгсгөдөг тийм зуршилтай болсон байжээ. Нэгэн удаа тэр лам нэг бөөтэй маргалдаад, тэгээд нөгөө бөө нь тэр ламд хараал хийжээ. Тэр үед лам унтаж байсан бөгөөд гэрээсээ гараад хуралдаа явж байна гэж зүүдэлжээ. Тэгэхдээ зүүдэндээ ч нөгөө номоо уншиж явна гэж зүүдэлсэн бөгөөд дуганыхаа үүдэнд иртэл нөгөө ном төгсөөгүй байв. Үүнд лам гайхаж “Яагаад ном маань төгсөөгүй байдаг билээ” гэж сэжиглэн бодоод дуганыхаа үүдэнд тасга авч алгаа таштал нойрноос сэрсэн бөгөөд хартал харин нэгэн их гуу жалганы ирмэг дээр ирээд зогсож байжээ. Уг учир нь бөө түүнийг зүүдээр нь хөтөлж хясаа гуу руу унагаж алах зорилготой хараал хийсэн боловч лам нойроосоо сэрсэний ачаар гуу руу унах аюулаас аврагдсан байна.

7.      Богд Зонхавын ачлал

Хуучин Их Хүрээний Дамбадаржаа хийдэд богд Зонхавын томхон хэмжээний баримал байжээ. Түүнийг 1937 оны үед Дамбадаржаагийн хийдийн өмнөх жалганд цээж толгойгоор нь хуваагаад хаяж орхижээ. 1940-өөд онд монголд ял эдлэж байсан оросын 505-р армийн хэдэн хоригдол офицер тэр хавьд ажил  хийж байгаад нөгөө баримлыг босгож толгойг нь залгаад орхисон байна. Гэтэл удалгүй тэдгээр офицеруудын ялыг өршөөсөн тушаал оросоос ирж тэд нутаг буцах болсон аж. Тэгээд тэр хоригдлууд өршөөгдсний баяраа тэмдэглэж, нөгөө бурханыхаа баримлын хажууд суугаад хиам, архи задалж, баримал бурханы хүзүүнд хэлхээтэй хиамаа углаад, мутарт нь папирос тамхи хавчуулж, өөрсдөө ууж идэж суусан байна. Тэр үед түүгээр явж байсан нэгэн монгол хүнийг нөгөө оросууд дуудаж авчраад архи хиамаасаа өгч, түүнд хандан “Танай энэ бог маш сайн бог. Бид энэ богийн ачаар нутаг буцах боллоо” хэмээж байжээ. Тэр баримлыг 1950-аад оны үед Гандантэгчинлэн хийдийн хашаанд авчирч байрлуулсан бөгөөд эдүгээ хүртэл байгаа билээ.

8.    Дацангийн цанто

Дацангийн цанто гэж чойр дацанд шавилагч лам нараас аль их эрдэмтэй хүмүүсийн нэрсийг тэмдэглэсэн бичиг юм. 1960-аад оны үед эдүгээ Гандантэгчинлин хийдийн Дашчоймболд хурж буй Ц. Лувсан гуайн зиндааны /эрт энгийн болсон/ нэгэн хүний нялх хүүхэд нь уйлаад болохгүй байсанд Гандантэгчинлин хийдэд хурж байсан С. Галаарид хэмээх ламаас арга чарга асуувал “Дацангийн цанто” хоёр удаа уншуул гэжээ. Тэгээд тэр лам дацангийн цанто уншсанаар хүүхэд нь зүгээр болж гэнээ. Олон дээд лам нарын алдар нэрийг дуудсаны буян их юм гэж Ц. Лувсан гуай ярив.
   

0 comments:

Post a Comment