Friday, September 28, 2012

Монголын бурханы шашны номын мэргэд


Их Хүрээний цорж Занын Агваанбалдан

Монголын бурханы шашны номын олон мэргэдийн нэгэн болох Занын Агваанбалдан нь XIII жарны 51-р жил болох гал хонин жил (1797)-ийн өвлийн тэргүүн сарын 24-ний өдрийн үдийн хойно ард Занын хүү болон мэндэлжээ. Төрсөн нутаг нь Халхын Сэцэн хан аймгийн Хардал засгийн (Бишрэлт засаг) нутаг бөгөөд эдүгээгийн Монгол улсын Хэнтий аймгийн Галшар сум билээ. Эцэг Зана нь төрөлхөөс сэтгэл зөөлөн, сүсэг ихтэй, Их Хүрээний уншлага магтаалын номыг бүрэн цээжээр мэддэг, мөргөл хийж, мандал өргөдөг бөгөөд “Жамбалцанжид”, “Гурван гүрэм” “Маналын хураангуй уншлага”, “Сайн явдлын ерөөл” зэргийг үргэлж уншиж явдаг, хожим жаран насны босго давсан үедээ тойн болж, сахил хүртсэн гэдэг. Эх Сэвжид нь шударга аядуу зантай, сүсэг бишрэл ихтэй, Банчэн Балдан-Иш лам болон Жанжаа Ролбийдорж ламаас мутрын адис хүртэж, номын барилдлага тогтоосон бөгөөд “Очироор огтлогч” судар, таван ерөөлийн уншлага зэргийг үргэлж уншдаг байжээ. Мөн үдшийн мөргөлийн хамтаар “Жившиг” хэмээх наминчлалын номыг тасралтгүй уншдаг байжээ. Хожим тэрбээр нүд нь юм харахаа больсон үед ч “Очироор огтлогч” судрын ихэнх үгийг цээжээр уншиж байсан гэдэг. Мөн эцэг Зана нь жил бүрийн зулын хорин тавны дүйчин өдөр хийд сүмд очиж, бурханд зул өргөх, эргэл мөргөл хийдэг бөгөөд хүнтэй ярьж хөөрөхдөө элгэмсэг найрсуу, аливаа хэрэгт уужим тэнүүн сэтгэлээр ханддаг нэгэн байжээ. Агваанбалдангийн авга ах Гончиг равжамба хэмээх хүн урьд Түвдийн Брайбүн хийдийн Гоман дацанд сууж байсан бөгөөд тухайн үедээ ухаан сайтай, хичээл сургуульд шамдалтай нэгэн хэмээн алдаршиж байсан түүний хойд дүр хэмээн Агваанбалданг нутгийн хүмүүс үздэг байжээ. Энэ тухайд өөрөө хэлэхдээ “Намайг тэр авгын сүнс эргэж ирсэн гэж хэлдэг байсан боловч тэгэж хэлэхийн үндэс шалтгаан нь үнэмшил муутай, худал юм шиг санагддаг. Би тэр хүний хойд төрөл байлаа гээд надад нэг их хэрэг ач ч байхгүй. Манай тэр авга ухаан сайтай, хичээл сургуульд шамдалтай хүн байсан гэснээс цааш нэг их онцгой чадвартай хүн байсан гэж сонсдоогүй” хэмээдэг байжээ. Зургаа, долоон насны үед эцэг Зана нь үсэг бичиг зааж өгсөн бөгөөд найман нас хүрсэн жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Итгэл одуулахуй” хэмээх номыг анх цээжилж эхэлжээ. Тэр үед юмуу хожимхон юмуу нэгэн шөнө “Сар гарлаа хэмээн бодож зүүн зүг харваас тэр зүгт, тэнгэрт, Бурхан багш Шагимүни, Авид бурхантай адилавтар дүр бүхий хоёр гурван бурхан огторгуйд зурсан мэт үзэгдэв” хэмээн нэгэн сайхан зүүд зүүдэлсэн ажээ. Энэ тухайгаа хожим тэрээр ярихдаа “Зүүдний элдэв эндүү андуу зүйл байсан биз ээ. Зүүдэндээ бурхан харна гэж юу байхав дээ” хэмээн хэлж байв. Арван хоёр нас хүрсэн үедээ Түвдийн Брайбүн хийдийн Гоман дацанд таван ботийг гүйцэд судалсан их гэвш равжамба Галсандондов хэмээх лам Модон гэдэг газар хайланд хурж байхад нь хүрч очин тэр ламаас гэнин сахил хүртжээ. Тийн сахил хүртэх үед сахилын номын үгсийг даган хэлэх, өглөөний нар мандах, хайлангийн хурлын уриа Ганди цохих гурав зэрэгцсэн учир бэлэгшээж, эцэг эхээс хайрласан Ванпил хэмээх нэрийг нь сольж, Балдан-ням хэмээн шинэ нэр өгчээ. Тэр багшийнхаа дэргэд хэдэн өдөр байж ном судар уншиж заалгав. Арван гурван нас хүрсэн жил, Ажаа гэгээн Лувсанжамъянжамц хэмээх лам, дөрөвдүгээр дүрийн Жавзандамба хутагт ламд “Очир эрих бурханы авшиг” хүртээхээр Долоннуураас Их Хүрээ тийш  явах зам зуур Далантүрүү хэмээх газар үдлэн буудаллахад очиж мөргөөд, мутрын адис авчээ. Мөн тэр жилээс багш лам Галсандаш, Лувсандаваа хэмээх хоёроор “Ямандага бурханы уншлага чого”, сахиусуудын хангал уншлага зэрэг зан үйл чогын номуудыг  заалган, шамдан цээжилж эхэлжээ. Арван дөрвөн насанд, Мянаг хувилгаан Цүлтэмдамбий-ням хэмээх ламыг Орлой мэргэн лам нутагтаа залан авчирсанд хүрч очоод мөргөсөн бөгөөд Гүнрэг, Минтүг, Жанрайсэг бурханы авшиг хүртэж, тарнийн хөлгөний үүдээр оржээ. Мөн тэр Мянаг хувилгаан ламаас “Ганданлхавжаа” тэргүүтэй их бага олон номын лүн эш хүртсэн байна. Тэр жил дөрөвдүгээр богд гэгээн Утай руу явах замд нь мөргөж, адис авсан бөгөөд “Ганданлхавжаа” номын аман эшийг ч сонсчээ. Арван таван нас хүрсэн үед Ажаа гэгээнтэн Долоннуураас Их Хүрээ тийш явах замд нь уулзаад, мөргөж, “Арван гурван бурхант ямандагын бүтээл аргын хайрцаг лугаа хавсарсан”-ы эш лүнг сонсов. Тэр жил Энэтхэг ёсны Сандуй, Мижид гучин хоёр бурханы уншлага номыг цээжилжээ.  

            Арван зургаан нас хүрсэн үед Галсандаш багшаасаа “Итгэлийн хөтөлбөр” хэмээх хэдэн жижиг ном заалгав. 

              /Үргэлжлэл бий/
             
        

0 comments:

Post a Comment