Showing posts with label Мила богдын намтар. Show all posts
Showing posts with label Мила богдын намтар. Show all posts

Wednesday, August 1, 2012

Мила богдын намтар

Гуравдугаар бүлэг

Өшөөт дайснаа гэсгээсэн нь

Райчүнва дахин асуув. “Багш минь, Та анх эхлээд нүгэлт хар үйлийг хийсэн хэмээн айлдсан тэр чухам юуг хийсэн юм бэ” хэмээн асуухад “Хараал хийж, мөндөр хяруу оруулж хилэнц нүгэл хураасан юм” гэв. “Багш аа, хараал хийж, мөндөр оруулж сурах гол шалтаг нөхцөл нь юу байсан бэ” хэмээн айлтгахад “Би тийнхүү Митодгадхаад үсэг бичиг заалгаж сурч байх үед, Жа-Азагийн адагт нутаглагч нэгэн айл архи айргийг бялхуулсан их баяр хурим хийж, найрын тэргүүнд миний багшийг залж аваачив. Би багшид бараа болж хамт очлоо. Тэр найран дээр архи нь нэн элбэг байсан болон багш мөн өөрийнхөө хишгийг ч надад уулгаснаар би согтож хөлчирсөн байлаа. Багш, тэр айлын өгсөн бэлэг сэлтийг надад өгч “Харьж бай” гээд урьдаар явуулсан учир би багшийн гэрийн зүг явав. Миний архинд согтсон, тэр өдрийн найрны дуучдад сэтгэл татагдсан хоёр нийлэлдэж, дуу дуулмаар санагдаад, угийн эвлэг хоолойтой учир, дуу аялаж, төрсөн гэрийнхээ өмнүүр өнгөрдөг замаар алхсаар байшингийнхаа харалдаа ирэх үед ч дуулсаар явж байлаа.

Ээж маань гэртээ арвай хуураад суун атал хүн дуулахыг сонсоод “Юу билээ, энэ чинь миний хүүгийн дуутай яасан адилхан дуутай хүн бэ. Бид эх үрсийн зовлон нь газар даашгүй байтал миний хүү юу гэж дуулаа аж” хэмээн итгэлгүй харвал, намайг мөн байхыг мэдээд босон харайж, хусуураа зүүн тийш нь,  хутгуураа баруун тийш нь шидээд, тогоон дахь арвайгаа тэр чигт нь түлж орхиод, баруун гартаа шүүр барьж, зүүн гартаа үнс атгасаар, шатаар буухдаа, гишгих газарт нь гишгиж, харайх газарт нь харайсаар гарч, гүйж ирээд, гар дахь үнсээ нүүрэнд цацаж, шүүрээр хэдэнтээ толгой руу цохиод, “Мила Шаравжанцан чамд ийм л хүү төрсөн байна. Чи аль эрт үхэж одоод, бид эх үрст үйл лайгаа орхиод явснаа харж байна уу” гээд ээж минь түрхэн зуур багтран муужирч суун тусав. Дүү маань ч гарч ирээд “Ах минь танд ухаан бодол гэж байна уу, ээжийг та хар л даа” хэмээн уйлсаар суухад, “Чиний хэлдэг үнэн” гээд би ч өөрөө ихэд уйллаа. Бид ах дүү хоёр уйлсаар ээжийн гараас сэгсчин дуудаж байтал удалгүй ухаан орж босоод, нулимс дүүрэн нүдээр над тийш хэсэг зуур харц тогтоон ширтээд “Хүү минь, бидний зовлонд газар цөмөрмөөр атал, чи харин дуулж байна гэж үү. Би, муу хөгшин эх чинь, ухаан санаагаа алдаж, уймарч гүйцээд, уйлахаас өөр чадалгүй болоод байна” гээд гаслан орилоход дүү бид хоёр ч уйлж, гурвуул хэсэг уйлалдлаа. Тэгээд би ээждээ “Ээж минь таны хэлдэг бүгд зөв. Ийм зовлон өөр хаана ч байхгүй. Одоо би ээж таны юу хий гэсэн болгоныг хийе” гэвэл ээж минь “Хүү минь, миний хүсэл бол чи минь бат сайн хуягийг өмсөж, аргамаг сайн морийг унаад, эмээл дээрээ дөрөө жийн давхиж, атаат эдгээр дайсныг шилдэн хөөж ирвээс бах ханах байна. Гэвч тэр одоо бүтэхгүй биз. Тэгэхээр муу арга мэхээр л үзэхээс өөр гарцгүй болсон тул хараал хийх, зүхлэг тавих, мөндөр зуд буулгах энэ гурван аргыг чинээ хэмжээнд нь тултал сураад авга ах, авга эгч тэргүүтэй, эх үрс бидэнд зовлонг өгөгч, энэхүү нутаг орны хүмүүсийг есөн үеэр нь удмыг нь таслах нэгнийг бүтээхийг чамаас горьдож харж сууя даа” гэж хэлэхэд би “Тэгье. Харуулая. Ээж та багшид өгөх бэлэг, миний хэрэглэх хүнс хэрэгслийг аль боломж байгаагаараа бэлдэж өгөөч” гэлээ. Ээж минь хараал сургахаар явуулахын хэрэгцээнд Брэбэданчүн тариалангийнхаа хагасыг зарж, үнэд нь гэрэл цацарсан их одот оюу нэг ширхэг, хазааргүй арслан нэрт цагаан зүсмийн нэгэн морь, хоёр уут будаг, хоёр шуудай тариа авч, хоёр шуудай гурилаар замын хүнс хоолыг бэлдэв. Би Гүнтан нутгийн Лхүндүв донхан хэмээх буурчийн газар хэд хоног байж, замын хань нөхөр сураглаж байтал, Аарий-Дол нутгийн таван хээнцэр хүвгүүн хүрч ирээд, Үйзан руу хараал сурахаар явцгааж байна гэхийг сонсмогц, би тэдэнд “Би ч бас хараал сурахаар явах гэж буй тул та нартай зам нийлье” гэвээс “Болно оо, тэгье” гэж хэлцгээв. Гүнтангийн адагт орших гэртээ дагуулж ирээд хэд хоног тэднийг амраав. Тэгэх зуур ээж минь миний ардуур тэдэнд “Манай энэ хүүд зүрх зориг гэж юу ч үгүй. Та нар шахаж шамдуулан хичээлгэж хараалд маш сайн мэргэшүүлж сургаарай. Энд буцаж ирэхэд чинь би та нарыг шагнана шүү” хэмээн хэлж байв. Тэгээд мориндоо хоёр уут будгаа тэгнэж, оюугаа өвөртөө хийгээд, бид замдаа гарахад ээж минь үдэж, өнө хол газар хамт явсаар, үдлэгийн архийг уухаар бууцгаахад, ээж минь нөхдөд ам захиасыг олонтоо хэлж байв. Ялангуяа намайг зайдуу аваачиж, ээж хүү хоёр салж төвдөхгүй, ээж миний гараас бариад атгалан атгалан, нүдэндээ нулимс мэлтэрүүлж, уйлагнасан дуугаар “Хүү минь, бид эх үрсийн хувь заяа ямар буйг хар. Тэдний хараал бидний хараалтай адилгүй шүү. Тэд хээнцэр энхэрхэн хүүхдүүдийн хараал бол гайхуулж, эд барьц олох гэсэн л төдий байна. Бид эх үрсийн хараал бол зовлонгийн тартагт тулагсдын хараал тул чи зүрх зоригоо гаргадаг юм шүү. Хэрэв зээ, хүү минь чи, нутаг орондоо хараалын шинж гаргалгүй харьж ирвэл, би муу хөгшин эх чинь нүдэн дээр чинь амиа хорлож үхнэ шүү” гэж хэлэв. Ээждээ амлалт тангараг өгөөд бид эх үрс салан явцгаахад, би ээждээ сэтгэл хоргодох нь дэндүү болж, байн байн эргэн харсаар, уйлж явлаа. Ээж минь ч ганц хүүдээ сэтгэл хоргодон, бидний бараа сүүдрийг тасран тасартал ширтэн харж, уйлан суусаар байсан бөгөөд би ээжрүүгээ эргэж очоод хоромхон зуур уулзаад ирэх үү, яахав хэмээх бодол төрж ээждээ маш их сэтгэл хоргодож байсан минь бид эх үрс дахин хэзээ ч уулзахгүйгээ мэдэрсэн сэтгэлийн зөн байжээ. Биднийг бараа тасрахад ээж минь уйлсаар гэр лүүгээ буцжээ. Хэд хоногийн дараагаас “Нянца Гаржангийн хүү хараал сурахаар явсан гэнэ” хэмээх яриа нутаг оронд ихэд тархжээ.

Бид Үйзангийн замд орж явсаар, Занрон нутгийн Ягдэ хэмээх газар хүрч, тэр нутгийн нэгэн их баян хүнд морь, будгаа зарж, үнэд нь алт авч өвөртлөөд, Занбо мөрнийг арласаар Үйд хүрч очоод Тонлүгра-ха хэмээх газар Үйгийн олон хуврага, бандь нартай уулзаж, тэднээс “Үйд хараал, шившилгэ, мөндөр гуравт мэргэжсэн хэн гэдэг лам байна” хэмээн асуувал нэг бандь хэлсэн нь “Ярлүнжорбо сууринд Няг Юндонтожал хэмээх лам сууж буй. Тэр л хараал шившилгэ зэрэг хатуу тарнид шид олсон хүн дээ” гэсэн бөгөөд тэр бандь өөрөө түүний шавь нь ажээ. Тэгээд бид Юндонтожал ламыг зорьж, Ярлүнжорбо сууринд хүрлээ. Лам лугаа уулзахдаа, тэдгээр нөхөд гарын бэлэг ойр зуурхан төдийгөөс илүү юм барьсангүй. Би алт, оюу бүхнээ өргөөд, үүнээс гадна бие, хэл, сэтгэл гурваа ч өргөе. Миний нутагт жаргалыг минь булаасан хэдэн өрх айл буй тул нутаг оронд шинж тэмдэг гаргах туйлын сайн хараалыг сургахыг зөвшөөрнө үү. Тэр хүртэл хоол хувцасыг ч та болгооно уу” хэмээхэд лам инээмсэглээд “Чиний хэлснийг тунгааж бодоё” гэв. Тэндээс бидэнд туйлд хүрсэн хараалыг заагаагүй. Тэнгэр газрын савсалга нийлэх нь үү гэлтэй санагдахаар цасан шамарга оруулах төдийн муу тарни нэгэн хэдхэн ба мөн бас тустай увдис тарни гарын авлагын хамт нэгээхэн хэдхэн төдийг зааж өгөөд нэг жил орчим болов. Манай нөхөд цөмөөр буцахыг завдаж суусанд, багш лам маань, Үйгийн цэмбээр нэг нэг сайн дээл оёулж тэдэнд өгч байв. Би сэтгэл дундуур болж, эдгээр хараалаар нутагт ямарваа шинж гаргана гэдэг бэрх, хараалын шинж гаргалгүй нутагтаа эргэж очвол ээж амиа хорлож үхэхээс өөр юм болохгүй хэмээн буцах бэлтгэл хийхгүй сууж асанд нөхөд маань “Тойвгоо ч явахгүй бололтой” гэцгээв. “Би явахаар хараал сурсангүй шүү дээ”  гэхэд тэд “Бид нямба тоог нь гүйцээж чадвал энэ бүх гүн увдис бидэндээ болно. Лам багш өөрт нь ч үүнээс илүү юм үлдээгүй биз” гэлцэн байсан бөгөөд “Бидний хувьд хараалын талаар илүү дутуу гэх сэжиг таамаг алга. Багшид илүү юм үлдсэн эсэхийг чи өөрөө харж үз дээ” гэв. Тэд багшид гялайсан баярласнаа хэлцгээж, бэлэг өгөөд, мордоцгооход, би ч багшийн өгсөн дээлийг өмсөөд тэднийг замдаа ортол дагаж үдэв. Эрүүл энхийг ерөөгөөд тэд нутагтаа буцаж одов. Би Ламын хажууд ирэх зам зуур адууны хомоол, үхрийн аргал, нохойн баас гурвыг түүгээд хүрч ирээд, түүсэн хормой дүүрэн тэдгээрийг багшийн өмч тариалан нэгэн буй, түүний захад нүх ухаад булав. Багш өргөөнийхөө дээвэр дээр сууж аснаас намайг харж, хэдэн шавь нартаа “Надад өмнө нь өчнөөн л шавь нар байсан ч үүн шиг халамжтай нь гараагүй. Одоо хойшид ч гарахгүй. Тэр өнөө өглөө надад мэнд сайн суухын ерөөл айлтгахаар ирээгүй тэр нь ч буцаж ирэхийн тэмдэг байж. Тэр анх манайд ирэхдээ “Миний нутагт жаргалыг минь булаасан хэдэн өрх айл буй тул хараал соёрхоно уу, бие хэл сэтгэл гурваа өргөе гэж хэлсэн. Хэлсэн нь үнэн бололтой. Түүний ярьсан тэдгээр зүйл үнэн болох атал хараал зааж өгөхгүй бол хөөрхий болно” гэж хэлснийг нэгэн хуврага надад хэлсэнд лавтайяа ахицтай нэгэн тусгай хараалыг заах нь хэмээн баярлаад багшийн дэргэд очвол багш “Тойвгоо, чи яагаад явсангүй вэ” гэв. Тэгэхэд би лам багшийн өгсөн дээлийг өөрт нь эргүүлэн бэлэг болгож өргөөд, өлмийд нь толгой тулган, “Багш минь, бид эх үрс гурвуул билээ. Авга ах, авга эгч тэргүүтэй нутгийн хэдэн айл өрх дайсагнаж, тун зохисгүй явдал элдвээр биднийг зовоосон юм. Тэдний уршгийг өөрөөр хариулах хүч алга тул ээж минь намайг хараал сургахаар илгээсэн билээ. Би хараалын шинж тэмдэг нутагтаа гартал хийж чадалгүй буцаж харьвал миний нүдэн дээр ээж амиа хорлож үхнэ гэсэн буй тул би явсангүй. Тэгэхээр хэмжээ чинээнд нь тулсан нэгэн хараалыг зааж өгнө үү” хэмээн гуйгаад уйлсанд “Чамайг нутгийнхан чинь яаж зовоосон юм бэ” гэв. Би эцэг Мила Шаравжанцан нас нөгчсөнөөс эхлээд авга ах, авга эгч нарын зовоосон ёсыг уйлагнасан дуугаар дэлгэрэнгүй хэлсэнд лам багш өөрөө ч мэлмэртэл уйлаад, тэр хэрэв үнэн бол арай л зохихгүй юм хийсэн байх тул хараалыг би ч хийсэн болох байна. Тоомсоргүй орхиж болшгүй нь. Ер нь миний энэ хараалын төлөө, дээд Аарий гурван аймгаас алт, оюуг олон зуу, мянгаар нь өргөдөг. Доод Амдо Хамын гурван шилээс сэвсгэр цай, хувцас торгыг олон зуугаар нь өргөдөг, завсар Үйзангийн дөрвөн хошуунаас цэмбэ, нэхий, тос, арвайг хэдэн мянгаар нь л өргөж байдаг. Жар, Дүг, Гон гурван нутгаас сарлаг, адуу, үхэр, хонийг хэдэн зуугаар нь өргөл болгодог байтал бие, хэл, сэтгэл гурваа өргөе гэсэн хүн чамаас өөр гарсангүй учир чиний тэр үгийг түргэн шинжиж лавлая” гэв. Тэр үед багшид мориноос хурдан, заанаас ч хүчтэй нэгэн шавь хуврага байсан агаад түүнийг миний нутаг руу харуулахаар илгээсэнд тэрээр хурдан буцаж ирээд “Багш минь, Тойвгоогийн хэлсэн үнэн байна. Хараалыг маш сайн өгөх хэрэгтэй болжээ” хэмээснээр багш надад хандан “Анх хам хумхан зааж өгсөн хараал бол чиний хэлсэнд эргэлзэж байснаас болсон юм. Одоо чиний хэлсэн үнэн гэдгийг мэдсэн учир хараалын увдис өгөх, хараал сургах өөр нэгэн хүн рүү явах хэрэгтэй боллоо. Надад улаан хар нүүрт гаригын хараал гэх Хум гэвэл үхдэг, Пад гэвэл муужирдаг нэгэн хараал бий. Түүнийгээ Занронгийн Нүвхүлүн хэмээх газрын Хүлүнба Ёндонжамц хэмээх, эм эмнэлгийн зүйлийг ч мэдэх, мөнхүү тарнийг ч мэдэх нэгэн лам буй түүнд зааж өгсөн юм. Түүнд мөндөрийг хуруугаар хөтлөж оруулдаг нэгэн хараал буй түүнийгээ надад зааж өгсөн юм. Бид хоёр  найз нөхөд болж, надаас хараал сурахаар ирэгч бүгдийг түүнлүү илгээх, түүнээс мөндөр оруулахыг сурахаар ирэгчдийг надад илгээдэг буй. Тиймийн тулд чи ч түүний дэргэд миний энэ хүүгийн хамт очих хэрэгтэй” хэмээн хэллээ.                               


Орчуулсан Ж.Ерөөлт

Өмнөх бүлгүүдийг эндээс уншина уу!

Monday, July 2, 2012

Мила богдын намтар

Хоёрдугаар бүлэг

Сэтгэл шимширхүйц гашуун зовлонг үзсэн нь  

Райчүн мөнхүү асуув. “Багш аа, анх эцгээсээ хагацаад гашуун муу доромжлолыг олонтоо үзсэн гэж айлддаг байсан тань юу байсан бэ” гэхэд “Тэгээд намайг долоон нас хүрэх үед, эцэг Мила Шаравжанцан хүнд өвчин тусаж хэвтэрт ороод, эмч домч, мэргэч төлөгч нарт үзүүлвээс эдгэхгүй хэмээн хэлцгээж ямар ч арга чарга хийсэнгүй. Ах дүү амраг садан бид ч түүний өвчин илааршихгүйг мэдэцгээв. Эцэг тэрээр өөрөө ч эдгэнэ гэсэн итгэл найдвар нь тасраад авга ах, авга эгч тэргүүтэй ойр холын хамаатан садан, анд нөхөд, гэмгүй явдаг нутгийн зарим нэгэн хүмүүсийг дуудан ирүүлж, гэргий, хүүхэд, эд малаа захиж хэлээд, үгийнхээ төгсгөлд “Эцгийн голомтыг хүүд нь залгамжлуулах” тухай дэлгэрэнгүй бичсэн гэрээс бичгийг бүгдэд уншиж сонсгов. Тэгээд гэрээс бичгийнхээ утгыг хурааж хэлсэн нь “Би энэ өвчнөөс одоо нэгэнт мултарч чадахгүй боллоо. Тэгэхээр миний энэ хүү эдүгээ бага балчир байгаа учир авга ах, авга эгч тэргүүтэй садан хамаатан та бүгдэд захиж даатгах зүйл минь бол миний гол чухал өмч болсон үхэр, адуу, хонь гурав, гар зуурын өмч болсон гурвалжин Ормо гэхчлэн нүдэнд багтахгүй талбай бүхий тариалан газар, байшингийн доор буй үхэр, ямаа, илжиг гурав, дээд асарт байгаа алт, мөнгө, зэс, оюу, торго дурдан, үр будаа, тариа тэргүүтэн товчхон хэлэхэд хүний хэрэглэдэг бүхэн бусдаас царайчлахгүй элбэг буй бөгөөд үүний нэгхэн хувийг миний хойд буянд зориулаарай. Үлдсэнийг нь миний хүүг гэрлэж бараалтал та нар харж хандаж байгаарай. Ялангуяа хоёр авгадаа үүнийг тухайлан захия. Хүү минь багадаа Зэйсэ охин лугаа сүй тавьсан тул хүүг том болохоор Зэйсэтэй гэрлүүлэхдээ ээж нь өөрөө худ бэрийн угтлага бэлэг барааг илүү дутуугүй хүргэж, эцгийн голомтыг хүүд минь нэр төртэй залгамжлуулагтун. Тэр болтол миний гэргий хүүхэд эд гурвын минь жаргах зовохыг авга ах, авга эгч та нар садангууд минь мэд. Битгий зовоогоорой. Би үхэвч булш хүүрээсээ харж байх болно” гэж хэлээд нөгчив. Тэгээд эцгийн хойдын буяныг хийж дуусгаад, “Үлдсэн эд хөрөнгийг Няца Гаржан өөрөө эзэмшвэл зохих биз ээ” гэх мэтээр үг хэлэх зохистон бүгдээр санаа нэгдэн хэлж, биднээс “Яавал дээр вэ” хэмээн асуутал, авга ах, авга эгч хоёр “Ойр дотно нь гэвэл бид л байна. Дүүгийнхээ эхнэр хүүхдүүдийг бид зовоохгүй. Эд малыг нь гэрээсийн дагуу бид харж хадгалж байя” гээд манай нагац болон, Зэйсэгийн эцэг эх нар тэдэнд хичнээн учирлан хэлээд үгийг нь тоолгүй  эр хүний эдэлдэг бүхнийг авга ах, эм хүний хэрэглэдэг бүхнийг авга эгч хураан авч, бусдыг нь тэхий дундуур нь хувааж авцгаагаад “Та эх үр гурвуулыг тэжээнэ” гэцгээн бидэнд ямар ч эд мал өгсөнгүй ээ. Тэр ч байтугай бид зун тариа бордооны үйлд авга ахын боол, өвөл ноос ноолуурын үйлд авга эгчийн зарц, хоол гэж нохойн хоол, хийлгэдэг ажил нь  илжигний ажил, хувцас гэж таранхай тамтаг хөдөрч, бүс гэж шидэмс бүслээд, чөлөө сэхээгүй ажилласаар гар хуруу минь  хагарч осгоруутаж эвэршээд, хувцас муутайн эрхээр царай биений өнгө зүс хөсрий дааж, бие турж, ёстой л яс арьс гэгч болов. Эцгийг байхад алт оюу гялтагнаж байсан үс гэзэг минь үнсэн саарал юм болж, бөөс хуурс гялтагнаж явах боллоо. Үзэж, сонссон бүхний сэтгэл сэмэрч, нулимс асгарч байсан гэдэг. Авга ах, авга эгч хоёр улс амьтны ил далд муу хэлэхийг юман чинээ үл бодон бид эх үр гурвуулыг тарчлаан зовоож байсан тул ээж минь авга эгчийг Чүнца балдан (Гарьдын зээ тэгш цогт) биш Дүдмо дагдан (Барсын дайтай өлөгчин шулам) байна даа хэмээн хэлсэн тул авга эгчийг Дүдмодагдан гэж нэрлэх боллоо. Ертөнцийн зүйр үгэнд “Эзэн бус нь эзэн сууж, эзэн нь үүдний нохой болно” гэдэг л бид эх үрст тэр үед тохиолдсон юм даа. Урьд эцэг Мила Шаравжанцанг амьд ахуйд сайн муу хүн бүхэн бидний царайг хардаг байсан бол бид хожим хамаг эд хөрөнгөнд минь эзэн суусан авга ах, авга эгч хоёрыг царайчлан  харж явах боллоо. Нутгийн хүмүүс ээжийн минь тухай “Эр нь хүчирхэг бол эм нь хэрсүү. Ноос зөөлөн бол цэмбэ сайн” гэж хэлдэг тэр чухам үнэн үг юм. Өрх гэрийн нуруу хугараад өгөхөөр ийм л болж байна. Анх Нянца-Гаржан нөхрийн сайнаар харц дээгүүр, толгой өндөр, ухаан хурц, цээж тэнүүн, ундтай устай явдаг байсан. Харин одоо ухаан нь мохож, тэнхэл нь тасарсан байна даа” хэмээн ярьцгааж, өнчин хүнд ноён олон гэгчээр биднээс ядуу нь ч араас шоолж тавлаж байх болов. Надад Зэйсэгийн эцэг эх дээл гутал, эд зүйл хааяа өгч, “Эд хөрөнгө гэдэг хэврэг батгүй, өглөө эртийн өвсний шүүдэр л гэсэн үг, тиймээс эдгүй ядуу гэж бүү гутар. Чиний өвөг дээдэс чинь хувхай хоосноос л хөрөнгөжсөн хүмүүс. Та нар амьд л байсан цагт эд хөрөнгөтэй болох цаг ирнэ, гайгүй” хэмээн сэтгэлийг минь байн байн засаж тайтгаруулдаг байлаа.

Түүнээс намайг арван таван нас хүрэх цагт, ээжид эцэг эхээс нь өвлөгдөн ирсэн бөгөөд  нагац ах минь тариа тарьж амьдралаа залгуулдаг, Брэбэ-данчүн хэмээх нэр нь ёозгүй ч ургац ашиг нь сайн тариалангийн газраас нагац минь жил бүр арвай далд хийн хураан хуримтлуулсаар байсан нь нэлээдгүй их болсон түүгээрээ их мах худалдан авч, цагаан арвайгаар гурил бэлдэж, хар арвайгаар архи нэрээд “Нянца Гаржан дүү минь үр хүүхдүүдийнхээ хамтаар эд хөрөнгөө өвлөж авахад нь хэрэглэнэ” хэмээн хадгалж суужээ. Тэгээд бид өөрсдийн “Дөрвөн баганат, найман нуруут” байшиндаа олон олбог ширдэг бусдаас гуйж дэвсээд, авга ах, авга эгч нар тэргүүлсэн ах дүү садан хамаатан, нутгийн сайн ханддаг бүгдийг урьсны дээр ялангуяа эцэг Мила Шаравжанцангийн нөгчих үеийн явдал, гэрээсийн бичгийг мэдэх хүмүүсийг дуудаж ирүүлээд, авга ах, авга эгч хоёрын өмнө ууц сүүл тавьж, бусад хүмүүст бүхэл оногдох ёстойд бүхэл, мөч оноох ёстойд нь мөч оноож, шаазан аягаар архи сөгнөж, сайхан найрыг үүсгээд, ээж минь, найрлагчдын дунд босож зогсоод, “За тэгэхээр, хүү төрөхөд нэр, архи уухад үг гэж байдагчлан би ч хэд гурван үг хэлье. Эцэг Мила Шаравжанцан нас нөгчих үедээ гэрээс захиас хэлж асныг мэдэх өндөр настан хүмүүс болох авга ах, авга эгч нараар тэргүүлэн энд суугаа та бүгд сонсцгооно уу” гэхийн хамт нагац ах, эцгийн гэрээс бичгийг уншиж дууссаны дараа ээж маань “Саяын уншиж сонсгосон энэ бичгийн үг утга нь энд суугаа ахмадуудын санаанд тодорхой санагдаж буй тул олон үг нуршиж ярих хэрэггүй болов уу. Утгыг нь хураангуйлж хэлвэл авга ах, авга эгч хоёр, эх үрс биднийг халамжлан үнэхээр сайхан туслан тэтгэснийг үргэлж санаж явахаа хэлэхийн хамт, одоо миний хүү, Зэйсэ бүсгүйтэй ханилж, өрх гэр тусгаарлах цаг болсон тул бидний хадгалуулсан эд хөрөнгийг өгнө үү. Зэйсэ охиныг бэр буулгаж, худ ураг бололцон, аавынх нь гэрээслэсэн ёсоор эцгийн голомтыг хүүд нь өвлүүлж өгье” хэмээн хэлэв. Авга ах, авга эгч хоёр урьд нь хоолон дээр ходоод нийлэхээс биш, үгэн дээр ам нийлдэггүй атал энэ өдөр ам санаа нэгдээд, намайг ганц гэж бүүрэлхэж, авга ах олон хүүгээрээ түрүү барин, “Та нарын эд мал гэж хаана байгаа юм бэ. Мила Шаравжанцан тэрээр эсэн энх, тэнхлүүн байхдаа биднээс тариа, байшин, мал үхэр, алт оюу зээлж авснаа үхэх үедээ буцааж өгсөн юм. Та нарын юм гэж нэгээхэн цэн алт, нэгээхэн атга арвай, нэгээхэн олгой тос, нэгээхэн алд торго, газар гишгэх ганц малыг ч үзээгүй. Та нарын энэ гэрээс бичиг гэгчийг хэн бичсэн юм бэ? Өнчин өрөөсөн та нарыг өлбөрч үхүүлэлгүй тэжээсэн нь их юм. Ер муу хүнд мэдэл өгвөл мөрөн голын усыг ч хэмжинэ гэгч энэ байх даа” гээд хүү нартайгаа үсрэн босож ирээд, хуруугаа инчдэн, хормойгоо сэгсэрч, хөлөө дэвслээд “Тэгэж даварч байгаа бол байшин чинь ч бидний өмч тул та гурав гарч зайл” хэмээн ээжийг алгадан зодож, дүү бид хоёрыг дээлийнхээ сугалдаргалан унжуулсан ханцуй нударгаараа ороолгож нүдэв. Тэр үед ээж минь “Мила Шаравжанцан чи эхнэр хүүхэд биднийхээ хувь заяаг харж байна уу? Би булш хүүрээсээ харна гэж хэлсэн тэр харж үзэх цаг чинь эдүгээ болсон байна” гээд уйлан, түрүүлгээ харж ойчоод, холбирч өнхөрч байв. Дүү бид хоёр уйлахаас өөр олигтой юу ч хийж чадахгүй байлаа. Нагац ах ч авга ахын олон хүүгээс айгаад өмөөрч чадсангүй. Нутгийн бусад хүмүүсээс бидэнд сайн ханддагууд нь бид эх үрсийг хөөрхий хэмээн өрөвдөн уйлж байсан бөгөөд бусад нь ч сэмхэн шогширч байсан ажээ. Авга ах, авга эгч хоёр “Биднээс эд хөрөнгөө нэхээд байсан, тэр чинь та нарт өөрсдөд чинь байгаа биш үү. Нутаг орны айл хунарын хүмүүст архи махыг амь хайргүй бэлдэж хурим найр хийсэн энэ чинь та нарын хөрөнгө биз дээ. Бидэнд л лав байхгүй. Байлаа ч гэсэн өгөхгүй. Та эх үрс өнөр болвоос цэрэглэн ирж хөрөнгөө авна биз, цөөн гэвэл хараал хийнэ биз” гэж хэлээд гарч одлоо. Түүний дараа бидэнд сайн санагч хүмүүс ч явцгаав. Ээж минь түрүүнээс хойш тасралгүй уйлсаар суусанд нагац ах болон Зэйсэгийн эх эцэг нар тэргүүтэн бидний дотно хүмүүс бүгдээр ээжийн сэтгэлийг засаж аргадахын тулд сууцгаагаад, үлдсэн архийг ууцгааж, ээжийг “Битгий уйл даа, уйлсны тус гэж юу байхав? Өнөөдөр найранд цугласан бүхнээс эд гуйж авч болно. Бид энд буй бүгдээр ч аль сайнаа өгцгөөе. Авга ах, авга эгч хоёроос чинь ч аль сайныг нь та нарт авч өгье” гэхэд нагац ах “Тэр ч тийм шүү. Тэгээд энэ хүүгээ эрдэм номд сурга. Та эх үрс манай гэрт суугаад, тариа тариалан эрхэл. Аль тустай бүхнийг л хийхээс өөр аргагүй. Ямар ч л байсан авга нартаа муугаа үзүүлэхгүй байх хэрэгтэй” гэж хэллээ. Ээж маань “Өөрийнхөө хөрөнгийг эзэгнэж чадаагүй байж, бусдаас гуйж олсон эдээр үр хүүхдээ тэжээхгүй. Авга нар, биднээс булаасан хөрөнгөөсөө нэг хэсгийг нь өгье гэсэн ч бидэнд одоо хэрэггүй. Энэ хүүгээ эрдэм сургахаар яав ч явуулая. Бид эх үрсд аваг ах, авга эгч хоёр эд малыг минь өгөхгүйн дээр, бид гуйлга гуйж царай алдаж амьдарваас тэр хоёрын бах тав улам ханах биз. Энэ байгаа тариалангаараа аргацааж сууя даа” гэлээ. Тэгээд Жа-Азагийн Митод гадха хэмээх газарт, Нинмааваа хуучин тарнийн багш, лус найман аймгийг тахигч, айл амьтанд хүндтэй нэгэн амьдарч асан түүн рүү намайг бичиг үсэг сургахаар явууллаа. Тэр үед садангууд ч ганц хоёр эд зүйлийг өгсөн бөгөөд ялангуяа Зэйсэгийн эцэг эх хоёр хүнс хоол, аргал түлш өгч туслав. Зэйсэ намайг бичиг үсэг сургах айлд хүргэж өгөхдөө ч сэтгэлийг минь байн байн засаж явав. Нагац ах маань ээж, дүү хоёрыг айл амьтанд зарцлуулахгүй гэж аль чадахаараа хоол ундыг өгч, ээжийг гуйлгачин болголгүй, хүний дайтай амьдруулахыг хичээж байв. Ээж минь ойр зуурын оёдол нэхмэлийн үйл хийж олсоныгоо аль чадахаараа хурааж, дүү бид хоёрт өгдөг байлаа. Дүү минь байгаа чадлаараа хүний амьтны гар хурууны үзүүрт зарагдаж, айл амьтан хэсүүчлэн явж, хоол хувцас олж байсан ч гэлээ бид гэдэс дундуур, мөр нүцгэн, сэтгэл гундуу, жаргалын бараа ер харсангүй билээ” хэмээн Мила богдыг ярьж дуусахад түүнийг сонсож суугаа тэд бүхний сэтгэл үймэрч, гансран, уйлж, хэсэгтээ л чимээ аниргүй байцгаалаа.

Гашуун зовлонг амсаж, санаа сэтгэл цөхөрсөн тухай өгүүлсэн хоёрдугаар бүлэг төгсөв.                        

Орчуулсан Ж.Ерөөлт
                  
Эхний бүлгийг эндээс уншина уу!

Friday, June 15, 2012

Мила богдын намтар

Түвдийн түүх намтарын зохиол туурвилын энгүй их баялаг нь Түвдийн утга зохиолын өв соёлын сангийн ихээхэн хэсгийг эзлэж байдаг юм.
Нийтийн тооллын VIII-IX зууны үед Түвдэд түүх цадгийн олон ном зохиол туурвигджээ. Тэдгээр зохиолуудын нэг нь “Миларайвын намтар” буюу “Милын намтар” юм.

Мила богдын намтар


Миларайвын намтар нь 15-р зууны эцсээр зохиогдсон бичгийн их туурвил мөн бөгөөд Түвд үндэстэн бүхнээ нэн алдартай юм. Уг номыг зохиогч Санжаажанцан (1452-1507) нь тарнийн номонд онц мэргэжсэн нэгэн байсан бөгөөд “Зангийн галзуу Хэрүга” гэж ч нэрлэгддэг юм. Мөн Гаржүдба ёсны нууц тарнийн увдис номонд суралцсаны тул “Ясан чимэгт” ч гэж хэлэгддэг байна. Түүний зохиосон олон номын дотроос “Милын цадиг дуулал” нэн алдартай бөлгөө.
Миларайба (1042-1123) нь түүхт нэгэн хүн бөгөөд Гаржүдын шашныг үндэслэсэн Марба хэлмэрч Чойжи-Лодой ламын шавь нь мөн. Миларайвын цадиг түүх нь бүхэлдээ уйтгар гуниг, гансралын хэлхээс бөгөөд түүний бага балчир ахуйд эцэг нь өнгөрч, орон гэр, тариалан, мал, эд хөрөнгө бүгдийг нь авга ах, авга эгч хоёр нь булааж аваад эх үр гурвуул (Миларайвын дүү охин) хэмжээгүй их зовлонг амсан зүдэрсэн агаад түүнээс улбаалан санаа сэтгэл нь машид хатуужиж, чин зоригоор олон жил бясалгал нямба, даяаныг үйлдсэн, түүний үр дүн нь нэн олон янзаар илрэн гарч ирсэн тухай өгүүлдэг юм. Миларайвын бүхэл насны амьдралын түүх үеэс үед амаар дамжин ирснийг дээр дурдсан Санжаажанцан суурь үндэс болгоод бичсэн ажээ.
Уул намтар зохиолоос үзэхэд Миларайвын ээж Нянца Гаржан нь хувиршгүй бат сэтгэлтэй, бусдад үл долигногч, хэрүүл зарганд хавтай, их хатуужилтай, хэрсүү ухаант бүсгүй бөгөөд энэрэн хайрлаж, өргөн хүндэлмээр нэгэн билээ. Доромжилон доройтуулагч дайснуудын өмнө үл бөхийн, хүүгээ хараалын увдис сургахаар алс хол илгээж, өштөн дайснаас өшөө авахыг батлан шийдсэн, хүү нь хараал хийсний үр дүн гарч дайсны олон хүн үхснийг сонсоод баярлан хөөрч, урт модонд цамцныхаа тамтагийг уяад даллан, их дуугаар хашгиран орилж буй тэр байдал нь нүдэнд харагдах шиг болдог билээ.
Намтар зохиолын дотор “Хичээл зүтгэлийг хэзээд үл орхих аваас үл бүтэх үйл нэгээхэн ч байхгүй” гэсэн зүйр үг байгаа мэт Миларайва чин зоригоор хараал увдис сурсаны ид чадлыг олж буй нь харагддаг.
Миларайвын намтар хэмээх энэ зохиолыг хамгийн анх Хөх хотын ширээт гүүш цорж монгол хэлнээ 17-р зууны үед орчуулсан бөгөөд 1949,1955 онуудад Хятад хэлнээ орчуулагджээ. 1925 онд Франц хэлэнд, 1931 онд Япон хэлэнд, 1951 онд Англи хэлэнд тус тус орчуулагдан хэвлэгджээ.     

                                            Мила богдын цадиг түүхээс

                                                        Нэгдүгээр хэсэг
                                                          Оршил хэсэг

Мила богд бээр Нянан хэмээх нутгийн Додпопүг хэмээх бясалгалын оронд олон шавь нар болон сүсэгтэн өглөгийн эздэд ном айлдан сууж байв. Тэр үед Мила богдын дотно шавь Райчүнва өөрийн бясалгалын урцандаа бясалгалд сууж байсанд шөнийн аль нэгэн үед ийнхүү зүүдэллээ. “Үржэн хандын орон гэж яригддаг маш сайхан нэгэн оронд хүрч очсон байх бөгөөд тэр газрын байшин барилга нь олон зүйл эрдэнээр хийгдсэн нэгэн их хотын дотор орвоос тэр хотын хүн ардууд торгон дурдан дээл хувцасыг өмсцгөөж, ясан болон эрдэнэсийг чимэг болгон зүүцгээсэн байх ажээ. Маш сайхан тунгалаг царай зүс бүхий тэдгээр хүмүүс юу ч үл ярин, гагцхүү Райчүн тийш мишээсэн харцаар ширтэн сууцгаах бөлгөө. Тэгтэл тэдгээр хүмүүсийн дотор өмнө нь Балбад уулзаж байсан Дипү хэмээх ламын шавь Варима хэмээх бүсгүй улаан дээл өмсөөд, тэдгээр улсыг толгойлон сууж байсан бөгөөд тэрээр босон ирж, “Дүү минь хүрээд ирэв үү. Ирсэн чинь маш сайн хэрэг болов” хэмээн хэлээд дагуулан явж, эрдэнэсээр барьсан нэгэн байшинд оруулж, таван тансаг бүрдсэн идээгээр зочилон дайлаад, хэлсэн нь “Одоо эдүгээ Үржэнд Мижодба бурхан ном айлдан сууж байна. Дүү минь чи ном сонсмоор байгаа бол би чамд зөвшөөрөл айлтгаж өгье” гэхэд ном сонсохыг туйлын их хүсэж “Тэгье” хэмээлээ. “Тэгвэл явцгаая” хэмээн бүсгүй хэлээд хамт явсаар хотын төвд хүрвээс эрдэнийн өндөр ширээн дээр урьд бясалгаж төсөөлж байснаас ч нэн илүү дүр бүхий Мижодба бурхан далай олон шавь нарын дунд ном заан сууж бүхийг үзээд баяр баясал, жаргал хөөр нэн их төрснөөс түрхэн зуур муужиран мансуурах мэт болов.
Тэгээд Варима хэлрүүн: -  Дүү минь, эндээ түрхэн хүлээж байгтун. Би бурханд зөвшөөрөл айлтгаад ирье – гээд явж зөвшөөрөл авч ирээд, түүнийг хөтөлсөөр бурханы өмнө хүргэв. Бурханы өлмийд мөргөж, бурханы мутараас адис аваад эгц өмнө нь сууж ном сонсож байтал бурхан инээмсэглэн хэсэг зуур Райчүнг ширтэн байсанд Райчүний санаанд “Намайг бурхан энэрэн болгоож байна даа” хэмээх бодол төрж байв. Мижодба бурханы айлдаж буй ном бүгд нь зөвхөн бурхан бодисадва нарын гарал угсаа, төрөл үе, намтар цадиг байсан тул тэр бүгдийг сонсоод сэтгэлд нь их бишрэл сүсэг төрж байлаа. Номын айлдварынхаа төгсгөлд Мижодба бурхан Дилоба, Нароба, Марба гурвын намтар цадгийг өмнө нь багшийн айлдснаас ч машид дэлгэрэнгүй, сонин сайхан түүх оруулан айлдсанд тэнд суусан шавь нөхөд манлай дээд сүсгийг олон суув. Төгсгөлд нь “Маргааш өглөө дээр өгүүлсэн тэдгээрээс нэн илүү гайхамшигтай Миларайвын цадиг түүхийг ярих тул сонсохоор ирцгээгээрэй” хэмээн бурхан хэллээ. Тэр үед ном сонсогч нөхдийн дотроос нэгэн хүн “Урьдах тэдгээр богд дээдсүүдээс илүү гайхамшигтай гэж баймааргүй юм аа. Хэрвээ үнэхээр тийм бол сонин сайхан, тансаг гайхамшиг нь санаа саванд багташгүй нэгэн байх нь дээ” хэмээн хэлэв. Өөр нэгэн хүн “Дээр намтарыг нь айлдаж өнгөрсөн тэдгээр богдсын эрдэм бол олон олон төрөлдөө буян хурааж, хилэнц нүглээ арилгаж баймааж нь олж авсан зүйл юм. Харин Миларайва бол ердөө нэгээхэн энэ төрлийн нас бие дээр урьд намтарыг нь өгүүлсэн  тэдгээр дээдсүүдээс дутахааргүй эрдэм олсон юм” гэв. Эхний хүн “Тэгвэл тийм гайхамшиг бүхий ном эрдэмтэн мөн буй аваас амьтны тусын төлөө намтарыг нь айлдахыг бурханд айлтгахгүй бол бид бурханы шавь нарт харамсалтай зүйл болох тул бие, хэл, сэтгэл гурваа чандлан хичээж, самбаачлан хүмүүн амьтны тусын тулд айлтгах нь зүйтэй биз ээ” гэхэд мөн нэгэн хүн “Тэр Миларайва одоо хаана сууж заларч байна вэ” гэв. Нэг нь “Тэрээр Агнист юмуу Утияанагийн аль нэгэнд л сууж буй байх аа” хэмээн хэлэхэд нь Райчүн “Багш маань эдүгээ Түвдэд залран сууж байна. Ямар ч л гэсэн эдгээр хүмүүсийн ярьж байгаагаас үзэхэд надад дохио санаа өгөх гэсэн нь илэрхий байна. Тэгэхээр амьтны тусын төлөө багшийн намтар цадгийг айлдуулах хэрэгтэй юм байна даа” хэмээн санан сууж ахуйд мөнөөх Варима хүүхэн Райчүнгийн гараас барьж, атгаж базан, сэгсчиж “Дүү минь ойлгосон биз дээ. Дүү минь ойлгож ухаарсан биз дээ” хэмээн хэлж байтал Райчүн нойроос сэрэв. Сэрээд харвал үүр хаяарч байсан бөгөөд өмнөхөөс нэн илүү ухаан санаа тунгалаг, буянд дурлах сэтгэл нэн хүчтэй байсны дээр саяын зүүдээ тунгаан бодов. “Үржэн хандын оронд олон шавь нарынх нь хамтаар Мижодба бурханаас ном сонссон нь маш зол гайхамшиг ажгуу. Түүнээс ч илүүтэй энэхүү лам багштайгаа уулзсан явдал бол аль ч талаар бодсон үнэхээр зол завшаан, гайхамшигт зүйл мөн байна. Мижодба бурханаас ном сонссон нь ч багшийн минь ач буян мөн юм. Зүүдний тэдгээр хүмүүс багшийг минь Агнист, Одияанагийн аль нэгэнд байгаа гэж байхад би Түвдэд байгаа гэж бодож суудаг нь лам багшийгаа дорд үзсэн миний өтөл тэнэг үзэл бодол мөн хэрэг. Багш минь угаас бурхан тул зохиол цадиг нь хэтэрхий, ялангуяа багш минь хаана сууна тэр орон газар нь Агнист, Одияана мэт бурханы орон мөн болох гэдэгт итгээгүй миний буруу үзэл энэ ичмээр зүйл мөн” хэмээн өөрийгөө олонтоо муучлан донгодоод “Зүүдний ном айлдагч бурхан, сонсогч Варима болон бусад олон нөхдийн хэлж ярьж буйгаас үзвэл намайг амьтны тус хэргийн төлөө багшийн намтарыг айлтга гэсэн дохио санамж мөн байх тул ямар ч болов айлтгах хэрэгтэй” хэмээн бодоод лам багшдаа онцгой нэгэн бишрэх сэтгэл үлэмж их төрж, биеэ чичиртэл чин зүрх сэтгэлээсээ залбираад түр нэг бясалгалд умбатал мөн л зүүд бясалгал хоёрын дунд “Үржэнгийн орны чимэг хувцаст цагаан, хөх, шар, улаан, ногоон өнгө зүс бүхий үзэсгэлэнт таван бүсгүй Райчүний өмнө зэрэгцэн сууснаас нэг нь хэлсэн нь “Маргааш өглөө Миларайвын намтар цадгийг айлдах тул сонсохоор явъя” гэв. Нөгөө нь “Хэн айлтгах юм бэ” гэв. Нэг нь “Дотно ууган шавь нар нь л айлтгах буй за” гэж хэлэх үед цөм Райчүн тийш инээмсэглэн ширтэж суусан гэдэг. Нэг нь хэлрүүн “Гайхамшиг бүхий номыг сонсоход бүгд дуртай байдаг тул бид ч залбирч гуйсан болох шүү дээ” гэвэл өөр нэг нь “Намтар цадгийг нь айлтгахад ууган шавь нар нь айлтгах зохистой биз. Бид болвоос түүний шашин номыг нь дэлгэрүүлж, тэтгэх үүрэгтэй” гэцгээгээд солонго мэт замхран одлоо.” Түүний хойно Райчүн ч бясалгал нойроос сэртэл аль хэдий нь өглөө болж, нар мандаж байлаа. Райчүний санаанд “Эгч дүү урт наст таван дагина дохио сануулга өгч байгааг ч сайн ойлголоо” хэмээгээд бясалгалаа завсарлаж, цай зоогоо ханатал зооглоод багшийн дэргэд хүрч очивоос далай олон шавь нар өглөгийн эзэд багшийн дэргэд зай завсаргүй зэрэглэн сууцгааж байв. Райчүн багшдаа мөргөөд, амар мэндийг айлтгаж, өвдөг сөхрөн, алгаа хавсарч, ийнхүү багшдаа айлтгал өргөв: “Багш минь ээ, өмнө өнгөрсөн бурхад арван хоёр зүйл зохиол цадигаар амьтны хэрэг тусыг хэмжээлшгүй үйлджээ. Түүний үр буянаар эдүгээ бурханы шашин дэлгэрэн гийж байгаа хэрэг. Дилоба, Нароба, Марба тэргүүтэй шидтэн лам нар ч тус тусынхаа намтар түүхийг айлдсан нь одоо хувьт шавь нарынх нь боловсрон гэтлэх зам мөрийн хөтөлбөр болоод байна. Тэгэхээр лам багш минь та эдүгээ бид шавь нарынхаа санаа сэтгэлийг улам хичээл зүтгэлтэй болгохын тухайд болон ирээдүйн хувьт шавь нарыг ч хөтлөхийн тулд, мөн бас хотол олон амьтны төлөө их энэрэл нигүүлслээр багш та өөрийнхөө овог, гарал, угсаа язгуур сэлт цадиг намтараа айлдан соёрх” хэмээн гуйн залбирвал багш тэрээр инээмсэглэн “Райчүн аа, миний учир жунцан чамд тийм хэрэгтэй байгаа болоод чи асууж байгаа бол хариулая. Миний овог Чүнбо, язгуур Жосрай, миний өөрийн нэр Миларайва. Эхлээд нүгэлт үйлийг ч хийсэн. Дунд хэрд буяныг ч хийсэн. Харин одоо буян нүглийн үйлээс ангижраад үйлээ барсан тул ирээдүйд ч хийх үйлгүй болоод байж байна даа. Тэдгээрийн тухай дэлгэрүүлж ярих юм бол заримд нь уйлмаар, заримд нь инээмээр учир шалтгаантай юм олон бий. Хэлж ярьж болох ч хэрэг тусаар бага тул настай хүн амар тайван хэвтэхээ бодъё доо” гэхэд мөн Райчүн мөргөөд гуйсан нь “Ээ, багштан минь ээ, та анх бэрхшээл хатуужлаар гүн увдис номыг бясалгаж, нэгэн сэтгэлээр шамдан суусаар эдүгээ ахуй ёс хоосон чанарыг илт оноод, хамаг номуудыг барсан тул ирээдүйд хүлэгдэх нэгээхэн ч үйлгүй болсон нь лавтай мөн биз. Гэхдээ овог Чүнбо, язгуур Жосрай, тэрхүү Жосрайг Мила хэмээн нэрлэх болсон шалтгаан, төрж мэндлээд анхан нүгэлт хар үйлийг үйлдсэн хэрэг учир, дараа нь буяны цагаан үйлийн учир начираас болж зарим үед уйлмаар, зарим үед инээмээр тэдгээр явдалд хэрэг тус хэмжээлшгүй их байгаа тул би болон хамаг амьтны төлөө энэрэл гаргаж, амар жимэр суухыг үл бодон намтар цадигаа дэлгэрэнгүй хэлж өгнө үү. Энд цугласан ах, эгч, очирт садан та нар болон өглөгийн эзэд ахай ажаа та нар ч миний гуйлтад хамтарна уу” хэмээн олонтоо бөхөлзөн айлтгахад тэнд суусан ахмад шавь нар, сүсэгтэн өглөгийн эзэд нар ч олонтоо мөргөн залбирч “Райчүн богдын гуйсанчлан та зөвшөөрч, номын хүрдийг эргүүлнэ үү” хэмээн дахин дахин хэлцгээснээр Мила богд “Та нар тийм их чухалчилж шамдан асууж байгаа бол нуугаад байх хэрэг юу байх вэ. Хэлж өгье. Миний овог угсаа бол умар зүгийн Үрү хэмээх газрын нэгэн их хадат нутгийн Чүнбо хэмээх овогтон, хуучин тарнийн номонд мэргэжсэн Жосрай хэмээх бясалгаач ламын хүү орон газраар тэнүүчлэн явж, бурхан шүтээнд мөргөж явсаар, Зан нутгийн Ладод жан хэмээх газрын Жүнбажи хэмээх газар очоод тэр нутгийн ад зэтгэрийг номхотгож адислан сууснаар угаас тарнийн чадалтан мөн тул тустай хэрэг олон хийсэн учир нутгийнханд хүндлэгдэн шавь өргөнтэй, үйлс өрнүүнтэй болж, нэр нь ч Чүнбо Жосрай хэмээн алдаршиж, хэдэн жил сууж, тэр нутгийнхны өвчин ад саад барчид юу ч болсон залагдаж байдаг нэгэн боллоо. Нэгэн удаа тэр нутагт урьд өмнө Жосрайгийн байгаа газар хэзээ ч ирж үл чадах нэгэн ад, өмнө нь хэн ч дийлж номхотгож чадаагүй тэрээр Жосрайд үл сүсэглэгч нэгэн өрх айлд хоргодон суугаад гэрийн эзнийг хорлон байсанд Жосрайгаас бусад бүхий л лам нарыг залж хатуу зөөлөн гүрэм заслыг хийлгэсэн авч тун тус болсонгүй, харин ч мөнөөхөн ад элэглэн инээх зэргээр илтэд тохуурхан байх болов. Тэр үед Жосрайд сүсэг буруу тэр хүнд садангийн нэгэн хүн нь адын эзгүй хойгуур “Чүнбо Жосрайг зал” хэмээн зөвлөсөнд гэрийн эзэн “Шарханд тус болохоор бол нохойн өөхийг ч билээ түрхэж болдог гэдэг. Яахав, дууд л даа” хэмээв. Тэгэхээр нөгөөх хүн Жосрайг урин залсанд адын буй газарт ойртох сацуу Жосрай сүрийг бадруулан, их дуугаар “Чүнбо Жосрай гэгч би ирж байна биш үү. Ад тотгоруудын махыг идэж, цусыг уудаг тул сууж байгтун” хэмээсээр түргэлэн очихуйд Жосрайг хажуудаа ирэхээс өмнө тэрхүү ад эмээн дагжиж цочин харайгаад “Яадаг билээ. Намайг залгих нь, намайг залгих нь” хэмээн дахин дахин үглэсээр Жосрайг хажууд нь очингуут “Би таны ирэх газар огт очдоггүй тул миний амийг хэлтрүүлэн соёрх” гэлээ. Жосрай ч тэр адаас хойшид хэнд ч хорлол хийхгүй гэсэн ам хайланг нь авч тавьж явуулав. Мөнөөх ад өөрийг нь шүтдэг нэгэн айлд хүрч очоод мөн л “Залгих нь, залгих нь. Ийм хэцүү бэрхийг өмнө ер үзсэнгүй” хэмээн хэлж суусанд тэр айлынхан “Яав, ийв. Ямар хүнээс болов” хэмээхэд “Чүнбо Жосрай гэгч ирээд амийг минь алдуулах шахлаа. Ам өчгөө ч өглөө” гэж хэлжээ. Түүнээс Жосрайгийн чадал эрдмийг өгүүлэх хэрэг гарахад хүн бүгд Мила буюу залгих (Хуучны орчуулганд энэхүү үгийг “Баршгүй” “Дийлдэшгүй” хэмээн орчуулсан байна.) хэмээн өгүүлэх болсноор овгийн нэр Мила хэмээн алдарших болов. Тэр ад ч хожим хэнийг ч хорлолгүй байсаар нас барсан гэж хэлэлцдэг билээ.

Тэр явдлын дараа Чүнбо Жосрай гэргий авч нэг хүүтэй болжээ. Тэр хүү нь хожим нас биед хүрч гэрлээд хоёр хүүтэй болсон бөгөөд том хүү нь Мила Додонсэнгэ хэмээх түүнд Мила Доржсэнгэ хэмээх нэгэн хүү төрсөн бөгөөд  түүнээс хойш түүний удамд ганц хүү л төрдөг жамтай болжээ. Мила Доржсэнгэ шоо сайн тоглож сураад олон мөрий хожиж хөлжиж сууснаас нэгэн удаа тэр нутгийн, шоонд маш сайн, арга зальтай, ах дүү олонтой нэгэн хүн Мила Доржсэнгийн багцааг тэнсэхийн тулд багахан мөрий тавьж шоо тоглоод хожигдон хэмжээг мэдээд маргааш нь тэрээр дахин тоглож сохор азаар хожсон мэт дүр үзүүлсэнд Мила Доржсэнгэ бухимдан шаралхаж, маргааш хожигдлоо нэхэж тоглоё гэхэд цаад хүн зөвшөөрөв. Мөрийг өмнөхөөс ихээр тавьж тоглоод санаа сэвийг нь арилгахын тулд гурван удаа хожигдсон болоод “Би ч гэсэн мөрийгөө нэхэж болно биз дээ” гэхэд “Болно” гэлээ. Мөрийнийхээ их багыг хоёул зөвшилцөн хэлэлцэж тариалан, гэр байшин, эд малаа бүгдийг шооны мөрийд тавьж, буцах няцах байдал гаргахгүй гэж гэрч бичгээр батлаад тоглосноор нөгөө хүн нь хожиж бүхий л эд хөрөнгийг нь хожигч хүний ах дүү нар тоолж данслан авав. Мила эцэг хүү нар хувхай хоосорсон тул нутаг орноо орхиж явсаар Манюл Гүнтан хэмээх нутгийн Жа-аза хэмээх газар ирж нутаглаад эцэг Додонсэнгэ нутгийнханд судар уншиж өгөх, балин гаргах, мөндөрөөс тариаланг нь хамгаалах, нялх хүүхдийг даатгах тэргүүтэн гүрэм хийж айл хунараар явсаар чамгүй хөрөнгө цуглуулав. Хүү Доржсэнгэ нь өвөл нь өмнө тийш явж Балбад, зун нь умар Брүгбаад очиж их гарын  наймаа хийнэ. Бага гарын наймааг Манюл Гүнтан хоёрын хооронд хийснээр эцэг хүү хоёр овоо хөрөнгөжиж авчээ. Тэр зуур хүү Доржсэнгэ уул нутгийн нэгэн энхрий бүсгүй лүгээ гэрлэж нэг хүүтэй болсон бөгөөд Мила Шаравжанцан хэмээн нэрлэж энхрийлэн өсгөж байх үед өвөг Додонсэнгэ насан нөгчиж хойдын буяныг сайн хийв. Мила Доржсэнгэ худалдаа арилжаагаа хийсээр хөрөнгө нь улам нэмэгдсээр урьдах алдсан хөрөнгөнөөсөө ч их баялагтай болжээ. Жа-азатай зах нийлсэн Ормо хэмээх нутгийн нэгэн хүнд гурвалжин хэлбэртэй сэтгэлд нийцтэй нэгэн тариалангийн талбай байсан бөгөөд түүнийг алт болон өмнө умард нутгийн олон эд бараагаар худалдан авсан нь Гурвалжин Ормо хэмээн алдаршжээ. Тэр тариалангийн талбайн дэргэд, газарт нь багтсан нэгэн байшингийн торх байсаныг ч худалдаж аваад сэлбэн засаж барьж эхлэв. Тэр үед Мила Шаравжанцан ч эрийн цээнд хүрч хорин настай болсон тул Жа-Аза нутгийн Нян хэмээх овогт нэгэн сайн айлын Гарможан хэмээх өнгө үзэсгэлэн төгс атлаа амьдралын хар ухаанд гаргууд, дайсан нөхөр алинд ч сайн муу занг гаргаж чадах, язгуур өндөр хүүхнийг бэрээр буулгасан бөгөөд тэрээр Нянца Гаржан хэмээн нэршсэн билээ.

Түүнээс байшингаа ч барьж дуусгаснаар, дээд асарт тариа будаа зэрэг ойр зуурын зүйлээ хийдэг, өнцөгтөө зоогийн өрөө бүхий, дөрвөн баганатай, найман нуруутай, Жа-Аза нутагт жавхаа нэмсэн гурван давхар нэгэн байшин боссон нь “Дөрвөн баганат, найман нуруут” хэмээн алдаршаад тэрхүү байшиндаа сэтгэл тэнэгэр, нэр хүндтэй еэ амьдарч сууцгаав.
Тэр үес хуучин нутаг Жүмбажи дахь хамаатан саданд Мила Додонсэнгэ эцэг хүүгийн алдар цуу сонсогдсон тул Мила Доржсэнгийн авга ахын хүү Юндэнжанцан гэгч эхнэр хүүхэд болон дүү охин Чүнца-Балдан нарын хамтаар мөн нутгаасаа гарч Жа-Азад нүүж ирлээ. Мила Доржсэнгэ элгэмсэг халуумсаг хүн тул их хөөр баяр болж, нутаг газар зааж, орон гэр төхөөрч өгөөд худалдаа наймаанд ч сурган худалдаа эрхлүүлснээр тэд цөм эд малаар баян тарган болцгоов. Түүнээс хожимхон Няца Гаржан бие тулгар болсон агаад энэ зуур Мила Шаравжанцан өмнө нутгаас авчирсан их эд бараагаа, умар зүгийн Дагзэ нутгийн зүг худалдахаар яваад нэлээдгүй удах хойгуур усан луу жилийн намрын тэргүүн сарын хорин таван, ялгуусан одны тохиол бүрдсэн өдөр би ээжээсээ төржээ. Ижий минь эцэгт “Эдүгээ энд намрын ажил ч дуусав. Надад ч нэгэн хүү төрөв. Хүүд нэр өгч мялаах хуримыг хийхийн тул түргэн ир” хэмээсэн үг бүхий захидлыг хүн зарж илгээсэн нь эцгийн буй газар хүрч, элч ч учир түүхийг дэлгэрэнгүй хэлэв. Эцэг минь маш их баярлаж “За хө, би ч хүүдээ өгөх нэрийг бодож амжлаа. Манай удамд ганц л хүү заяадаг тавилантай бөгөөд тэр нь ч жам ёсоор болж эдүгээ надад хүү  төрсөн байнам. Сонссон даруй баяр төрсөн тул би хүүгээ Тойвгоо (Сонсоод баясгалант) гэж нэрлэе. Одоо худалдааны үйл бүрэн дүүрсэн тул явъя” хэмээгээд нутагтаа хүрч ирэв. Надад Тойвгоо хэмээн өөрөө нэр шивнэж, нэр өгсний мялаалга хуримыг сайтар хийгээд энхрийлэн өсгөв. Хожим миний яруу аялгуу бүхий үг яриаг сонссон бүгд сэтгэл нь баясдаг болсон тул “Тойвгоо гэдэг нэр чинь чухам л зохисон байна даа” гэж хэлдэг байсаан. Тэгээд намайг дөрвөн нас хүрсэн жил, ээж минь нэгэн охин төрүүлсэн нь Гонмоожид (Жаргал-Итгэл) хэмээн нэр өгөгдсөн бөгөөд сэвхтэй учир Вэда (Сэвхэт) Гонжид хэмээн энхрийлэн дууддаг болсон. Бид ах дүү хоёр алт оюугаар гэзэг үсээ чимсэн нь гялалзан гялтагнаж байдаг байсныг санаж байна. Нутаг орны хүмүүс ч бидэнд ам сайтай, бид ч шударга сайн ханддаг тул чадалтай сайн нь саданархаж, чадалгүй ядуус нь боол зарц минь болж явлаа. Биднээс далдуур нутгийн хүмүүс “Эдгээр тэнүүлчид манай нутагт ирээд мал сүрэг, эд бараагаар баяжсан уу гэхээс  буурсан нь үгүй. Гаднах байшин, доторхи хогшил, эхнэр нөхөр хоёрын өмсөж зүүж зэргийг хаанаас нь ч харсан илт байна даа” хэмээн ярьдаг байжээ. Тийнхүү олон түмний дууриал хүндлэл болон байтал Мила Доржсэнгэ өвөө насан хутгийг олж, хойдын буянг зүйл бүрээр бүрэн сайн үйлдсэн билээ” хэмээн айлдлаа.
Богд Миларайвын цадигаас бие лагшин мэндэлсэн зохионгуй бөгөөд анхдугаар бүлэг болой.


Орчуулсан Ж.Ерөөлт