Showing posts with label Нийтлэл. Show all posts
Showing posts with label Нийтлэл. Show all posts

Tuesday, October 30, 2012

ИХ ХҮРЭЭНИЙ 30 АЙМАГ БА ХОШУУДЫН ХАРИЛЦАА

Судлаач  П. Лхам
lkhamuna@yahoo.com

“Бурханы шашин аливаа соёлыг өөрчилж, мөн тэдгээр соёлоор өөрөө ч өөрчлөгдөж байдаг учраас бид Энэтхэгийн бурханы шашин, Хятадын бурханы шашин, Японы, Төвдийн, Монголын бурханы шашин гэж ярьдаг.”[1] Гэтэл Английн Христийн шашин, Францын Христийн шашин, эсвэл Германы, Америкийн Христийн шашин хэмээн томъёолдоггүй. Үндсэн хоёр том урсгалаар нь ялгахаас бус Исламын шашны хувьд мөн соёлын ялгааг тусгасан нэр томъёо хэрэглэдэггүй. Энэ нь бурханы шашин өөрийн хатуу тогтсон зохион байгуулалт, дэг журмыг тулгадаггүй харин тухайн соёлд тохирч өөрлөгдөж, өөрчилж байдаг гэж гэсэн үг юм. Тийм ч учраас XIX зууны II хагасаас XX зууны дунд хүртэл бурханы шашны судлалд идэвхитэй хэрэглэгдэж байсан “ламын шашин” буюу “ламайзм” (lamaism) хэмээх нэр томъёог хэрэглэхээс бид татгалздаг юм. Учир нь энэ нь Монголын бурханы шашин нь бурханы шашин биш гэсэн ойлголтыг тээж байдаг тул шүүмжлэлтэй хандах шаардлагатай юм.[2]
            Шинжлэх ухааны мэдлэг хүчтэй түрж эхэлсэн 19 дүгээр зууны сүүл, 20 зууны эхэн үеэр дэлхий нийтээрээ шашны байгуулалт, үйл ажиллагаа, зарим үзэл номлолд шүүмжлэлтэй хандаж эхэлснээр дэлхийн шашнууд орчин үеийн шинэ нөхцөлд дасан зохицсон шинэчлэлтүүдийг хийж эхэлсэн. Жишээлбэл Мэйжийн (Meiji) хувьсгалаар гарч ирсэн шинэ засгийн газар бурханы шашнаас илүү язгуурын Шинто шашны дэмжих бодлого барьснаар Японы бурханы шашны сүм хийдийнхэн шахалтанд орж гарц, арга зам хайхаар Өрнийн Кэмбриж (Cambridge), Оксфорд (Oxford), Хумболдт (Humboldt) зэрэг их сургуулиудад очиж суралцан хэрхэн Христийн сүм хийд орчин үед шинэчлэгдэн өөрчлөгдсөнийг судалсан байдаг.[3] Үүний үр дүнд бурханы шашны сүм хийд байгууллагууд нь иргэний нийгэмд хандсан тэр дундаа боловсролын салбарт томоохон хувь нэмрээ оруулах зэрэг шийдлүүдэд хүрсэн ба өнөөдөр Отани, Буккео (Otani, Bukkyo) зэрэг бурханы шашны сүм хийдийн байгуулсан их сургууль, томоохон судалгааны хүрээлэнгүүд ажиллаж байна. Социалист орчин үежилтийн замаар замнасан орнуудад энэхүү шинэ нөхцөлд дасан зохицох хариулт нь шашныг нийгмээс бүрмөсөн алга болгох гэсэн эрс арга замаар явагдсан. Уламжлал тасарч, хориотой дарагдмал байсан нөхцлөөс өнөөдөр дахин сэргэж буй энэ үед бид Монголын бурханы шашны хөгжил, Монголын нийгэмд хэрхэн ажиллаж, ямар зохион байгуулалт, соёлыг бий болгосон цаашид ямар байр суурьтай байх, ямар шинэчлэлтийг хийх шаардлагатай байгааг олон талаас нь маш нарийвчлан судлах шаардлагатай байгаа билээ.  
Сүүлийн жилүүдэд Монголд хөгжиж буй нийгэм-соёлын хүн судлалд шашны хүн судлал хэмээх салбар ухаан байдаг. Энэ ухаан нь аливаа ард түмэн, соёл хэрхэн зохион байгуулалтанд орж ямар бүтэц, хэлхээ холбоо үүсгэж, тэдгээр нь хэрхэн өвлөгдөн дамжиж, оршин тогтнодогийг судалдаг.[4] Илүү соёлын дотоод, далд бүтэц, зохион байгуулалт, утга санаанд анхаарал хандуулдагаараа нийгмийн бусад шинжлэх ухаануудаас ялгаатай. Энэхүү нийгэм соёлын хүн судлалын үүднээс Монголын бурханы шашныг судлахад эш онолоос илүүтэй тэдгээр нь жирийн олонд хэрхэн яаж үйлчилж тусдаг, ямар зохион байгуулалт, дэг журмыг бий болгодгийг тодруулахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл судар ном, эш онолоос илүүтэй зан үйл, зохион байгуулалтыг нь судалдаг. Бурханы шашны хөгжлийн эхэн үеэс л хүн бүр хувраг байх боломжгүй ба тэд ямагт цөөнх байхыг хүлээн зөвшөөрч, гэргийтэн, жирийн сүсэгтнүүд хэрхэн бурханы шашинтны арга замаар амьдрах тухай зэрэгцүүлэн номлосон байдаг. Тиймээс энэхүү зан үйл, зохион байгуулалт, дэг журмаараа бурханы шашны соёлууд ялгардаг байна. Өнөөдөр Монголын бурханы шашин Төвдийнхөөс юугаараа ялгаатай тухай асуултанд хариулахдаа ихэнхи судлаач, эрдэмтэн хувраг нар мөн л зан үйлээрээ ялгаатай гэдгийг гол үндэс болгож хэлж, ярьж буй билээ.
Энэхүү илтгэлд Монголын нийгэмд бурханы шашны ямар зохион байгуулалтыг бий болгож, хэрхэн ажиллаж, олон түмний дунд ямар дэг журам бий болгож байсан гэсэн асуудлын хүрээнд Их хүрээний 30 аймгийн зохион байгуулалтын онцлог шинж чанарын тухай авч үзэх юм. Их хүрээний 30 аймгийн үүсэл, эв, товхантай хошуудын талаар судлаач эрдэмтэд нэлээдгүй судалсан. Ялангуяа 30 аймаг, тэдгээрийн товхан, эвтэй отог, хошуудын талаар Ө. Сэрээтэр нарийвчлан судалж тодруулсан.[5] Их хүрээ нь Монголын нүүдлийн нийгэмд сүүлийн 300 жил тогтвортой оршиж байсан цорын ганц томоохон суурьшил гэдгээрээ онцлог. Эрт, дундад үеийн нүүдэлчин Монголчууд олон хот үүсгэн байгуулсан боловч улс төр хүч, газар нутаг бэлчээрийн харилцааны өөрчлөлтөөс шалтгаалан хаягдаж устаж ирсэн. Гэтэл Их хүрээ 300 гаруй жил  тогтвортой оршин тогтнож чадсан ба тэнд суурьшил, зохион байгуулалт үүссэн түүх нь энэхүү 30 аймгийн зохион байгуулалттай салшгүй холбоотой гэж үзэж болохоор байна.
Чин гүрний Халх Монголд тогтоосон засаг захиргааны зохион байгуулалт нь эзэн харьяатын ёсны дагуу Чингисийн алтан ургийн ноёд угсаа залгамжлан хамжлага, сум ардыг харьяалан захирах зарчим дээр суурилж байсан. Хошууны засаг ноёдын угсаа залгамжлалыг Гадаад Монголын төрийг засах явдлын яам буюу Манжийн хаан шийддэг. Өөрөөр хэлбэл хошууд тус бүрдээ шууд дээд байгууллагад захирагдаж байв. Энэ тогтолцоо нийт хошуудын хоорондын харилцааг хязгаарлаж байсан ба Халх Монголчууд хошуугаараа овоглож, харьяаллаа бий болгодог болсон байсан. Энэ нөхцөлд хошууд ба бүс нутгийн хоорондын харилцааг хангахад бурханы шашны сүм хийд, хутагт хувилгаадын үйл ажиллагаа, Их хүрээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Хошууд, бүс нутаг, Их хүрээний сүм хийдүүдийн хурал ном, зан үйлийн үйл ажиллагаа сүсэгтэн олны эргэл мөргөл, даншиг наадам зэрэг нь XVII-XX зууны эхэн үеийн Монголын соёлын нийтлэг, ижилсэл бий болоход чухал нөхцөл болсон.
            Хошуудын “хошуу нийгэм” хэмээн нэрлэгдэх хүртлээ хөгжсөн энэхүү тогтолцоо нь Их хүрээний дотоод зохион байгуулалтад тусгалаа олжээ. Их хүрээнд суурьшигчид тэнд ирсэн хойноо биш харин  аль хошуунаас ирснээрээ зохион байгуулалтанд орж байсан байна. Өөрөөр хэлбэл Их хүрээнд ирэхээс өмнөх хошуудын харьяалал нь Их хүрээнд зохион байгуулагдах үндэс болж байсан нь нэн сонирхолтой юм. Тухайн хот, суурьшлаас гаднах харьяалал нь зөөгдөн ирж үйлчилж байсан гэсэн үг бөгөөд нөгөө талаар хошуудын төлөөлөл Их хүрээний дотоод зохион байгуулалтан дотор оршиж байсан байна.                
Энэ зохион байгуулалт нь юуны өмнө “өглөгийн эзэн”, “тахилын орон” хэмээх Монголын бурханы шашны ойлголт, харилцааг илэрхийлсэн гэж үзэх боломжтой. Их хүрээнийн оршин суугчдын дийлэнхи нь бурханы шашны лам хувраг нар тул тэдэнд өгөх өглөг, хандивын эзэд нь тухайн хэсэг хошууныхан болж үүний нөгөө талд хошуудаас Их хүрээний дацан, хийдэд шавилан сууж суралцагчид тогтсон харилцаатай нэг нутаг усныхан дундаа ирэх боломжтой байжээ. Их хүрээнд буюу шинэ газар шавилан суухаар ирж буй боловч аль хэдийн нэг нутаг усныхан нэг дор цугларсан эрсдэлгүй орчин хүлээж байдаг гэсэн үг юм. Өнөөдөр сумдаас олон олон залуучууд хотод орж ирж суурьшихдаа танил биш, “харь” өөр соёлын өөрчлөлтөнд орж дасан зохицтолоо олон шилжилт, өөрчлөлтийг хийж ихээхэн бэрхшээлийг даван туулдаг. 30 аймаг нь энэ мэт эрсдэл, танил бус орчны ялгааг харьцангуй багасгасан зохион байгуулалт байсан байна.     
Ө. Сэрээтэр “хөдөө нутагт хийд хүрээ элбэгшээгүй байсан дээр үед хаа нэг газрын жижиг хийд сүмийг олж хөвүүн, дүү нараа лам болгох гэдэг тийм ч амар завшаан байсангүй. Тэр тусмаа хутагт богдын Их хүрээнд шавилан суух байнгын эрхийг олох гэдэг үнэхээр эрхэм чухаг зүйлийн нэг байжээ” хэмээн хошуудаас их хүрээний дацан хийдүүдэд шавилах сонирхол их байсан нь хошуудаас аймгуудтай харилцаа тогтоохын эхлэл болсон гэж үзсэн. 
Их хүрээний 30 аймаг үүсэн байгуулагдсан түүхийг үндсэн 3 үед хуваан авч үзэж болох юм.
1.      1651-1654 он.
Өндөр гэгээний намтарт өгүүлснээр “1651 онд Сангийн, Зоогойн, Жасын, Дархан эмчийн, Андуу нарын, Хүүхэн ноёны, Өрлөгүүдийн хэмээх тогтмол хурал мөргөлийн 7 хэсгийг байгуулж “Долоон аймаг” хэмээн нэрлэсэн байх бөгөөд 2 жилийн дараа 1654 онд “Цогчин” хэмээх нэгдсэн төв хурлын газрыг байгуулснаар хүрээний анхны цогцолбор бий болжээ”[7]. Өндөр гэгээний үед нийтдээ 14 аймаг байгуулагдсан ба тэднийг “анхны долоо”, “сүүлийн долоо” хэмээн нэрлэдэг байсан байна. Хожим анхны долоон аймгийг бусдаас нь ялгаж аймгийн гол дуганы бүрээс дээвэр, туурга хоёрын завсарт хөх даавуу шамба-цацаг хүндэтгэл болгон оёдог байснаас “Долоон хөх шамбат” гэж нэрлэгддэг ч байсан байна. Шүтээний, Жадарын, Цэцэнтойны, Эрхэмтойны, Бандидын, Баргын, Дугарын долоон аймаг нь “сүүлийн долоо”-н аймаг юм.
Зах зээл, худалдаа зэрэг нь ялгаран хөгжөөгүй байснаас сүрэг малтайгаа хамт хүрээлж байсан тул олон удаа нутаг бууц сэлгэж нүүдлийн хэлбэрээр оршин байсаар 1720-иод оны үеэс тогтвортой суурьшил бий болсон байна. Бизъяагийн аймгийн цорж Лувсандондовын зохиосон Өндөр гэгээний намтарт анхны аймгууд байгуулагдсан тухай “Өндөр гэгээний шавдан бат байлгахын тухайд Түвдээс гүрэм заслын ном буулгасны дагуу Алтан гэрэл судрыг маш олон уншуулсан аж. Тэр үед гэгээний гүрэм заслын зүйлийг гэгээний сангаас гаргаж байсан бөгөөд тэр санг хариуцагч албат лам нарыг Сангай аймаг хэмээн нэрлэх болжээ. Мөн идээ хоол зоогоор гэгээнтний лагшин биеийг засаж тордож байсан лам нарыг Зоогой аймаг...мөн дархан эмч Лувсанноровын шавь нар гэгээнтнийг сувилж байсан бөгөөд тэдгээр лам нарыг Дархан эмчийн аймаг гэж нэрлэжээ. ...Түвдийн Бэрэйвэн хийдийг байгуулсан Жамъян цорж нь Бэрэйвэн хийдийг байгуулаад долоон дацантай болгосон адилаар Өндөр гэгээн нь Жамъян цоржийн тэр журамтай нийцүүлж, Сангай, Зоогой, Ноёны, Дархан эмч, Өрлүүд, Амдуу нар, Жасын гэсэн долоон аймгийг байгуулсан гэдэг.”[8] хэмээн тэмдэглэсэн. Жамъяан цорж нь Өндөр гэгээний дээд үеийн нэг дүр учраас түүний залгамжлагч хувилгаан дүр болохын хувьд Өндөр гэгээн урд дүрийнхээ журмын дагуу 7 аймаг байгуулсан гэж үздэг санал бас бий.
Эдгээр анхны аймгууд нь хүрээ хийд барьж байгуулах, бурхан урлал хийх, тэдгээрийн хэрэглэл зүйлсийг хангахтай холбогдон байгуулагдсан нь дундад эртний Европын хотууд төмөрчин, модчин гэх зэрэг төрөл бүрийн гар урчуудын холбоо нэгдлүүд дээр суурилан хөгжсөнтэй ижил төстэй юм.  
Хожмын аймгуудын үүслийн талаар тодорхой баримт үгүй боловч зарим түүх сурвалжид тэмдэглэгдсэн аман түүхүүд сонирхолтой мэдээтэй байдаг. Тухайлбал Бандидын аймаг нь Өндөр гэгээний зам тогооч Энэтхэгийн Азар (Acharya) бандида-аас үүссэн, Шүтээний аймагт “Далай ээжийнх” гэдэг тусгай модон гэр өргөөтэй байсан бөгөөд энд Өндөр гэгээний хүүхэд ахуй цагийнх нь түүх дурсгалын зүйлүүдийг хадгалж байсан[9], Далай ээж гэдэг нь Өндөр гэгээнийг хөхүүлж өсгөсөн эмэгтэйн өргөмж нэр[10] зэрэг мэдээнүүд тэмдэглэгдсэн. Мөн Өндөр гэгээний үед амьдарч байсан нэгэн уран үйлчин эмэгтэйг “хүүхэн ноён” өргөмжилж түүний нэрээр аймаг байгуулагдсан тухай түүх байна. Их хүрээний Их Майдар эргэх ёслолд “хүүхэн ноёны цордон” хэмээгддэг 1 метр урттай хос зэс бүрээг хоёр хүн дамнаж явдаг нь хүүхэн ноёны бүтээсэн анхны хэлбэрийг нь хадгалсан хүндэтгэл байсан гэж үздэг байна.[11] Мөн түүнчлэн Дугарын аймгийн дугар нь Дүг-гар “Цагаан шүхэрт” Сэдэд шүтээнтэй байсан байж болох юм гэж Д. Дамдинсүрэн үзсэн.
2.      II үе буюу 1730-1798 онуудад Эрхэм тойны, Мэргэн номын ханы, Вангийн, Номчийн, Мэргэн хамбын, Эрдэнэ хувилгааны, Жиддорын, Лам нарын, Бизъяагийн, Дугарын, Дүйнхорын зэрэг 12 аймаг байгуулагдсан.
3.      III үе нь: 1813-1903 оны хооронд Махамаягийн, Дондовлингийн, Тойсомлингийн, Намдоллингийн, Жамъяансүнгийн, Чойнхорлингийн, Дашдандарлингийн, Эх дагины зэрэг 8 аймаг нэмэгдэж бүгд 30 аймаг болсон.
Аймгууд тус бүр тэргүүн ширээний лам, 4-6 умзад, 2 човомбо, 3-4 гэсгүйтэй байсан ба зарим аймгууд нь бичээч, нярав, да лам нар 4-6 хүн байжээ.
Их хүрээний лам нарыг овог, аймаг, хошуу, эцгийн нэрээр нь биш аймгийн нэрээр нь тодотгон дууддаг байсан байна. Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн 1868 оны шүүлэг авсан дансан дээр дацангийн лам хуврагуудын нэрийн дээр харьяалах аймгийн нэрийг бичжээ. Мөн цанто хэмээх цанид, жүд дацангийн тэргүүний шавь нарын нэрсийн жагсаалтанд мөн аймгийн харьяаллыг нь дээр нь тавьсан байна. Эдгээр нь аймгийн харьяалал нь тухайн хуврагийн тухай олон зүйлийг хэлж чадах гол түлхүүр мэдээлэл болж байсныг харуулж байна.
1263 онд байгуулагдсан Английн анхны их сургуулиудын нэг Оксфордын их сургууль нь мөн их хүрээний 30 аймагтай адил зохион байгуулалттай байжээ. Өнөөдөр Оксфордын их сургууль нь нийтдээ 34 коллежээс бүрдэх бөгөөд эдгээр нь мөн аймагтай адил оюутны “биеийг” нь хамаардаг, харин Оксфордын их сургууль хэмээх тусдаа байгууллага нь эдгээр коллежуудын оюутнуудыг сургадаг байна. Оксфордынхон коллежууд оюутнуудын биеийг, их сургууль тархийг нь хамаардаг гэж ярилцдаг юм. Өөрөөр хэлбэл дацан ба аймгууд гэдэгтэй адил их сургууль ба коллежууд гэсэн зохион байгуулалт байсан нь өнөөдөр ч хүртэл хадгалагджээ. Эдгээр оюутны биеийг хамаардаг коллежууд нь аймгуудын адил нэмэн байгуулагдсаар байсан ба энэ нь тухайн коллежэд сурах оюутнуудын байр, хоолны зардлыг даах өглөгийн эзэн бий болсноор шинэ коллеж үүсдэг байжээ. Тиймээс өнөөдөр Оксфордод өглөгийн эзнийхээ нэрээр нэрлэгдсэн коллежууд нь олон байдаг. Оксфордын их сургуулийн үүсэл нь мөн л Христийн шашны сүм, сургуультай холбоотой байсан ба хөгжлийн явцад орчин цагийн шинжлэх ухааны их сургууль болж өргөжсөн ба өнөөдөр шашин судлалын дэлхийн томоохон төвүүдийн нэг болсон билээ. Үүнээс үзэхэд Их Хүрээний аймаг ба дацангийн зохион байгуулалт нь сургалтын нөхцлийг хангасан тогтолцоо байсан нь харагдаж буй бөгөөд ингэснээрээ Монголын бурханы шашны сургалт, зан үйлийн төв болж хөгжих нөхцөл бүрджээ.
Их хүрээний аймгийн зохион байгуулалт ба түүний үүрэг, ач холбогдлыг харуулах сонирхолтой баримтууд нь Их хүрээнд ёслон өнгөрүүлдэг байсан зан үйлүүдэд аймаг тус бүр тогтсон оролцоо, үүрэгтэй байсан тухай юм.
Шинэ, цагаан сараар Их хүрээний лам нар эхлээд аймаг тус бүр дээрээ цугларч “нар мандах үед дайриг (дайллага) өргөж ёслон шинэлцгээдэг байсан ба шинийн хоёронд Гандангийн гурван цанид “цагаалга” гэж цугларч ёслоод түүний дараа анги, зиндаа, арванаараа тус тус хэсэж”[14] тэмдэглэдэг байжээ. 
Хаврын тэргүүн сарын 14-нд Өндөр гэгээний таалал төгссөн өдөр Их Хүрээний цогчин хурлын Бат цагаан дуганд 3x2 хавтгай дөрвөлжин метр Өндөр гэгээний том торгон наамал дүр зургийг дэлгэж мөн 3x25, 3x50 хавтгай дөрвөлжин метр “Чимраа тахил” гэгч хоёр урт торгон наамал зургийг дэлгэж олны мөргөл, ихийн “Оройн ерөөлийг” хүрээний 30 аймаг, дацангууд нийлж өргөн дэлгэр хурдаг байжээ.
Мөн бүх аймгууд оролцдог нэгэн сонирхолтой зан үйл бол зүүн хүрээний гадуур эргэдэг “Их Майдар” ёслол юм. Дүг-шүхэр, Жанцан, Бадан, Тахил, Эрдэнэ зэрэг олон торгон чимэг хэрэгслийг олон том, жижиг тэрэгнүүд дээр байрлуулж бэлтгэхийг гучин аймаг тус бүрд хувиарлан хариуцуулдаг байжээ. “Майдарын том тэрэгний орой дээр гол шүхрүүдийг Андуунар, Сангай, Зоогой гэх мэт аймгууд хариуцдагаас гадна Дүг-Шүхэр чимэг маш олон байсан учир аймгуудад 1-4 буюу 5-8 шүхэр, чимэгнүүд тус тус оногддог байжээ. Аймгууд чимэгнүүдээ жижигхэн 4-н дугуйтай модон тэргэн дээр авч явдаг бөгөөд үүнд "чимэг тулгуулах" гэж шүхэр чимгэндээ хор халгүй зөвхөн модон тэрэгнүүдээ хүчтэй тулгаж мөргөлүүлдэг байжээ. Тийм учраас их хүрээний залуу лам нар өөрсдөө мөнгө төгрөгөө хуралдуулж энэхүү тэмцээн тулалдаанд зориулсан бөх бат хамгаалалт бүхий чимэгтэй тэрэгнүүдийг хоёр эгнэн урт оосроор чирч явахдаа өмнөө явсан нөгөө аймгуудын тэрэгнүүдтэй мөргөлдүүлэн тулгаж баяр хөөр болдог” [15] байсан байна.
Тэнгэрийн тэтгэсний 29 (1740) онд II Богд Жибзундамба хутагтын лүндэнгээр Их хүрээний 24 аймгийг анх удаа Түвэд бичгийн нэг үсэг сийлсэн гуулин тэмдэгтэй болгож[16] шинэ аймаг нэмэгдэх бүрд, ижил бус үсгийн тэмдэг олгосоор иржээ. 
Монгол улсын үед аймгуудын нэрийг бичсэн тэмдгээр сольж, гадагш харилцах бичиг баримт, аймгийн жасуудын эд хөрөнгө, мал сүргийн данс өр авлагын бүртгэл зэрэгт дарж батламжилдаг болсон байна.
1917 онд Их хүрээний олон аймаг дацангуудын хурал номын ажлыг явуулахад эв товхан бүхий газрууд заавал туслаж байх тухай Богд хааны зарлиг гарснаар сайн дурын үндсэн дээр байсан харилцааг хууль ёсны болгосон нь сонирхолтой юм.




[1] Donald S. Lopez.Fr. Tibetan Buddhism, 2002, pp 22-32
[2] “Lamaism” and the Disappearance of Tibet, pp 19-46. In Constructing Tibetan Culture: Contemporary Perspectives. World Heritage Press, Inc. 1997.
[3] Shunzo Onoda, The Meiji Suppression of Buddhism and its Impact on the Spirit of Exploration and Academism of Buddhist Monks. 225-242.  In Images of Tibet in the 19th and 20th Centuries, Paris EFEO, 2008.
[4] Melford E. Spiro. Buddhism and Society: A Great Tradition and Its Burmese Vicissitudes, University of California Press, Berkeley, 1982. Pp 9-14.
[5] Ө. Сэрээтэр, Монголын Их Хүрээ, Гандан хийдийн түүхэн бүтэцийн товч (1651-1938), УБ. 1999.
[7] Ө. Сэрээтэр, Монголын Их Хүрээ, Гандан хийдийн түүхэн бүтэцийн товчоо, УБ, 1999 он, 9-р тал.
[8] П. Лхам, Ж. Ерөөлт, Монголын Бурханы шашны аман түүх, УБ, 2010, 88-р тал. 
[9] Д. Дамдинсүрэн, Их Хүрээний нэрт урчууд, УБ, 1995, 41-р тал
[10] Зава Дамдин, Сүмбүм 1 дүгээр боть, тал 30, Далай ээжийн жасын үүсэл.
[11] Д. Дамдинсүрэн, 40-р тал
[14] Д. Дамдинсүрэн, “Их Хүрээний нэрт урчууд”, УБ, 1995, 15 тал.
[15] Д. Дамдинсүрэн, 16 тал
[16] Ө. Сэрээтэр, 12 тал

Monday, July 16, 2012

Цагаан өвгөн

Монголчуудын бурхан шашны соёл түүхэнд гардаг нэгэн шүтээн дүр бол Цагаан өвгөн юм. Монгол цамын урлаг, тэр дундаа Их Хүрээний цамын дэг дотор энэхүү Цагаан өвгөний дүр онц хүндтэй байр эзэлдэг. Дээр цагт Монголын олонхи хүрээ хийдийн цам дээр очсон улс энэхүү Цагаан өвгөний цамнахыг үзэх гэж хичээдэг байжээ. Учир нь Цагаан өвгөний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байсан гэдэг. Цамаас өмнө Хүрээний зурхайч нар жилийн цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөний бүжиг цамыг ашигладаг байжээ. Хэрэв тэр жил өнөтэй сайхан өвөл болж өнгөрөх бол Цагаан өвгөн их найрсаг зантай, Хашан хааны хүүхдүүдтэй тоглон наадах бөгөөд харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутайгаар цамнадаг байна. Иймээс дээр үеийн хөгшчүүл “Энэ жил Цагаан өвгөн зан сайтай байна, сайхан жил болох нь” хэмээн ар гэртээ очиод сонин болгон ярьдаг байсан гэдэг. Цагаан өвгөний нэрийг Цэрэндүг гэж хэлэх нь буй бөгөөд Цэрэндүг гэдэг үг бол түвд үг юм. Монголоор орчуулбал “Зургаан урт настан” гэж хөрвүүлэгдэнэ. Ямар зургаан урт настай зүйлийг хэлж байна гэвэл:
1.Мөнх сүндэрлэх уул, 
2.Мөнхөд урсах рашаан, 
3. Мөнх наст хүн, 
4. Мөнх наст гөрөөс, 
5, Мөнх наст шувуу, 
6. Мөнх наст мод гэсэн эдгээр зургаан зүйл урт наслан мөнхрөх зүйлсийг хэлдэг байна. Энэ зургаа нь Аюуш бурханы адис хүчээр ийм урт наслах шидийг олсон бөгөөд Цэрэндүгийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтдог гэж бэлгэдэн үздэг байжээ. Мөн нөгөө талаар Цагаан өвгөнийг ойн сайхан цэцэрлэгт оршин сууж, амьтны сайн муу үйлийг тольдон сууж, уул усны эзэд савдагийг захиран суудаг гэж үздэг бөгөөд Цагаан өвгөнийг тахилгыг хийвэл хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаалдаг хэмээдэг. Монгол Цагаан өвгөн нь хүн олон сайн сайхан явахын ерөөлийн үгсийг айлдан байхын бэлгэдлээр баруун гартаа эрих барьж, хүмүн олон урт наслахын бэлгэдлээр зүүн гартаа луун толгойт зургаадай таяг барьсан байдаг. Баян сайн явахын бэлгэдлээр цагаан дээлийг өмсөж, газар лусыг захирах бэлгэдлээр барсан гутал өмссөн байдаг байна. 

Wednesday, April 25, 2012

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНЫ ХӨГЖИЛ XIX-XX ЗУУНД

XIII зууны үеэс буюу Хуби­лай хааны байгуулсан их Юань гүрний үеэс монгол­чууд Түвдийн бурханы шаш­ны Сакъяа урсгалын дээд лам нартай холбоо тогтоож байсан бөгөөд улмаар хо­жим нь XVI зууны эцсээр мон­голын хэд хэдэн сурвал­жит ноёд Түвдийн Гэлүгба ёс­ны дээд лам нартай харил­цаж, номын барилд­лага тогтоожээ. Энэ нь түү­хэнд Монгол дахь бурханы шашны гуравдугаар дэлгэ­рэлт хэмээн тооцогдох бол­сон билээ.
Түүнээс Халхын сурвал­жит ноёны хөвгүүн Занаба­зар нь бурхан Буддагийн үеэс эхлэн Энэтхэг, Түвдэд арван таван удаа хувилж явсан гэх Түвдийн бурханы шашны Жонанпа ёсны Дар­на­та гэгээний хувилгаан хэмээн тодрогдож, үүнээс үүдэн халх монголчууд Түв­дийн бурханы шашны гэлүт урсгал буюу шарын шашны ёс журмыг илтэд эрчимтэй­гээр даган шүтэх боллоо. Чу­хамдаа энэхүү шар малгай­тын ёс нь Энэтхэгийн бурха­ны шашны их хөлгөний ёс­ны үргэлжлэл лавтайяа мөн бөгөөд түүний дээрээс энэ­хүү ёсыг үндэслэсэн Зонха­ва гэгээн нь Түвдэд дэлгэр­сэн бурханы шашны бүх урс­галын хамаг гол утга оньсыг шингээж чадсан байс­наараа давуутай гэгдэх бол­жээ. Тиймээс Монголын эр­дэмт лам цахар гэвш Лув­сан­цүлтим бээр “богд Зонха­вын шашин нь өрнө зүтийн Энэт­хэгийн орноос нааш, дор­но зүтийн далайн хяз­гаарт хүртэл дэлгэрсэн” (Ца­хар гэвш Лувсанцүлтим. Богд Зонхавын намтар. Эрх­лэн хэвлүүлсэн доктор Д. Наранцэцэг, УБ, 2004 он, 36-р тал) хэмээн хэлсэнчлэн Энэт­хэгээс нааш Монгол орон хүртэл түгэн дэлгэрсэн ажээ.
Дээр дурдсан Халхын Түшээт хааны хөвгүүн, Өн­дөр гэгээн Г.Занабазар тэ­рээр Түвдэд очиж бурханы шаш­ны эрдэмд суралцаж мэр­гэн болоод, эргэн ирж сүм хийд барьж эхэлснээр Мон­голд бурханы шашин бүрэн төгс дэлгэрэх эхлэл тавигдсан байна. Мөн тэр үед Халхын гурван (хожим нь дөрвөн аймаг болсон) айм­гийн дунд богдын шавь отог дээр суурилсан Нийслэл хот үүсэж эхэлсэн боловч тогт­вор­той суурьштлаа нэлээд хуга­цаа өнгөрчээ. Иймээс Хал­хад тодорсон анхны гур­ван Живзүндамба хутагтын үед монголын нийслэл хот нь нүүдлийн чанартай бай­сан тул шашин соёлын сур­гууль номын газар тулхтай хөгжиж чадаагүй, эхлэл тө­дий л байжээ.
Харин дөрөвдүгээр дү­рийн Живзүндамба хутагтын үед буюу 1778 онд Их Хүрээ, Туул голын хөвөөнөө нүүн ирж суурьшсанаар сая нэг сургууль номын газар хөг­жиж дэлгэрэх үйл нь ахиц дэв­шилтэй болсон байна. Түү­ний дараа тавдугаар дү­рийн Живзүндамба хутагт нь, урьд Өндөр гэгээний үүс­гэн байгуулсан боловч дайн са­мууны хөлд үрэгдсэн Рибо гэжай Ганданшадүвлин хий­дийн нэрийг хадгалсан Рибо гэжай Гандантэгчэнлин хэ­мээх шинэ хийдийг байгуулж түүнийхээ эргэн тойронд ца­нид гүн ухаан сургах чойр да­цан болон бусад сургал­тын дацан сургуулиудыг барьж бай­гуулснаар Хүрээ чэнмо буюу Их Хүрээний дэг сургууль хэмээх нэр алдар­шихын суурь тавигджээ. /Тэр үеийн Их Хүрээнд барлан хэвлэсэн номуудын барын тэмдэглэлийг үзэхэд Хурал чэнмо буюу Их Хурал хэмээн түвд үсгээр бичсэн байдаг./ Энэ үед Их Хүрээний хамба номун хааны тушаалыг хү­лээн авсан Агваанхайдүв нь Их Хүрээний лам нарын хи­чээл сургалтад машид их ан­хаарч байлаа.
Агваанхайдүв нь Түвдэд эр­дэм номын боловсролыг эзэмш­сэн эрдэмтэн байсан бө­гөөд ямар нэгэн хувил­гаанд өргөмжлөгдөөгүй хүн бай­жээ. Тэрээр Түвдийн Бан­чэн богдод эрдэм номын сур­лага чанараараа ихэд маг­тагдсан бөгөөд “Халх ну­тагтаа очиж шашин номын сур­гуулиа түгээвээс нэн их тус болно” хэмээсэн Банчэн бог­дын зарлигийг дагаж мон­гол­доо буцаж ирээд Их Хүрээний сургалтыг хөгжүү­лэ­хэд голлон зүтгэх болсон ба лам санваартнуудын са­хил санваарыг ёсчлон са­хиу­лах, хичээл сургалтдаа ан­хаа­рахыг машид анхаар­даг байсан аж. Агваанхай­дүв хамбаас өмнө монголын лам нар Түвдэд зөвхөн су­рал­цахаар очдог байсан бол Агваанхайдүваас хойш монголын эрдэмт лам нар Түвд рүү номын хэлэлцээ мэт­гэлцээн хийхээр очдог болт­лоо өндөр түвшинд хүр­чээ.
Мөн Агваанхайдүвээс гадна тунгалаг цорж Агваан­бал­дан, бичээч цорж Аг­ваан­цэрэн, Шижаа гавж Аг­ваан­дондов, Вангайн аран­жамба Агваан­түвдэн хэмээх эр­дэмтэй лам нар Их Хү­рээнд байсан бөгөөд тэдгээр нь Монголын бурханы шаш­ны түүхэнд Их Хүрээний таван Агваан хэмээн ал­дарш­сан билээ. Тэр цагт мон­­гол нутгийн зүг зовхис бү­­рээс Их Хүрээнд эрдэм номд сурал­цахаар ирэгсэд нэн олон болсон ба тэдгээр нь Хүрээнд шашны боловс­рол эзэмшээд тус тусын ну­тагтаа очиж, сургууль номын хийдээ байгуулж сургалт ном­лолоо явуулснаар Их Хүрээ төвтэй Монголын бур­ха­ны шашны биеэ даасан, монголын гэж хэлэгдэх бү­рэн үндэстэй бурханы шаш­ны ёсыг баттай оршоож чаджээ.
Ер Халхын тавдугаар дүрийн Живзүндамба хутаг­таас наймдугаар дүрийн Жив­зүндамба хутагтын үе хүр­тэлх хугацаанд монгол лам нарын эрдэм чадал онц­­гой сайн болсон байдаг. Үүнд Халхын богдуудын үйлс болон Агваанхайдүв тэргүүтэй эрдэмт лам нарын хи­чээл зүтгэл онц байр суурь эз­лэх юм. Тийнхүү Монго­лын бурханы шашин хөгж­лийн­хөө өндөр түвшинд хүр­­сэн нь хорьдугаар зууны эхэн буюу Халхын наймду­гаар богд Живзүндамба ху­таг­тын үе байлаа. Чухамдаа л Их Хүрээний цорж Чойнзэн ламын айлдсанчлан “Судар тарнийн шашны зул бадарч” байжээ. Харамсалтай нь 1937 онд тохиосон муу ца­гийн хямралаас шалтгаалан мон­голын бурханы шашны соё­лын хөгжилд асар их хохирол учирсан боловч эдү­гээ бурханы шашин соё­лоо эргүүлэн цогцлоохын төлөө монголын бурханы шашинт­нууд хичээн зүтгэж байгаа билээ.
Ашигласан ном зохиол
1. Дилав хутагт БЖамсранжав. Ариун сэтгэл, авралын үндэс. УБ, 2000 он /Эрхлэн хэвлүүлсэн Л.Чойжилсүрэн/
2. Ц.Дамдинсүрэн, Мянган жилийн харьцуулсан хүснэгт, УБ, 1995 он. /Эмхэтгэсэн Ц.Баярсайхан/
З. Цахар гэвш Лувсанцүлтим, Богд Зонхавын намтар. УБ, 2004 он. /Эрхлэн хэвлүүлсэн Д.Наранцэцэг/

Баатар хошуу Ж.Ерөөлт
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
“Лам нарын сэтгүүл” 2010 он. 12 сар №4