Saturday, September 22, 2012

Энэтхэгийн бурхан шашны номын мэргэд

Хутагт Асанга


Эрт цагт Гонда Пэлжид хэмээх хааны үед нэгэн гэлэн өөр нэг гэлэнг “Энэ эхнэр хүний ухаантай” хэмээн хэлсний гэмээр олон төрөлдөө эхнэр хүний төрөл авсаар хожим Буддхадака хэмээх хааны үед ч Пракамашила (Маш гэгээн жам ёст) хэмээх нэрт бирман эмэгтэй болон төржээ. Тэр үед бурханы шашинд гурван үе дайсан гарч шашин нийт хийгээд ялангуяа Авидармын ном ихээр буурсанд тэр эмэгтэй сэтгэл нь тэсвэрлэлгүй байсан бөгөөд хаан язгуурт нэгэн хүүтэй болсон түүнийг бурханы шашныг дэлгэрүүлэхийн тулд бурханы шашинд оруулжээ. Хүү зургаан жил болтол хичээн суралцаад номонд мэргэн болж архад багшаас илбэ хувилгааны торын авшиг авах цагт шидсэн цэцэг нь Майдар бурханы хөрөг дээр унасан тул Гүрвапарвата буюу Шувуун хөлт хэмээн алдаршсан уулын нэгэн хонгилд Майдар бурханыг арван хоёр жил болтол бүтээвч нүүрийг нь бодитой үзсэнгүй  тул уйдаад гадагш гарч, өөр нутаг руу явж байтал, Ацинта хэмээх хотын ойролцоо бөгсөн бие нь өтөөр дүүрсэн цээж бие нь зүгээр бөгөөд хүн рүү хуцагч тийм нэгэн өлөгчин нохойг үзээд нигүүлсэх сэтгэлээр өөрийн гуяны махаас хутгаар огтолж авч, түүндээ нохойн өтийг хийе хэмээн бодоод нүдээ аньж хэлээр өтийг авахаар нохойг гараар тэмтэрвээс нохой баригдсангүйд нүдээ нээж харвал өлөгчин нохой алга болж оронд нь Майдар бурхан заларч байхыг үзэв. Тэгэхэд Асанга Майдар бурханд “Би төдий чинээ их хичээж таныг бясалган атал та дөнгөж сая нүүрээ үзүүлэх тань юун бэ” хэмээн айлтгасанд Майдар бурхан “Тэр бол чиний өөрийн сэтгэлийн түйтгэр бузраас болсон юм. Одоо нигүүлсэхүй сэтгэлийнхээ хүчээр намайг үзсэн юм” хэмээн айлдав. Тэгээд Асанга багш Майдар бурханыг мөрөн дээрээ үүрч хот руу явбаас Майдар бурханыг хэн ч үл үзсэнд сая итгэв. Тэгээд Майдар бурхан Асангааг номт дээлээсээ бариулж нисээд Түшита (Гандан тэнгэрийн орон) оронд хүрээд тэнд Майдар бурханаас номыг сонсоод эргэж Замбутивд бууж ирээд Магадагийн Велүванагийн ойд Дхарманкурану (Номын ногоо) хэмээх хийдэд олон хуврагуудыг хурааж олон номыг айлдан зохиож, сэтгэл төдийтний (Читтамита) журмыг нээв. Бодисадвын гуравдугаар газрыг олж, лагшин найргийн зохилдох чимгээр ч чимжээ. Энэтхэгийн олон газраар аялан ном айлдаж, насныхаа сүүл үед Наландара хийдэд арван хоёр жил орчим сууж, тэрсүүдийн олон хүнийг бурханы шашинд оруулжээ. Их хөлгөний шашныг ихээр дэлгэрүүлсэн гэх бөгөөд Ражгир хотод нирваан болжээ.


Wednesday, August 8, 2012

Энэтхэгийн бурханы шашны номын мэргэд

Нагаржуна багш 

Энэтхэгийн өмнө зүгийн Видарбха хэмээх нутгийн нэгэн бирманы гэрт мэндэлжээ. Түүнийг төрөх үед залагдан ирсэн шинжээч хүн “Зуун эгэл хүнд идээ ундаа өгвөл долоо хоног наслах, зуун бирманд цав цай баривал долоон сар наслах, зуун гэлэнд цав цай өргөвөл долоон жил наслах болно” хэмээн өгүүлсэнд эцэг эх хоёр нь зуун гэлэнд цав цай өргөснөөр долоон жил наслав. Хүүгээ долоон нас хүрэх үед хүүгээ харсаар үхүүлэхийг үл хүсэн өөр нутаг тийш төөрүүлж явуулав. Хүү явсаар Наландара хийдэд хүрч Сараха лугаа уулзсан бөгөөд Сараха түүнд Аюуш бурханы авшиг өгч тарнийг уншуулснаар нас нь нэмэгдээд, тэгээд Рахула хэмээх ламаас найман насандаа тойн сахил хүртжээ. Сарахагаас “Нууц хураангуйн авшиг”, увдис зэргийг сонсож их мэргэн болов. Арван есөн насандаа урьдах сахилын багшаас гэлэн сахил хүртэж, Балдан-Лочин хэмээх нэртэй болов. Мажаа-чэнмо, Гүргэллхаму бурханы шидийг олж, ялангуяа Бхалава хэмээх хүнээс төмрийг алт болгон хувиргах эдийг олж авчээ. Гэвч түүгээр алт болгон хувиргаж эс чадаад архи худалдагч нэгэн хүнээс увдисыг нь сонссоноор төмрийг алт болгон хувилгаж чадах болжээ. Нэгэн удаа их ган болоход Наландара хийдийн нярав болж, хувилгасан алтаа худалдаад  хуврагуудын цав цайг арван хоёр жил болтол бэлтгэсэн байна. 

Нэгэн удаа ном номлон сууж ахуй үед Дакика хэмээх лусын хоёр охин хүний оронд ирж түүнээс ном сонсоод лусын орондоо урин залснаар хүрч очоод сүүлээсээ бага зэрэг дутуу Юмын боть судар, тарнийн олон номыг энэ хүний оронд залж авчирсан тул Нагаржуна буюу Лусын бүтээлч (төвдөөр Лүдүв) хэмээн алдаршчээ. Энэтхэгийн Наландара хийдийн дэргэд зуун найман сүм барьжээ. Хожим Энэтхэгийн өмнө зүгт орших Цогийн уул буюу Ширинагара хэмээх газар, Дар эх бурханы зарлигаар нямба бүтээл хийж байхад нь Шанкара буюу Амгалан явдалт хэмээх хааны бага хүү Басу-Шанти хэмээгчид эх нь муу арга зааж өгч, Нагаржунагийн тэргүүнийг гуйлгасанд өглөг болгон өгөөд, Диваажингийн орноо залрав хэмээн өгүүлдэг. Мөн бас тэргүүнийг нь их биеэс нь гурав, дөрвөн бээрийн зайтай хаясан бөгөөд хожим Шамбалын дайн болох цагт (Бурханы шашны ном зохиолд дурдсанаар бол тэрхүү Шамбалын дайн нь 2423 он орчим болно гэнэ) нийлж амилан босоод амьтанд туслана хэмээсэн домог байдаг. Ханд чин вангийн Дамба аграмбын зохиосон Шамбалын орны тухай өгүүлсэн номонд дурдсанаар бол, Өндөр гэгээний дээд дүр Жонан Даранатын багш нь Нагаржунагийн тэргүүн болон их биеийг үзсэн гэх бөгөөд ягчис бээр тус тусад нь чулуун байшин барьсан нь эдүгээ ойртоод нэгэн бээр төдий болсон байх агаад тэрхүү чулуун байшин нь үүдгүй, хоёр байшингийн хана хоорондоо нийлээд нэгэн цул хад аятай болсон байх ба цонхоор нь харвал тэргүүн, их бие хоёр нт утс тусдаа ширээн дээр байна хэмээн айлдсан тухай өгүүлжээ. (Дайчин вангийн Дамба аграмба, Шамбалд зорчсон нууц тэмдэглэл, Шамбал нийгэмлэг, 2006 он, УБ хот, 82-р тал)  Наян дөрвөн шидтэний түүхэнд өгүүлснээр бол Майдар бурханыг заларч ирэх цагт амилна гэжээ.   

   

Wednesday, August 1, 2012

Мила богдын намтар

Гуравдугаар бүлэг

Өшөөт дайснаа гэсгээсэн нь

Райчүнва дахин асуув. “Багш минь, Та анх эхлээд нүгэлт хар үйлийг хийсэн хэмээн айлдсан тэр чухам юуг хийсэн юм бэ” хэмээн асуухад “Хараал хийж, мөндөр хяруу оруулж хилэнц нүгэл хураасан юм” гэв. “Багш аа, хараал хийж, мөндөр оруулж сурах гол шалтаг нөхцөл нь юу байсан бэ” хэмээн айлтгахад “Би тийнхүү Митодгадхаад үсэг бичиг заалгаж сурч байх үед, Жа-Азагийн адагт нутаглагч нэгэн айл архи айргийг бялхуулсан их баяр хурим хийж, найрын тэргүүнд миний багшийг залж аваачив. Би багшид бараа болж хамт очлоо. Тэр найран дээр архи нь нэн элбэг байсан болон багш мөн өөрийнхөө хишгийг ч надад уулгаснаар би согтож хөлчирсөн байлаа. Багш, тэр айлын өгсөн бэлэг сэлтийг надад өгч “Харьж бай” гээд урьдаар явуулсан учир би багшийн гэрийн зүг явав. Миний архинд согтсон, тэр өдрийн найрны дуучдад сэтгэл татагдсан хоёр нийлэлдэж, дуу дуулмаар санагдаад, угийн эвлэг хоолойтой учир, дуу аялаж, төрсөн гэрийнхээ өмнүүр өнгөрдөг замаар алхсаар байшингийнхаа харалдаа ирэх үед ч дуулсаар явж байлаа.

Ээж маань гэртээ арвай хуураад суун атал хүн дуулахыг сонсоод “Юу билээ, энэ чинь миний хүүгийн дуутай яасан адилхан дуутай хүн бэ. Бид эх үрсийн зовлон нь газар даашгүй байтал миний хүү юу гэж дуулаа аж” хэмээн итгэлгүй харвал, намайг мөн байхыг мэдээд босон харайж, хусуураа зүүн тийш нь,  хутгуураа баруун тийш нь шидээд, тогоон дахь арвайгаа тэр чигт нь түлж орхиод, баруун гартаа шүүр барьж, зүүн гартаа үнс атгасаар, шатаар буухдаа, гишгих газарт нь гишгиж, харайх газарт нь харайсаар гарч, гүйж ирээд, гар дахь үнсээ нүүрэнд цацаж, шүүрээр хэдэнтээ толгой руу цохиод, “Мила Шаравжанцан чамд ийм л хүү төрсөн байна. Чи аль эрт үхэж одоод, бид эх үрст үйл лайгаа орхиод явснаа харж байна уу” гээд ээж минь түрхэн зуур багтран муужирч суун тусав. Дүү маань ч гарч ирээд “Ах минь танд ухаан бодол гэж байна уу, ээжийг та хар л даа” хэмээн уйлсаар суухад, “Чиний хэлдэг үнэн” гээд би ч өөрөө ихэд уйллаа. Бид ах дүү хоёр уйлсаар ээжийн гараас сэгсчин дуудаж байтал удалгүй ухаан орж босоод, нулимс дүүрэн нүдээр над тийш хэсэг зуур харц тогтоон ширтээд “Хүү минь, бидний зовлонд газар цөмөрмөөр атал, чи харин дуулж байна гэж үү. Би, муу хөгшин эх чинь, ухаан санаагаа алдаж, уймарч гүйцээд, уйлахаас өөр чадалгүй болоод байна” гээд гаслан орилоход дүү бид хоёр ч уйлж, гурвуул хэсэг уйлалдлаа. Тэгээд би ээждээ “Ээж минь таны хэлдэг бүгд зөв. Ийм зовлон өөр хаана ч байхгүй. Одоо би ээж таны юу хий гэсэн болгоныг хийе” гэвэл ээж минь “Хүү минь, миний хүсэл бол чи минь бат сайн хуягийг өмсөж, аргамаг сайн морийг унаад, эмээл дээрээ дөрөө жийн давхиж, атаат эдгээр дайсныг шилдэн хөөж ирвээс бах ханах байна. Гэвч тэр одоо бүтэхгүй биз. Тэгэхээр муу арга мэхээр л үзэхээс өөр гарцгүй болсон тул хараал хийх, зүхлэг тавих, мөндөр зуд буулгах энэ гурван аргыг чинээ хэмжээнд нь тултал сураад авга ах, авга эгч тэргүүтэй, эх үрс бидэнд зовлонг өгөгч, энэхүү нутаг орны хүмүүсийг есөн үеэр нь удмыг нь таслах нэгнийг бүтээхийг чамаас горьдож харж сууя даа” гэж хэлэхэд би “Тэгье. Харуулая. Ээж та багшид өгөх бэлэг, миний хэрэглэх хүнс хэрэгслийг аль боломж байгаагаараа бэлдэж өгөөч” гэлээ. Ээж минь хараал сургахаар явуулахын хэрэгцээнд Брэбэданчүн тариалангийнхаа хагасыг зарж, үнэд нь гэрэл цацарсан их одот оюу нэг ширхэг, хазааргүй арслан нэрт цагаан зүсмийн нэгэн морь, хоёр уут будаг, хоёр шуудай тариа авч, хоёр шуудай гурилаар замын хүнс хоолыг бэлдэв. Би Гүнтан нутгийн Лхүндүв донхан хэмээх буурчийн газар хэд хоног байж, замын хань нөхөр сураглаж байтал, Аарий-Дол нутгийн таван хээнцэр хүвгүүн хүрч ирээд, Үйзан руу хараал сурахаар явцгааж байна гэхийг сонсмогц, би тэдэнд “Би ч бас хараал сурахаар явах гэж буй тул та нартай зам нийлье” гэвээс “Болно оо, тэгье” гэж хэлцгээв. Гүнтангийн адагт орших гэртээ дагуулж ирээд хэд хоног тэднийг амраав. Тэгэх зуур ээж минь миний ардуур тэдэнд “Манай энэ хүүд зүрх зориг гэж юу ч үгүй. Та нар шахаж шамдуулан хичээлгэж хараалд маш сайн мэргэшүүлж сургаарай. Энд буцаж ирэхэд чинь би та нарыг шагнана шүү” хэмээн хэлж байв. Тэгээд мориндоо хоёр уут будгаа тэгнэж, оюугаа өвөртөө хийгээд, бид замдаа гарахад ээж минь үдэж, өнө хол газар хамт явсаар, үдлэгийн архийг уухаар бууцгаахад, ээж минь нөхдөд ам захиасыг олонтоо хэлж байв. Ялангуяа намайг зайдуу аваачиж, ээж хүү хоёр салж төвдөхгүй, ээж миний гараас бариад атгалан атгалан, нүдэндээ нулимс мэлтэрүүлж, уйлагнасан дуугаар “Хүү минь, бид эх үрсийн хувь заяа ямар буйг хар. Тэдний хараал бидний хараалтай адилгүй шүү. Тэд хээнцэр энхэрхэн хүүхдүүдийн хараал бол гайхуулж, эд барьц олох гэсэн л төдий байна. Бид эх үрсийн хараал бол зовлонгийн тартагт тулагсдын хараал тул чи зүрх зоригоо гаргадаг юм шүү. Хэрэв зээ, хүү минь чи, нутаг орондоо хараалын шинж гаргалгүй харьж ирвэл, би муу хөгшин эх чинь нүдэн дээр чинь амиа хорлож үхнэ шүү” гэж хэлэв. Ээждээ амлалт тангараг өгөөд бид эх үрс салан явцгаахад, би ээждээ сэтгэл хоргодох нь дэндүү болж, байн байн эргэн харсаар, уйлж явлаа. Ээж минь ч ганц хүүдээ сэтгэл хоргодон, бидний бараа сүүдрийг тасран тасартал ширтэн харж, уйлан суусаар байсан бөгөөд би ээжрүүгээ эргэж очоод хоромхон зуур уулзаад ирэх үү, яахав хэмээх бодол төрж ээждээ маш их сэтгэл хоргодож байсан минь бид эх үрс дахин хэзээ ч уулзахгүйгээ мэдэрсэн сэтгэлийн зөн байжээ. Биднийг бараа тасрахад ээж минь уйлсаар гэр лүүгээ буцжээ. Хэд хоногийн дараагаас “Нянца Гаржангийн хүү хараал сурахаар явсан гэнэ” хэмээх яриа нутаг оронд ихэд тархжээ.

Бид Үйзангийн замд орж явсаар, Занрон нутгийн Ягдэ хэмээх газар хүрч, тэр нутгийн нэгэн их баян хүнд морь, будгаа зарж, үнэд нь алт авч өвөртлөөд, Занбо мөрнийг арласаар Үйд хүрч очоод Тонлүгра-ха хэмээх газар Үйгийн олон хуврага, бандь нартай уулзаж, тэднээс “Үйд хараал, шившилгэ, мөндөр гуравт мэргэжсэн хэн гэдэг лам байна” хэмээн асуувал нэг бандь хэлсэн нь “Ярлүнжорбо сууринд Няг Юндонтожал хэмээх лам сууж буй. Тэр л хараал шившилгэ зэрэг хатуу тарнид шид олсон хүн дээ” гэсэн бөгөөд тэр бандь өөрөө түүний шавь нь ажээ. Тэгээд бид Юндонтожал ламыг зорьж, Ярлүнжорбо сууринд хүрлээ. Лам лугаа уулзахдаа, тэдгээр нөхөд гарын бэлэг ойр зуурхан төдийгөөс илүү юм барьсангүй. Би алт, оюу бүхнээ өргөөд, үүнээс гадна бие, хэл, сэтгэл гурваа ч өргөе. Миний нутагт жаргалыг минь булаасан хэдэн өрх айл буй тул нутаг оронд шинж тэмдэг гаргах туйлын сайн хараалыг сургахыг зөвшөөрнө үү. Тэр хүртэл хоол хувцасыг ч та болгооно уу” хэмээхэд лам инээмсэглээд “Чиний хэлснийг тунгааж бодоё” гэв. Тэндээс бидэнд туйлд хүрсэн хараалыг заагаагүй. Тэнгэр газрын савсалга нийлэх нь үү гэлтэй санагдахаар цасан шамарга оруулах төдийн муу тарни нэгэн хэдхэн ба мөн бас тустай увдис тарни гарын авлагын хамт нэгээхэн хэдхэн төдийг зааж өгөөд нэг жил орчим болов. Манай нөхөд цөмөөр буцахыг завдаж суусанд, багш лам маань, Үйгийн цэмбээр нэг нэг сайн дээл оёулж тэдэнд өгч байв. Би сэтгэл дундуур болж, эдгээр хараалаар нутагт ямарваа шинж гаргана гэдэг бэрх, хараалын шинж гаргалгүй нутагтаа эргэж очвол ээж амиа хорлож үхэхээс өөр юм болохгүй хэмээн буцах бэлтгэл хийхгүй сууж асанд нөхөд маань “Тойвгоо ч явахгүй бололтой” гэцгээв. “Би явахаар хараал сурсангүй шүү дээ”  гэхэд тэд “Бид нямба тоог нь гүйцээж чадвал энэ бүх гүн увдис бидэндээ болно. Лам багш өөрт нь ч үүнээс илүү юм үлдээгүй биз” гэлцэн байсан бөгөөд “Бидний хувьд хараалын талаар илүү дутуу гэх сэжиг таамаг алга. Багшид илүү юм үлдсэн эсэхийг чи өөрөө харж үз дээ” гэв. Тэд багшид гялайсан баярласнаа хэлцгээж, бэлэг өгөөд, мордоцгооход, би ч багшийн өгсөн дээлийг өмсөөд тэднийг замдаа ортол дагаж үдэв. Эрүүл энхийг ерөөгөөд тэд нутагтаа буцаж одов. Би Ламын хажууд ирэх зам зуур адууны хомоол, үхрийн аргал, нохойн баас гурвыг түүгээд хүрч ирээд, түүсэн хормой дүүрэн тэдгээрийг багшийн өмч тариалан нэгэн буй, түүний захад нүх ухаад булав. Багш өргөөнийхөө дээвэр дээр сууж аснаас намайг харж, хэдэн шавь нартаа “Надад өмнө нь өчнөөн л шавь нар байсан ч үүн шиг халамжтай нь гараагүй. Одоо хойшид ч гарахгүй. Тэр өнөө өглөө надад мэнд сайн суухын ерөөл айлтгахаар ирээгүй тэр нь ч буцаж ирэхийн тэмдэг байж. Тэр анх манайд ирэхдээ “Миний нутагт жаргалыг минь булаасан хэдэн өрх айл буй тул хараал соёрхоно уу, бие хэл сэтгэл гурваа өргөе гэж хэлсэн. Хэлсэн нь үнэн бололтой. Түүний ярьсан тэдгээр зүйл үнэн болох атал хараал зааж өгөхгүй бол хөөрхий болно” гэж хэлснийг нэгэн хуврага надад хэлсэнд лавтайяа ахицтай нэгэн тусгай хараалыг заах нь хэмээн баярлаад багшийн дэргэд очвол багш “Тойвгоо, чи яагаад явсангүй вэ” гэв. Тэгэхэд би лам багшийн өгсөн дээлийг өөрт нь эргүүлэн бэлэг болгож өргөөд, өлмийд нь толгой тулган, “Багш минь, бид эх үрс гурвуул билээ. Авга ах, авга эгч тэргүүтэй нутгийн хэдэн айл өрх дайсагнаж, тун зохисгүй явдал элдвээр биднийг зовоосон юм. Тэдний уршгийг өөрөөр хариулах хүч алга тул ээж минь намайг хараал сургахаар илгээсэн билээ. Би хараалын шинж тэмдэг нутагтаа гартал хийж чадалгүй буцаж харьвал миний нүдэн дээр ээж амиа хорлож үхнэ гэсэн буй тул би явсангүй. Тэгэхээр хэмжээ чинээнд нь тулсан нэгэн хараалыг зааж өгнө үү” хэмээн гуйгаад уйлсанд “Чамайг нутгийнхан чинь яаж зовоосон юм бэ” гэв. Би эцэг Мила Шаравжанцан нас нөгчсөнөөс эхлээд авга ах, авга эгч нарын зовоосон ёсыг уйлагнасан дуугаар дэлгэрэнгүй хэлсэнд лам багш өөрөө ч мэлмэртэл уйлаад, тэр хэрэв үнэн бол арай л зохихгүй юм хийсэн байх тул хараалыг би ч хийсэн болох байна. Тоомсоргүй орхиж болшгүй нь. Ер нь миний энэ хараалын төлөө, дээд Аарий гурван аймгаас алт, оюуг олон зуу, мянгаар нь өргөдөг. Доод Амдо Хамын гурван шилээс сэвсгэр цай, хувцас торгыг олон зуугаар нь өргөдөг, завсар Үйзангийн дөрвөн хошуунаас цэмбэ, нэхий, тос, арвайг хэдэн мянгаар нь л өргөж байдаг. Жар, Дүг, Гон гурван нутгаас сарлаг, адуу, үхэр, хонийг хэдэн зуугаар нь өргөл болгодог байтал бие, хэл, сэтгэл гурваа өргөе гэсэн хүн чамаас өөр гарсангүй учир чиний тэр үгийг түргэн шинжиж лавлая” гэв. Тэр үед багшид мориноос хурдан, заанаас ч хүчтэй нэгэн шавь хуврага байсан агаад түүнийг миний нутаг руу харуулахаар илгээсэнд тэрээр хурдан буцаж ирээд “Багш минь, Тойвгоогийн хэлсэн үнэн байна. Хараалыг маш сайн өгөх хэрэгтэй болжээ” хэмээснээр багш надад хандан “Анх хам хумхан зааж өгсөн хараал бол чиний хэлсэнд эргэлзэж байснаас болсон юм. Одоо чиний хэлсэн үнэн гэдгийг мэдсэн учир хараалын увдис өгөх, хараал сургах өөр нэгэн хүн рүү явах хэрэгтэй боллоо. Надад улаан хар нүүрт гаригын хараал гэх Хум гэвэл үхдэг, Пад гэвэл муужирдаг нэгэн хараал бий. Түүнийгээ Занронгийн Нүвхүлүн хэмээх газрын Хүлүнба Ёндонжамц хэмээх, эм эмнэлгийн зүйлийг ч мэдэх, мөнхүү тарнийг ч мэдэх нэгэн лам буй түүнд зааж өгсөн юм. Түүнд мөндөрийг хуруугаар хөтлөж оруулдаг нэгэн хараал буй түүнийгээ надад зааж өгсөн юм. Бид хоёр  найз нөхөд болж, надаас хараал сурахаар ирэгч бүгдийг түүнлүү илгээх, түүнээс мөндөр оруулахыг сурахаар ирэгчдийг надад илгээдэг буй. Тиймийн тулд чи ч түүний дэргэд миний энэ хүүгийн хамт очих хэрэгтэй” хэмээн хэллээ.                               


Орчуулсан Ж.Ерөөлт

Өмнөх бүлгүүдийг эндээс уншина уу!

Saturday, July 21, 2012

Аман хууч

1.    Марзан Шаравт өгсөн наймдугаар богдын бэлэг

Их Хүрээний “Бизъяагийн аймгийн” зураач Б. Шарав, наймдугаар богдын зургийг олонтоо зурсан хүн юм. Шарав гуай Богд хааныг гамин цэрэгт баривчлагдаад шоронд хоригдож байсан 1920 оны өвөл Богд хаанд шанагийн малгай өмсүүлж, Их Хүрээний цамын гол чамбоны /цамын бүжгийг дэглэн бүжиглэгч/ адилаар зуржээ. Богд хаанаас сүүлд Марзан Шаравтаа өгөөрэй гэж дүүрэн шар тамхитай, арван хоёр жилийн зураг дүрстэй шаазан хөөрөг, хятад маягийн хийцтэй зузаан цаасан ултай, дан сарьстай хар хилэн гутал, хорин таван лангийн мөнгөн ембүү, ийм гурван зүйлийг дархан цорж Лувсандондовт өгсөн гэдэг. Тэр үед Шарав байгаагүй учир гэртээ хадгалж байгаад Шаравыг нэг ирэхээр нь дуудаж “Богд хаан чамд өгсөн юм. Үүнийг ав” гэсэнд Шарав эхлээд хөөрөгтэй тамхийг авч татсан, дараа нь гутлыг өмсөж, сүүлд нь мөнгийг өвөртөлсөн тул Дархан цорж болон цуг байсан хүмүүс бэлгэдэн магтаж, “Манай Шарав урт удаан наслах нь бололтой. Одоо ч гадуур их тэнэж явахгүй байх. Ер нь мөнгөөр тасрахгүй явах бололтой” гэх зэргээр шинжлэн ерөөсөн гэдэг.

2.  Дуу хөгжмийн хийморь дэлгэрвэл ном сургалтын хийморь доройтдог

Монголын алдартай гавж Зава Дамдин бол Гунгаачойлин дацангийн шавь байсан билээ. Тэрээр бага залуудаа Гунгаачойлинд шинэхэн шавилж сууж байх нэгэн үед цагаан сарын шинийн хоёрны сахиус хурдаг өдөр үеийн нөхдийн хамт дарвиж, хэнгэрэг тулдаг модыг багананд дээсээр чанга хүлж үзүүрийг унжуулаад бусад хөгжмөөс хэнгэрэгийн дууг өндөр гаргахгүйг хичээж, түүндээ үеийн тэд хүүхдүүд баясан сууж байтал, тэдний өмнө талд сууж байсан өвгөн настай нэгэн гирган / насаар ах эрдэмтэй хуврагийг гирган гэж хүндлэн нэрлэдэг/ лам “Хүүхдүүд ээ, цанидын дацанд хэнгэрэгийг багананд чанга хүлдэг нь муу ёр. Дуу хөгжмийн хийморь дэлгэрвэл ном хэлцээний хийморь доройтдог гэдэг юм гэж урьдын гиргачууд айлддаг байсан шүү” хэмээн тэднийг зэмлэжээ. Хожим 1930-аад онд сүм хийдийн үйл ажиллагаа хоригдож хавчигдаж ирэх тэр үед Зава лам гуай “Тэр цагт тэр үгийг сайн ухаарахгүй явсан, одоо бодоход их учиртай үг байж шүү” хэмээж байжээ.

3.    Лам нарт халтай засаг

Нэгэн мянга есөн зуун хорин нэгэн оны зун Ардын журамт цэрэг Их Хүрээнд орж иржээ. Ирэхдээ тэд одоогийн Баянхошууны замаар орж ирсэн байна. Тэр өдөр нь зуны тэргүүн сарын 29-ний өдөр байсан бөгөөд Их Хүрээний Дашчойнпэл дацангийн лам нар Тасганы овоог тахиад бууж байжээ. Тэд лам нарыг бууж ирж байхад араас нь журамт цэргүүд орж ирсэн юм байна. Тиймээс Хүрээний лам нар тэр үед “Лам нарын араас хөөсөн маягтай орж ирлээ, энэ цэргүүд. Энэ ардын засаг лам нарт жаахан халтай засаг болох нь дээ” хэмээн ярилцаж байжээ.  

4.    Утай Гүмбүм явах уу

Нэгэн мянга есөн зуун гучаад оны хэлмэгдлийн үеэр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нэгэн лам нутгийн нэг лам өвгөн дээр морьтой давхиж ирэв. Тэгээд тэр өвгөнөөс нөгөө лам “Чи хө, Утай Гүмбүм явах уу” гэж асуужээ. Нөгөө өвгөн гайхаж, энэ чинь ухаан санаа нь зүгээр байгаа даа гэж бодоод “Явахгүй ээ” гэжээ. Нөгөө лам цааш яваад өөр нэг лам дээр очоод нөгөө асуултаа асуужээ. Тэгсэн тэр лам “Би явна аа” гэжээ. Нөгөө лам “За, тэгвэл маргааш үд дунд явна шүү, бэлтгэлтэй байгаарай” гэж хэлээд давхиад явжээ. Маргааш өдрийн үд дунд “Явна” гэж хэлсэн лам санаж бодсон ч юмгүй, зун болж байсан үе учир гэрээ нимгэлж, дээвэр туургаа буулгаж байв. Тэгтэл үд дунд болж байх үед тэр лам дээврээ буулгаж байснаа шууд харуулдаж ойчоод амьсгаа хураажээ. Энэ үед нөгөө морьтой очсон лам ч таалал төгссөн байжээ. Энэ биеэрээ Утай Гүмбүм орох биш, сүнсээрээ тэнд очиж төрөхийг хэлсэн хэрэг байжээ. Сүүлд “Явахгүй” гэж хэлээд үлдсэн лам амаа барьж “Даанч ингэнэ гэж мэдсэнгүй. Үүнийг нь мэдсэн бол явъя л гэдэг байж” хэмээн шогширч суужээ.  
     
5.    Их Хүрээнд болсон зодоон

1909 оны үед Их Хүрээний Дашчойнпэл дацангийн хэсэг лам монголчуудаа өмөөрч хятад наймаачидтай зодоон хийжээ. Тэр хэрэг нь маш их дуулиан тарьж, олон хүнийг хэрэг ялд оруулах тийм байдалтай болж иржээ. Тэр үед наймдугаар богд Хүрээний хийд сүмүүдэд зарлиг буулгасан нь “Хүрээ даяар Цагаан шүхэрт номыг нэгэн бум тоотой уншиж гүйцээх хэрэгтэй. Тэгвэл энэ зодооны хэрэг намжина” хэмээжээ. Тэр дагуу Хүрээ даяар хэдхэн хоногт цагаан шүхэрт номыг зуун мянга уншсанаар тэр хэрэг амархан дарагджээ.

6.  Уншлагынхаа ачаар бөөгийн хараалаас аврагдсан нь

Нэгэн лам өглөө хуралдаа явах бүртээ “Жамбалцанжод” хэмээх номыг уншдаг бөгөөд уг номыг гэрээс гарахдаа уншиж эхлээд, дуганыхаа үүдэнд ирэхэд төгсгөдөг тийм зуршилтай болсон байжээ. Нэгэн удаа тэр лам нэг бөөтэй маргалдаад, тэгээд нөгөө бөө нь тэр ламд хараал хийжээ. Тэр үед лам унтаж байсан бөгөөд гэрээсээ гараад хуралдаа явж байна гэж зүүдэлжээ. Тэгэхдээ зүүдэндээ ч нөгөө номоо уншиж явна гэж зүүдэлсэн бөгөөд дуганыхаа үүдэнд иртэл нөгөө ном төгсөөгүй байв. Үүнд лам гайхаж “Яагаад ном маань төгсөөгүй байдаг билээ” гэж сэжиглэн бодоод дуганыхаа үүдэнд тасга авч алгаа таштал нойрноос сэрсэн бөгөөд хартал харин нэгэн их гуу жалганы ирмэг дээр ирээд зогсож байжээ. Уг учир нь бөө түүнийг зүүдээр нь хөтөлж хясаа гуу руу унагаж алах зорилготой хараал хийсэн боловч лам нойроосоо сэрсэний ачаар гуу руу унах аюулаас аврагдсан байна.

7.      Богд Зонхавын ачлал

Хуучин Их Хүрээний Дамбадаржаа хийдэд богд Зонхавын томхон хэмжээний баримал байжээ. Түүнийг 1937 оны үед Дамбадаржаагийн хийдийн өмнөх жалганд цээж толгойгоор нь хуваагаад хаяж орхижээ. 1940-өөд онд монголд ял эдлэж байсан оросын 505-р армийн хэдэн хоригдол офицер тэр хавьд ажил  хийж байгаад нөгөө баримлыг босгож толгойг нь залгаад орхисон байна. Гэтэл удалгүй тэдгээр офицеруудын ялыг өршөөсөн тушаал оросоос ирж тэд нутаг буцах болсон аж. Тэгээд тэр хоригдлууд өршөөгдсний баяраа тэмдэглэж, нөгөө бурханыхаа баримлын хажууд суугаад хиам, архи задалж, баримал бурханы хүзүүнд хэлхээтэй хиамаа углаад, мутарт нь папирос тамхи хавчуулж, өөрсдөө ууж идэж суусан байна. Тэр үед түүгээр явж байсан нэгэн монгол хүнийг нөгөө оросууд дуудаж авчраад архи хиамаасаа өгч, түүнд хандан “Танай энэ бог маш сайн бог. Бид энэ богийн ачаар нутаг буцах боллоо” хэмээж байжээ. Тэр баримлыг 1950-аад оны үед Гандантэгчинлэн хийдийн хашаанд авчирч байрлуулсан бөгөөд эдүгээ хүртэл байгаа билээ.

8.    Дацангийн цанто

Дацангийн цанто гэж чойр дацанд шавилагч лам нараас аль их эрдэмтэй хүмүүсийн нэрсийг тэмдэглэсэн бичиг юм. 1960-аад оны үед эдүгээ Гандантэгчинлин хийдийн Дашчоймболд хурж буй Ц. Лувсан гуайн зиндааны /эрт энгийн болсон/ нэгэн хүний нялх хүүхэд нь уйлаад болохгүй байсанд Гандантэгчинлин хийдэд хурж байсан С. Галаарид хэмээх ламаас арга чарга асуувал “Дацангийн цанто” хоёр удаа уншуул гэжээ. Тэгээд тэр лам дацангийн цанто уншсанаар хүүхэд нь зүгээр болж гэнээ. Олон дээд лам нарын алдар нэрийг дуудсаны буян их юм гэж Ц. Лувсан гуай ярив.
   

Monday, July 16, 2012

Цагаан өвгөн

Монголчуудын бурхан шашны соёл түүхэнд гардаг нэгэн шүтээн дүр бол Цагаан өвгөн юм. Монгол цамын урлаг, тэр дундаа Их Хүрээний цамын дэг дотор энэхүү Цагаан өвгөний дүр онц хүндтэй байр эзэлдэг. Дээр цагт Монголын олонхи хүрээ хийдийн цам дээр очсон улс энэхүү Цагаан өвгөний цамнахыг үзэх гэж хичээдэг байжээ. Учир нь Цагаан өвгөний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байсан гэдэг. Цамаас өмнө Хүрээний зурхайч нар жилийн цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөний бүжиг цамыг ашигладаг байжээ. Хэрэв тэр жил өнөтэй сайхан өвөл болж өнгөрөх бол Цагаан өвгөн их найрсаг зантай, Хашан хааны хүүхдүүдтэй тоглон наадах бөгөөд харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутайгаар цамнадаг байна. Иймээс дээр үеийн хөгшчүүл “Энэ жил Цагаан өвгөн зан сайтай байна, сайхан жил болох нь” хэмээн ар гэртээ очиод сонин болгон ярьдаг байсан гэдэг. Цагаан өвгөний нэрийг Цэрэндүг гэж хэлэх нь буй бөгөөд Цэрэндүг гэдэг үг бол түвд үг юм. Монголоор орчуулбал “Зургаан урт настан” гэж хөрвүүлэгдэнэ. Ямар зургаан урт настай зүйлийг хэлж байна гэвэл:
1.Мөнх сүндэрлэх уул, 
2.Мөнхөд урсах рашаан, 
3. Мөнх наст хүн, 
4. Мөнх наст гөрөөс, 
5, Мөнх наст шувуу, 
6. Мөнх наст мод гэсэн эдгээр зургаан зүйл урт наслан мөнхрөх зүйлсийг хэлдэг байна. Энэ зургаа нь Аюуш бурханы адис хүчээр ийм урт наслах шидийг олсон бөгөөд Цэрэндүгийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтдог гэж бэлгэдэн үздэг байжээ. Мөн нөгөө талаар Цагаан өвгөнийг ойн сайхан цэцэрлэгт оршин сууж, амьтны сайн муу үйлийг тольдон сууж, уул усны эзэд савдагийг захиран суудаг гэж үздэг бөгөөд Цагаан өвгөнийг тахилгыг хийвэл хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаалдаг хэмээдэг. Монгол Цагаан өвгөн нь хүн олон сайн сайхан явахын ерөөлийн үгсийг айлдан байхын бэлгэдлээр баруун гартаа эрих барьж, хүмүн олон урт наслахын бэлгэдлээр зүүн гартаа луун толгойт зургаадай таяг барьсан байдаг. Баян сайн явахын бэлгэдлээр цагаан дээлийг өмсөж, газар лусыг захирах бэлгэдлээр барсан гутал өмссөн байдаг байна. 

Monday, July 9, 2012

Алагшаа Агваандандарын зохиосон цайны тахилын номын тайлбар


Уг зохиол нь “Цайны тахилын тайлбар сайн номлолын чандманийн эрхи хэмээгдэх оршивой” хэмээх нэртэй, түвд хэлээр бичигдсэн байна.

Тахилын шүлэг нь:

1.  Өөрийн үлэмжийн тэнгэр Дар эх бурханд мөргөсөн нь:

Удбал цэцгийн дэлбээ адил уужим дээд мэлмийгээр
Үргэлжид амьтаныг хайрт хүү мэтээр тольдох бөгөөд
Өвчин адын зовлонг хоцроолгүй арилган зохиогч
Үлэмж эх таны нигуурыг хагацалгүй сэтгэлдээ баримой.

2. Лам багшид мөргөсөн нь:

Айлдлаар эрхэм зарлигийн далайн төвд хүрээд
Увидасын сэтгэлчлэнхү эрхэт хааныг дөтөд аваад
 Сайн оюун зөвшөөлөөр ертөнцийн үгүйрлийг арилгагч
Тэнцэх ханьсахын нөхөргүй ламын өлмийд сөгдөмүй

3. Лам багш Дар эх бурхан ялгалгүйд мөргөсөн нь:

Тэр мэт нигүүлсэлийн эрхээр болсон гэтэлгэгч эх лугаа
Ялгал үгүй дээд ламд бишрэн сөгдөөд

4.    Зохиолыг эцэст хүргэхийг тангарагласан нь:

Дээдсүүдийн зарлигаас гарсан мэт
Цайн тахилын чандманийн эрхийг номлосугай

5.    Цай хаанаас бий болсон тухай өгүүлсэн нь:

Үүнд цайн тахилын утгыг товч төдий өгүүлэхэд тэр ч I. Цайны түүхийг өгүүлэх, II. Зохиогчийн тухай өгүүлэх, III. Үгийн утгыг өгүүлэх лүгээ гурван болой. Анханд ч гурав бөгөөд Түвдэд гарсан ёс хийгээд Хятадад гарсан ёс ба түүний эрдэм болой.

I.    Цайны түүхийг өгүүлэх нь:

6.    Түвдэд гарсан ёс

Анхан нь урьд Түвдийн номын хааны овог угсааны нэг хаан халуун өвчин тусаж, эм заслын аль нь ч тус болсонгүй тул сэтгэл зовж, ордныхоо дээвэр дээр гараад сууж байтал  нэгэн шувуу нэгэн модны навчийг зууж явсныгаа унагаасан нь хааны өвөр дээр унажээ.  Хаан тэр навчийг усанд хийж буцалгасан чинь усны өнгө нь өөр болон хувирсанд хаан ихэд ууж үзтэл халуун өвчин нь арилжээ. Тэгээд хаан түшмэддээ энэхүү навч ургадаг модыг олж ир хэмээн тушаасан учир түшмэд нь зүг бүрт эрэл сурал болсоор Хятад оронд ургадаг цайны мод хэмээх мөн болохыг олж мэджээ.

Түүнээс эхлэн Түвд оронд цай гэгч бий болжээ. Энэтхэгт тэр үед цай буй болоогүй байсан бөгөөд тэр нь юугаар илэрч байна вэ гэвэл Жовуу Атиша гэгээн Энэтхэгээс Түвдэд ирээд анх Түвдийн Аарий нутагт заларсан бөгөөд тэр үед түүнд цай унд өргөн барьсанд Атиша гэгээн Түвдийн лам нараас “Энэ ундны нэр нь юу вэ” хэмээн асуухад “Үүнийг цай гэдэг, Түвдийн хуврагууд уудаг болой” хэмээн хариулжээ. Атиша гэгээн “Түвдийн хуврагуудын буянаар бүтсэн нэгэн бодис ажээ” хэмээн айлдсанаас илрэн харагдаж байна.

Мөн өөр нэг домог нь цай нь анх тэнгэрийн оронд, тэнгэрүүдийн ундаа байсан бөгөөд тэнгэрийн орны урт наст нэгэн шувуу цайны модны навч дэлбээг энэ дэлхийд хаясан нь  Хятадын Дүнхуан хэмээх хааны хүүгийн дэргэд унажээ. Тэр ханхүү халуурч өвдөж байсан аж. Тэгээд тэр навчийг ханхүү зажилсан чинь халуун нь дарагдсан тул тэр навчтай хамт унасан үрийг газарт тарьснаар Хятад оронд цайны ургамал анх гарчээ гэж ярьцгаадаг.

7.    Хятад оронд хэрхэн цай бий болсон тухай

Хоёрдугаар, Хятад оронд гарсан ёс нь, Хятадын хаадын дээд үе, Сэн – Хуан - Үди хэмээх хааны нагац Шин- Нүн хэмээх хаан, ард иргэдийнхээ бие махбодыг тамиржуулан сайжруулахыг хичээж, анагаан тэжээхүй ухааны олон номыг зохиожээ. Тэрээр цайг Жаа, Чаа, Шээ, Мин, Чон хэмээн таван өөр нэрээр нэрлэсэн бөгөөд цайны модны навч үрийг шинжлээд дээд, дунд, доод гэсэн гурван ангилалд оруулжээ. Тэндээс эхлэн Дэ-Үү хааныг хүртэл хүний биеийг тэжээх зорилго учир бүхий эм тангийн байдлаар хэрэглэж байснаас бус уух ундны ёсоор хэрэглэж байсангүй ажээ. Дэ -Үү хааны үед амьдарч асан Дэ-Үү-Гүн хэмээх нэгэн хүн  цай архи зэрэг ундны тухай  ялган бичсэн шастир “Эряа” хэмээх нэр бүхий нэгэн ном зохиосон байна. Мөн Шин-Лин хэмээх газрын У-Жи-Ца хэмээх нэгэн мэргэн хүн дээрх “Эряа” хэмээх номоор суурь болгож, цайны савыг хэрхэн хийж урлах тухай болон цайг хэрхэн буцалгах ёс, түүнийг хэрхэн уух журам зэргийг нарийвчлан ялгаж бичсэн гурван бүлэг номыг зохиосон нь эдүгээ болтол Хятадуудын дагаж мөрддөг заншил журамын ном болжээ. Тэр мэтээр цайны тухай өгүүлсэн Хятад ном маш их  байдаг боловч энд үг олондохоос айж бичсэнгүй. Түвдэд цайг Жаа, Монгол оронд цайг цай хэмээн нэрлэдэг болсон нь ч мөнөөхөн Хятад хэлний жаа,  чаа хэмээх үг тэр хэвээр шилжин ирснээс бус, Түвд болон Монгол хэлний уугуул үг бус болов уу хэмээн санана.

8.    Цайны чадал эрдмийг өгүүлсэн нь:

 Гурав дугаар түүний эрдмийг өгүүлэхэд Жову Атиша гэгээн Түвдийн Ерваа-Лхари Нямбуу-Гүлд суух цагт цайны тухай магтсан нь “Уухад ам хэлэнд хорлолгүй амгалан, ухаан санааг тодорхой болгодог, бие махбодыг тамиржуулдаг, Түвдийн тойдын буянаас мэндэлсэн амтат хятад цайг буцалгаж авчир” хэмээсэн хийгээд анхдугаар далай лам Гэндэнжамц гэгээн ч “Уухад бие эрхтэнд хорлолгүй, оюуныг тодруулж, билгүүнийг арвитгагч, улаан шар өнгөтэй, гаварын үнэр ханхалсан, зуун төрлийн амт амтагтсан, цай ундаа тэргүүтэн зүй зохист тахилаар тахина” хэмээсэн, мөн бас Хятадын ном шүнгээс “Уухад бие сэтгэлийг амраадаг, өнгө жавхааг нэмүүлэх бөгөөд биеийн тамирыг сэргээдэг гэх зэргээр магтжээ.

II.    Зохиогчийн тухай өгүүлэх нь:

9.    Энэхүү цайны тахил өргөх уншлага номыг зохиогч нь:

Хоёрдугаар түүнийг зохиогч нь, Бромдон Жалвийжунай гэгээний төрөл, Хутагт Жанрайсэг бурхан хүний дүрээр заларсан, Цаст Түвдийн орны итгэл болсон, ялгуусан Гэндэнжамц хэмээн олноо алдаршсан тэр  мөн.

10.    Хаана зохиосон нь:

Зохиосон газар орон нь Майдар бурханы орон Гандан Идгаачойнзэнтэй дүйцүүлж нэр өгсөн Балданбрайбүн номын их хийдийн амрах өргөө бага Гандан ордон хэмээх болмой.

11.    Хэзээ зохиосон нь:

Хэзээ зохиосон нь, бүтээлийн дээд орон Гандан ордон түүнд Ялгуусан Гэндэнжамц тэрээр их богд Зонхава эцэг хөвгүүний нүүрийг бодитой үзсэн бөгөөд тэр цагт нар ч ургасан, Чоймзадбалжорлэгцог хэмээх нэгэн шавь бээр зуун амт төгссөн цагаан цайг өргөх цагт, тэр мэтийн шүтэн барилдлага сайтар чуулсан үед, цайны тахилын шүлэг үүнийг зохиосон нь үйлс түгэн дэлгэрч, Риво Гэндэнбийн номын аймаг өрнө зүгийн Заландараагаас дорно зүгийн Донхуан хаанд тултал түгэх болсон мөн болой.

Ш.  Үгийн утгийг өгүүлэх нь:

12. Зорилго

Гуравдугаар үгийн утгыг өгүүлэхэд зоригдолын зэрэг хийгээд үгийн утга бодит болой. Анханд үндсэн үгийг бариж, тарнийн ёстой холбож өгүүлсэн, далдуур сударын ёстой холбож үзүүлсэн хоёр зүйл болно.

12.    Тарнийн ёстой холбогдох нь:

Анхан нь Дэмчиг, Сандуй, Жигжэд гурав тэргүүтэй ядам алин болохын омогт оршсоорын агаараас “Удирдагч тэнсэлгүй ариун идээтийн хүвгүүн” гэх тэргүүтэн хоёр шүлгийг амандаа өгүүлэх лүгээ сацуу мөрийн зэргийн дамжлагын лам нар нийт, ялангуяа Жову эцэг хүвгүүнээс язгуурын лам хүртэл хийгээд бус бас дандарын дөрвөн аймгийн бурхадын чуулган тэргүүтэн тахилын орныг хоцроолгүй урин залаад, тэндээс “Ялгуусны ганц эцэг зөөлөн эгшигт” хэмээх тэргүүтэн хоёр мөрийн үед гэтэлгэгч Зөөлөн эгшигт лүгээ богд Зонхава хоёр өөрийн зүрхэнд бэлгэ билгийн садувагийн ёсоор оршсонд сүжиглээд урьдын тахилын орон нугууд түүнд шингэснээр бурхан бүгд хурсан чанартайд санана. 

“Адистид нигүүлслийн үүлс тулалцаад” хэмээх тэргүүтний хоёр мөрийн үест цай тэр ямагт мөн чанартаа бэлгэ билгүүн мөн атал, байдал нь цувиралтгүйн рашаанд ургасан ёсонд адистидлаад, “Ганц эцэг, ганц эцэг Зөөлөн эгшигт” хэмээх тэргүүтний нэгэн шүлгийн үест зүрхэнд бясалгасан тахилын орон түүнийг тахиж буйг санах бөгөөд “Өөрийн бие бурханы мөн чанар ямагт” хэмээх тэргүүтний нэгэн шүлгийн үед өөрийн баруун зүүн гарыг гансар лүгсүр, ам тулга, цай түлшний зай хэмээн биширч өөрөө бурханд тодорсоны хэл гэрэл туяаны сувгаар удирдаад зооглосноор өөрийн зүрхний самади садувагийн мөн чанар бурхан бүгд хурсан мөн чанарт мөн агаад, байдал нь хөхөмдөг Хум үсэг түүний толгойд гурван үзүүрт гал бадарсны дунд цайны ундаа тэргүүтнийг цутгаснаар галын хэл ихэд дэлгэрснээс тахилын орон нугууд цувиралгүйн амгалангаар баясах бөгөөд цэнгэхэд санана. Түүгээр жишээд идээ ундаа бүгдэд төгс эдлэх ёс тэр мэтийг үйлдвэл бэтгэ хийгээд усан хаван тэргүүтэн үл гарах бөгөөд хороор үл дийлдэх ба үс цайх хийгээд атираа удаан болох тэргүүтэн ахуй үе ба эцэст тулсан тус эрдэм хязгааргүй болой.

13.    Судрын ёстой холбогдох нь:

Хоёрдугаар бурханы егзүр бусаар зорих ёс нь анхдугаар шүлгийн үед Чадагч ялж төгс нөгчсөн бурханаас язгуурын ламыг хүртэл тахилын орон хэдий чинээ бүгдэд залбирал тавина. Би тэргүүтэн хамаг амьтдын үндсийг адистидлан соёрх хэмээн тахилын орон нугууд ерөнхийг тодруулан тодруулан талбих бөгөөд “Таван зуугийн оройн чимэг” хэмээх тэргүүтнээр Түвдийн цаст орны бүтээлийн шашинд зарлигийн ач үлэмж их Жову богд тэргүүтэн зарлиг увдистны дээд лам нар ба “Ялгуусны ганц эцэг” хэмээх тэргүүтнээр богд Зонхава тэргүүтэн төгс буянтын ёсны дээд лам нар шашинд агуу их үйлдвэр зохиосон лам нарыг тодруулан тависнаас “Ганц эцэг, ганц эцэг” хэмээх тэргүүтний нэгэн шүлгийн үед ялангуяа гэтэлгэгч Зөөлөн эгшигт өөрийн өмнө сууснаас ариун цайн ундааны дээж тахил үүнийг зооглон соёрх хэмээн зүрхний угаас тахилаа хэмээн санана. Энэ номын “Их амгалангийн рашаан” хэмээх хийгээд “Өөрийн бие бурханы лагшины мөн чанар ямагт” хэмээх үгийг бариад дан судрын ёсонд бодитой найруулах шалтгааны барилдлага бага болохноон ч ер судрын ёсны тахилыг өргөх ёс явдалд орохуй тэргүүтнээс гарсан хийгээд ялангуяа их Боди мөрийн зэргээс идээ ундааг үргэлжид үйлдэх хэрэгтэй учраас тэр цагт тэдгээрийн дээжийн тахилыг эс тасалбаас ч чуулган олныг төвөг багаар гүйцээх тул уснаас наашид алинд төгс эдлэхийн дээжээр ч зүрхний угаас тахиж үйлд хэмээн зарлигласанд шүтээд өөрийн эгэлийн үзэгдэл шуналаар  тахилын орон нугуудыг тодруулан тавиад тахих ёс энэ шүнгийн хүчлэн үзүүлсэн утга болох болвуу хэмээн санаад зорилгын зэрэг товч хурааж тусад нь үйлдсэн мөн болой.

Тэр мэтээр үйлдвэл гороор бузардах ч бага болох болоод “Магтахад зохистойг магтсан магтаал”-аас “Та нь өглөгийн орон нугуудын дээд, ариун суудлыг зохиосон ариун мөн” хэмээн гарсан тул болой.

14.    Цайн тахилын шүлгийн үгийн утга нь:

Хоёрдугаар үгийн утга бодитыг өгүүлэхэд анхны шүлэг нь голыг туурвихын урьд одуулах тахилын өгүүлэл хийгээд тахилын орон ерөнхий үзүүлэхийн шүн хоёрдугаар мөн бөгөөд утга нь их нигүүлсэхүй хийгээд ерөөл огоот төгссөний эрхээр номхотгогдхуун нугуудыг нирвааны тивд удирдан зохиохын учир удирдагч их чин зоригоор анханд бодийн дээдэд сэтгэл үүсгэхийн ёсын үүднээс бидний үзүүлэгч энэ лүгээ сацуу бөгөөд тэнсэхийн хань ертөнцийн орон энэ хийгээд сайн цагийн мянган бурханы дотор өөр үгүй учраас тэнсэлгүй, үзүүлэгч тэрээр олноор өргөгдсөн хааны үндэс Ариун идээт хааны хөвгүүнд мэндэлсэн учир ариун идээт хөвгүүн, үзүүлэгч түүний тааллын хөвгүүн болсон гурван цагийн ялгуусан бүгдийн айлдлын эзэн чанар хийгээд энэрэл нигүүлсэл ихийн эзэн чанар Зөөлөн эгшигт хийгээд Майдар ялагдашгүй итгэл бөгөөд эцэг хөвгүүн тэр гурваар жишсэн ялгуусан хөвгүүн лүгээ сэлт бүгдэд залбирал тавимой. Би тэргүүтэн хамаг амьтны үндсэнд хоёр түйтгэр арилах бөгөөд хоёр чуулган гүйцэхэд адистидлагтун хэмээн ерөөсөн нь удирдагч ханьцашгүй ариун идээтийн хөвгүүн, түүний хөвгүүн айлдал хийгээд энэрлийн эзэн, зөөлөн эгшигт хийгээд ялагдашгүй итгэлд залбирал тавина, адистидла хэмээхийн үгийн утга болой. Тэр ч залбирах хэмээх нь айлтгахын нэр бөгөөд талбих хэмээх нь өргөхийн нэр мөн бөгөөд үлгэрлэвэл Субуди бээр Ялж төгс нөгчсөнд өчсөнд Субуди бээр Ялж төгс нөгчсөнд залбирав хэмээх хийгээд хаанд өчив хэмээхийг хаанд залбирав хэмээх мэт хийгээд увьдасыг чихэнд талбихыг сонорт өргөх буй хэмээх мэт мөний тул. Таван зууны оройн чимэг хэмээх тэргүүтний утга нь бурханы шашин таван мянган жил орших хэмээн айлдсан бөгөөд таван мянгуул түүнд ч арван таван зуун жил байгаа учраас тэр мэт арван таван зуун жилийн дотор цаст Түвдэд шашныг баригч дээдэс хэдий чинээ заларсан бүгдийн оройн чимэг болсон нь судар тарнийн эрхэм зарлиг бүгдэд айлдал торолтгүй эрхшсэн Атиша буюу Атиша нь туйл болсон хэмээх мөн бөгөөд тэр мэт Атиша нь Ялгуусан цаглашгүй гэрэл итгэлийн тийн хувилгаан ч мөн бөгөөд алдар өөр самгарди хэлээр Дивамгара бөгөөд дивам нь зул хийгээд гара нь зохиолд орох тул Зулын зохиолт хийгээд түүний тааллын хөвгүүн ертөнцийн эрх хутагт жанрайсигийн хувилгаанд эш үзүүлэхийг олсон Бромдон ринбүчэ буюу эцэг хүвгүүн хоёрт бодитой сүжиглэсэн түүгээр жишээд ялгуусан Зонхавааг хүртэл мөрийн зэргийн лам хэдий чинээ буй бүгдийн таалал үндсэнд их амгаланг өгч үйлдэх цайны ундаа цувиралгүйн рашаанд адистидласан үүнийг тахилд өргөх болой, их энэрлийн үүднээс зооглон соёрх хэмээсэн нь таван зууны оройн чимэг хамгийг айлдагч, цаглашгүй гэрэлт итгэл зулын зохиол, жанрайсэг эрхэт ялгуусан Вром, цувиралгүй рашааны тахилыг болгоо хэмээсний утга болой. Ялгуусны эцэг тэрээр цөвийн цагийн номхотгогдхуунуудын үзэгдэлд гэлэнгийн ёсыг барьсан бөгөөд түүний байдалд хувираад мэндэлсэн орны үүднээс Зонхава хэмээн алдаршсан тэр ямагтаар голлосон тахилын оронд зохистой болой хэмээснээр тахилын бодис доордыг ч рашаанд адистидлаад тэр ч явдалд орохуйгаас эрдмийн орон дээд их нигүүлсэл нүгүүдээр надад энэрэн таалаад миний эдгээрийг таалан болгоо хэмээн айлдсан мэт өглөгийн орон дээд та нар бээр нигүүлслийн эрхээр буян хураахын оронд үүл тулцсан мэт огторгуйн орныг огоот дүүргэхийн ёсоор оршоод цувиралгүй их амгаланг дэлгэрүүлэн үйлдэхийн тухайд рашаанд адистидласан тахил үүгээр цэнгэн зохиогтун хэмээн залбирсан нь “Ялгуусны ганц эцэг зөөлөн эгшигт гэлэнгийн ёсыг барьсан Зонхава, адистид нигүүлслийн үүл тулснаас их амгалангийн рашаанаар цэнгэн зохио” хэмээсэн утга болой.

Ер Зөөлөн эгшигтийг ялгуусны эцэг хэмээн өгүүлэх учир нь урьд гэргийтэн нэгэн бээр бурханд бадар аягыг идээгээр дүүргээд өргөсөнд Зөөлөн цогт бээр Ялж төгс нөгчсөнд идээний дээжийг надад эс хайрлан зоогловол үйлдснийг эс хариулсан болно хэмээн айлтгасанд нөхөд нүгүүд бээр Зөөлөн цогт бээр Ялж төгс нөгчсөнд тус ямар мэт тушаасан буй хэмээн санасан даруй бурханы мутарт барьсан бадар аяга доод зүгийн ертөнцийн орон ганга мөрний хумхийн тоо далан хоёр нөгчсөний доор одсон бөгөөд тэндээс риди хувилгаантан нар эрэвч эс олсон цагт Ялж төгс нөгчсөн бээр Зөөлөн цогтод эрэгтүн хэмээн зарлигласан даруй Зөөлөн цогт бээр тэр дэвсгэртээ суусаар атал мутраа сунгаад бадарыг аваад өргөсөн болой. Тэндээс Ялж төгс нөгчсөн бээр нөхөд нүгүүдэд би урьд суралцахуй болсон цагт Зөөлөн цогт энэ миний багш болоод аврал одуулахуйд байгуулсан бөгөөд бодийн сэтгэлийг үүсгэхүйд оруулж тусыг хүргэсэн мөн тул би бээр үүнд идээний дээжийг эс өргөснөөр тэр мэт болов хэмээн зарлаг болсон мэт урьд бурханы багш болсны үүднээс Ялгуусны эцэг хэмээжээ.

Тэндээс ганц эцэг, ганц эцэг хэмээх тэргүүтний утга нь урьд эцэг нь гэтэлгэгч Зөөлөн эгшигт хийгээд хойд эцэг нь гэтэлгэгч Зонхавад үйлдэхийн ёс хийгээд бас ганц эцэг ганц эцэг хэмээн хоёр удаа өгүүлсэн нь шамдалын үг мөний тул хоёулыг Зөөлөн эгшигтэд үйлдэхийн ёс тэргүүтэн мэргэдийн таалал адилгүй байвч үүнд Ялгуусны хөвгүүн эгэл хутагт бүгдийн ганц эцэг янагуухи бодийн сэтгэл хийгээд ялгуусны хөвгүүн хутагт ямагтын ганц эцэг үнэмлэхүй бодийн сэтгэл бөгөөд ялгуусан хөвгүүд бээр анханд янагуухи бодид сэтгэл үүсгээд тэндээс үнэмлэхүй бодид сэтгэл үүсгэсэн бөгөөд ялгуусан нугууд ч өөрийн угийн гол тэр хоёр ямагтаас мэндэлсэн учир ганц эцэг бөгөөд гэтэлгэгч Зөөлөн эгшигт лүгээ ялгалгүй богд лам Лувсан дагби бал ашидын авралын орон гурван их эрдэнэ тийн гурвын мөн чанар болсон тэр ямагт цаг хэзээд ч хагацалгүй бүтээгчийн зүрхний лянхуад оршоод хэмжишгүй амгаланг өгөхийн рашааны тахил үүнийг таалан соёрх хэмээсэн нь “ганц эцэг ганц эцэг зөөлөн эгшигт, ашидын авралын орон их эрдэнэ, хагацалгүй зүрхний лянхуад оршигтун, хэмжишгүй рашааны тахилыг таалагтун” хэмээсний утга болой.

Өөрийн бие бурханы лагшин хэмээх тэргүүтний утга нь цайны тахил өргөгч шүтээний бодгаль өөрийн биеийг бурханы лагшинд санах бөгөөд тахилын чуулганы орон хэмжээлшгүй өөрт шингэснээр өөрөө бурхан бүгд хурсан мөн чанар ямагтад тодруулаад тахилыг өргөв хэмээн санаж сайн цайны амтанд язгуурын ялгал амтлаг, исгэлэн, гашуун, эхүүн, халуун, давслаг лугаа зургаад ялгах бөгөөд тэр нижгээд нижгээдэд амтлагийн амтлаг, исгэлэний исгэлэн тэргүүтэн зургаа зургаад хуваасны гучин зургаа, тэр нижгээд нижгээдэд ч доод дунд дээдийн ялгал гурав гуравд хувааснаар нэг зуун наймаар жишээд зуун амт тэргүүтэн лүгээ төгөлдөр сайн цайны ундаа рашааны мөн чанартай болсоныг төгс эдлэхийн цагт шуналаас хагацсан ч буюу өөрийн тусад төгс эдлэхийн ундаа өөрөө баясахын шунал тачаал лугаа хагацсан ч хүссэн бүгдэд хэмээх нь ч тоолохын тухайд эс барин бусдын хэрэг огоот төгсгөхийн тулд ямар мэт хүссэн хүссэнд төгс эдлэснээр эрхтний шүтээн бие тэргүүтэн дэлгэрээд цөвийн цагийн богино нас нэгэнд хамт төрсөн их амгаланг сэргээхийн уг дор болсон энэ аяа гайхамшигтай буюу маш тансаг сайхан бөгөөд энэ мэтийн анхааран авлага төдийгөөр ч хоёр чуулганыг амар хялбар гүйцээх болох тул төгс эдлэх ёс энэ мэтэд гарсан нь ч хэтэрхий болсон сайн хувь лугаа төгөлдөр мөн болой хэмээсэн нь “өөрийн бие бурханы лагшины мөн чанар, зуун амтат рашааны шуналаас хагацсан ч хүссэн бүгдэд эдлэснээр их амгалан аяа гайхамшигтай сайн хувьтай” хэмээсний утга болой.

Өөр бас ялгуусны ганц эцэг Зөөлөн эгшигт гэлэнгийн ёс барьсан Зонхава хэмээсэн бөгөөд ганц эцэг ганц эцэг Зөөлөн эгшигт ашдын авралын орон их эрдэнэ хагацалгүй зүрхний лянхуад оршоод хэмээх тэргүүтэнд Энсаа чихний дамжлагын увдисаар номлосон ёс өөр бусад нэг ч байна уу хэмээсэн мэт бөгөөд чихний дамжлагын шашны амин мод дээд ёнзон римбүчэ Ишжанцан-балсамбуу бээр чуулганы номд хайрласан эдүгээ цагийн мэргэний эрхэт Гүнтан ринбүчэ Гончог-дамби - донмэ бээр тэмдэглэн бичиж тавьсан “Гэтлэх мөрийн гэгээ” хэмээгдэх түүнд өөрийн өмнийн огторгуйд солонго гэрлийн гэр байшинд арслант ширээ лянхуа сарны дэвсгэрд Ялгуусан Зонхава хийгээд түүний гурван оронд гурван язгуурын итгэлийг тодруулан тавиад залбирал үйлдэх ёсыг дэлгэрүүлэн айлдсан бөгөөд доош рашаан буулган судлан үйлдэх ёсыг айлдсаны эцэст тэр ямагтаас солонго гэрлийн гэр хүрээ ч захаасаа зэргээр хураагдаж, арслант ширээ ч дээш хураагдаад Богд ламд шингэв. Богд лам ч өөрийн оройгоор доош буугаад зүрхний лянхуа найман дэлбээтийн голд оршсонд бишрээд идээ ундаа тэргүүтний цагт ч өөрөө бээр идэж байна хэмээх бус, Богд ламд өргөж байна  хэмээн үйлдэх хэрэгтэй. 

“Удирдагч ханьцашгүй эхлэлт” энэ нь язгуурын гурвын нийтийн бүтээлийн цайн тахил мөн болохоор түүний цагт хуврагийн газар тэргүүтэнд цайны аягыг хоолойны харалдаа барих хэрэгтэй учир шалтгаан ч тэр мөн хэмээн айлдсан болой. Тиймийн тулд Богд ламын мутрын тэмдэгт лянхуаны дээр очир бариултай илдээр тэмдэглэдэг учир лянхуа Жанрайсэг, очир Очирбани, илдээр Манзушрийг бэлгэдсэн мэт Богд лам язгуурын гурван бурхан лугаа мөн чанар нэгийн учир шалтгааныг сануулахын үүднээс тэр мэт мутрын тэмдэг тэргүүтнийг үйлдэх хэрэг үлэмж буйгаар барахгүй, цайн тахил энэ ямагтыг зохиогч нь Жанрайсэг бодитой мөн хийгээд энэ үест Жанрайсигийг хоолойд тодруулан тавих лугаа цайны аягыг ч түүний харалдаа барих тэргүүтэнд ч учир шалтгаан гэгээн мэдлийн увидсаас мэдэх хэрэг өөр бусад байх бололтой хэмээдэг.

Тэр мэт цай Түвдэд гарсан түүх хийгээд зохиогчийн уг ба цайны эрдмийг өгүүлэхийн зүйл нүгүүдэд үг нижгээд хоёрын дэс дарааг урвуулах төдийгөөс бус их дамжлагат Санжайжамцын тайлбар доторхчлон хийгээд тарни лугаа барилдсан зоригдлын зэрэг лүгээ үгийн зүйлийг нэмсэн үес, Гэндэнжамцын утгын тайлбарын тааллаар суурь болгоод Санжаажамцын тайлбарын үгэнд урвуулан байгуулж өчүүхэн нижгээд үйлдэх бөгөөд Хятадад гарсан түүх ба зорилгын зүйлсийн бичгийг шинээр эмхэтгэн итгэмжилснээр “Цайны тахил тайлбар чандманийн эрхи” хэмээгдэхийг төгсгөн үйлдэв. Үүнээ өгүүлрүүн.

Аяа би нь цөвүүн цагт төрсөн, яруу алдар дэлгэрсэн их лам бус бөгөөд, эд таваарын өглөгөөр олон нөхрийг эс хураасан тул, эрхэм зарлигийг зүгийн хязгаарт арвитгахын хувь бага.
Тэр мэт дор ч шалгаварын төрөлхтөнд ч, өгүүлэх үгээс бусад төрсөн сайн байх бусын тулд, оройг нэвчрүүлэн үүсгээд утгын оньс бүрдсэн, сайн номлол шинэ баярыг мэндлүүлэв.
Үүнд шамдсан буяны хувь нарийнаар, ачлал хүндэтгэлийн эх болсон амьтан өлсөх цангах зовлон даяарыг өнөд холдуулаад, ханьцашгүй дээд амгаланд цэнгэх болтугай хэмээсэн энэ нь Лхасын их ерөөлийн номын хэслэгт Алагшаа Дандар хэмээн дуудуулагч бээр Бээжин хэмээгдэх  их хотын  дээд мэргэд голтийн гарах орон Юнхэ-гүн хийдэд найруулав. 
      

Sunday, July 8, 2012

Чойрын номын эргэн тойронд

Чойр гэдэг нь түвд үг юм. Монголоор номын хүрээ, номын сургууль гэсэн үг юм. Энэхүү дэг сургуулийн ёс Энэтхэгээс үүсэж, Түвдэд боловсрогдон, улмаар Монголд дэлгэрчээ. Бурханы шашны ном сургаалыг тодорхой үгэн томъёонд оруулан харилцан мэтгэлцэж ойлголт авах арга юм. Орчин цагийн шинжлэх ухаанаар бол теором гаргалгаа, математик гаргалгаатай бүдүүлгээр жишиж болох юм. Энэтхэгт энэхүү сургалт арга Наландара хийдэд анх үүссэн бололтой байдаг. Нагаржуна, Аряандэв, Асанга, Басунбанту, Дигнака, Дхармакирти, Зандракирти гэх мэт эртний Энэтхэгийн бурханы шашны эрдэмтэн лам нар чухамхүү энэ мэтгэлцээний аргаар номын ухаарц ойлголтыг авдаг байсан бөгөөд бусдад ч энэ арга томъёолллын үүднээс зааж сургаж байжээ.  Хожим Викрамашила хэмээх их сургууль хийдэд Атиша- Дивамкара гэх мэт эрдэмтэн лам нар мөн энэ сургалтын аргыг хэрэгжүүлсэн. Түвдэд энэ дэг сургуулийг Сажа буюу Сакъяа хийдийн лам нар сайтар боловсруулан хэрэглэсэн байна. Тухайлбал Сажа бандид Гунгаажанцан энэхүү чойр мэтгэлцээний аргаар сайтар боловсорсон бөгөөд энэ талаар ном ч бичсэн ажээ. Хожим богд Зонхава гэгээнтэн болон түүний шавь нарын үндэслэсэн шарын шашины буюу Гэлүг урсгалын хийдүүд болох Брайбүн, Сэра, Гандан хийдүүдэд байгуулагдсан дацангууд нь энэ чойр сургалтын аргыг улмаар нарийвчилсан тогтолцоонд оруулжээ. Үүнд чойрын таван зарлиг боть гэж алдаршсан Энэтхэгийн мэргэдийн айлдсан таван зохиолыг задлан шинжилсэн таван таажод буюу шинжлэлийн ном бий болжээ. Чойрын таван боть гэдэг нь
1.    Шалгадагийн тийн тайлбар – Дхармакирти зохиожээ
2.    Илт онохуйн чимэг – Майдар бурхан айлджээ
3.    Төв үзэлд орохуй – Зандракирти зохиожээ
4.    Илт номын сан – Басубанту зохиожээ
5.    Номхотголын үндсэн судар – Гүнабарава зохиожээ
Монголын их хүрээнд Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзэнлин хэмээх гурван дацан нь чойр цанидын сургалттай байсан бөгөөд одоо энэ уламжлалаараа сургалтаа явуулж байна. Хуучин Их хүрээний цанид чойрын номын мэргэдийн заримыг дурдваас Их Хүрээний хамба номун хан Агваанхайдүв, Их Хүрээний цорж  Агваанбалдан, Шижээ гавж Агваандондов, Сүнгийн аймгийн анги Шагдар, Хардал бээсийн Пунцаг аграмба гэх мэт болно.

    Цанид чойрын дацанд юу тухай судалдаг вэ?

Ер нь Бурхан багшийн айлдвар нь өнгө дүрсээс эхлээд бурханы гэгээн ухааныг хүртэлх зүйлийг бүрэн судалдаг гэж болно. Хүний зургаан эрхтэн, зургаан мэдрэхүй, тэдгээрийн зургаан вишайгаас эхлэж, арван хоёр шүтэн барилдлага, хутагтын дөрвөн үнэн гэх мэтээр нэгэн зуун найман ай савд багтаасан судлагдхууныг судалдаг юм.